Сар шинийн мэндчилгээ

Хотол олноороо тийн унжлагат хэмээх нохой жилээ үдэж, шороон  гахай жилээ угтан буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндийг та бүхэндээ  өргөн дэвшүүлье. Өлзийт үгсийн дээдийг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Улиран одож буй нохой жил “Эрдэнэс-тавантолгой” компанийн хувьд амжилт бүтээл дүүрэн, өгөөжтэй сайхан  жил байлаа. Бид 13 сая тонн нүүрс экспортлож, улсын төсөвт 530 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Төрийн өмчит компаниудаас анх удаа дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөлтэй боллоо. УБ хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад томоохон өөрчлөлт авчрах Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшийг худалдаанд гаргалаа. Гадаад, дотоодын байгууллагуудаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулж, албан ёсоор  хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани боллоо. Ногдол ашиг өгөх эдийн засгийн боломж нөхцлийг бүрдүүллээ. Энэ мэтчилэн олон сайн дэвшил гаргаж, олон үзүүлэлтээр улсдаа тэргүүллээ.

Шороон гахай жилд бид илүү хариуцлагатай, илүү амжилттай ажиллах үүргийг төр, ард түмнийхээ өмнө хүлээгээд байна. УИХ, ЗГ-аас өгсөн чиглэл, хуваарийн дагуу олон улсын хөрөнгийн биржид IPO гаргана. Энэ ажлыг амжилттай хийснээр нүүрс угаах үйлдвэр, туузан дамжуургын систем, усан хангамж, кокс химийн үйлдвэр, Тавантолгой- Гашуун сухайт чиглэлд авто болон төмөр зам барих гэх мэт томоохон  төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. Өмнийн цэнхэр говьд “Эрдэнэс-таван толгойгоор” овоглосон шинэ хот ч сүндэрлэх суурийг тавина.

Нийт монголчууд та бүхэн минь XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилдээ Түмэн олноороо тэнүүн жаргалтай байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ               Б.ГАНХУЯГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)