Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө

Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Баясгалан нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.

Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг аж.

Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсаг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлал ёсоор энэхүү үйл ажиллагаа болсон юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)