Ли Көцян: Авлигын эсрэг кампанит ажил хэзээ зогсохыг хэлэх боломжгүй

 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн  Ерөнхий сайд Ли Көцяны “Financial times” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. 
 

-Ерөнхий сайд аа, тантай дахин Бээжинд уулзсандаа таатай байна. Өмнө нь тантай дэлхийн эдийн засгийн эрсдлийн тухай ярилцаж байлаа.  Та тэр үед надаас уламжлалт бус бодлого эдийн засагт эрсдэл дагуулж байна гэж боддог уу гэж асууж байсан?
 

-Би чиний оронд байсан бол 50 хувь итгэлтэй, 50 хувь эргэлзээтэй байна гэж хариулах байсан.  Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь цаасан мөнгө хэвлэхээс  бага хохирлыг эдийн засагт үзүүлнэ.  Дэлхийн нийтэд тулгамдаж буй санхүүгийн хямралыг давж гарахын тулд бүтцийн шинэчлэл хийх хэрэгтэй.  Гэхдээ дэлхийн улс орнуудын олонх нь энэ алхмыг бараг хэрэгжүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах нь эдийн засгийг эмчлэх арга бөгөд улс орнуудыг хэрэгжүүлэхгүй байгаа нь өвчнийг нь ямар эмээр эмчлэх вэ гэдгийг хэлж өгөөд байхад огт өөр эм хэрэглэж буйтай адилхан юм.
 

-Иен, евро юанийн эсрэг чангараад байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн бусад мөнгөн тэмдэгтэй харьцах ханш сүүлийн саруудад буураад байгаа. Гэхдээ манай улс юанийн ханшийг чангаруулах зорилгоор зах зээлд суурилсан хэд хэдэн механизмыг боловсруулж байна.  Одоогийн ханш бол ерөнхийдөө тогтмол. Үүнээс бууруулахгүй байхад  болно. Мэдээж мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэхийг  ямар ч улс хүсэхгүй. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлэх эрсдлийг бий болгохоос зайлсхийх хэрэгтэй. Харин үүний оронд дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх нь зөв. Өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн бодлого зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй. БНХАУ-ын мөнгөн тэмдэгт үнэгүйдэх нь дэлхийн эдийн засагт ч сайнаар нөлөөлөхгүй байх.

 

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ болон Японы харилцаа өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирч буй тухай мэдээллэх болжээ.  Та үүнтэй санал нийлэх үү?
 

-БНХАУ болон Японы харилцаа тийм муу биш ч, санаанд хүрэхүйц биш.  Гэхдээ аль аль талаасаа харилцаагаа сайжруулахад багагүй анхаарч ажиллаж байна.  БНХАУ болон Японы харилцаа Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан болон Дэлхийн II дайны үеийн эзлэн түрэмгийллээс үүдэн тааламжгүй харилцаатай байсааар ирсэн.  Түүхийг улс орон бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Тиймээс өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хрээгтэй байх. Дайны үед амьдарч байсан хүмүүс одоо байхгүй шүү дээ. 
 

-Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк богино хугацаанд хүрээгээ тэлж байна. Их Британи  ч тус банкны хөрөнгө оруулагч гишүүн улс болсон?
 

-Азийн дэд бүтэц, хөгжлийн банкинд Азийн орнуудаас гадна өөр ямар ч улс гишүүнээр элсэж болно.  БНХАУ олон улсын санхүүгийн системийг дэмжин ажиллах сонирхолтой байгаа.  Түүнчлэн олон улсад санхүүгийн нэгдсэн тогтолцоо бий болгох нь бидний зорьж буй чухал ажлын нэг юм.
 

-Транс-Номхон далайн чөлөөт худалдааны гэрээний талаар та юу хэлэх вэ?
 

-Транс-Номхон далайн чөлөөт худалдаанд БНХАУ нээлттэй хандсаар ирсэн. Манай улсын хувьд бүс нутгийн эдийн засгийн түншлэлийг урагшлуулах бусад улс орнуудтай нээлттэйгээр хамтран ажилладаг. АНУ Транс-Номхон далайн хамтын ажиллагааг санаачилсан бол БНХАУ-ын  хувьд FTAAP буюу Ази, Номхон далайн орнуудын чөлөөт худалдааны бүсийг бий болгох гэрээг санаачилсан. Удаан хугацаанд яригдсан энэхүү гэрээ чөлөөт худалдааны санаачилга  дээр тулгуурласан бүс нутаг даяар хэрэгжих үзэл баримтлал юм. Хэрэв энэ гэрээ амжилттай хэрэгжвэл Транс-Номхон далайн чөлөөт худалдаанаас дутахааргүй өргөх хүрээг хамрах юм. Эдийн засгийн глобалчлал болон худалдааны либералчлалыг дэмжих нь дэлхийн эдийн засгийг хямралаас гаргах гарцын нэг.
 

-БНХАУ-ын Засгийн газар авлигын эсрэг маш хүчтэй кампанит ажил өрнүүлж байгаа. Энэхүү кампанит ажлын хүрээнд олон тооны ялаа, багагүй бар барьсан. Авлигын эсрэг кампанит ажил хэзээ дуусах вэ?
 

-Авлигатай тэмцэх ажиллагаа улс орон бүрийн тулгамдаж буй асуудлын нэг. Авлигын эсрэг кампанит ажлыг тэдэн сарын тэдэнд дуусна гэж шууд хэлэх боломжгүй. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлснээр авлигыг богино хугацаанд зогсоож чадна.
 

-Барууны нэгэн газрын тосны бизнесмэн нэг удаа “Би БНХАУ-д ажиллах хугацаанд хамгийн нэр нөлөө бүхий дарга нар бүгдээрээ авлига авсан тогтоогдон үүрэг ажлаа хүлээлгэн өгч байсан” хэмээж байсан?
 

-Авлигын эсрэг явуулж буй кампанит ажлын улмаас гаднын компаниуд манай улсын компаниудаас харилцаагаа таслахгүй байх гэж найдаж байна.
 

-Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНХАУ-ын талаарх мэдээлэл сүүлийн жилүүдэд нэлээд цацагдах болжээ. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
 

-Одоогоор 60 гаруй орны сэтгүүлч БНХАУ-д ажиллаж байна. Тэдгээр сэтгүүлч манай улсын тухай үнэн зөв мэдээллийг дэлхий нийтэд хүргэж байгаа гэдэгт итгэлтэй байна.  Гэхдээ манай улсын талаар буруу ташаа мэдээлэл цацагдах тохиолдол байдаг. Энэ нь БНХАУ-ыг зорихоор төлөвлөж байсан олон мянган жуулчны бодлыг өөрчлөхөд хүргээд байна. 
                                                                                                                             

“Financial times” сэтгүүл

 Б. Энхзул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)