Д.Содном: Амсхийх завгүй ажиллах нь бидний үеийнхний үүрэг ачаа байж дээ

Дундговь аймгийн НАХХэлтсийн Цагдан сэргийлэх ангийн Гал командын анхны дарга, бэлтгэл хошууч Дагдангийн Содномыг урьсан юм. Буурал даргын ид хийж бүтээж, ажиллаж байсан гэрэлт он жилүүдийн дурсамжаар бидний яриа өрнөсөн. Ингээд хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

-1977 онд Дундговь аймгийн “Гал команд”-ын анхны даргаар томилогдон нэгэн шинэ айлын тулгын чулууг тулах хувь тохиол танд тохиож. Ажлаа хэрхэн эхлүүлж байсан дурсамжаа эргэн сөхөхгүй юү?

-Аймгуудад гал унтраах ангиудыг үе шаттайгаар байгуулж, намайг анх Говь-Алтай аймаг яв гэсэн юм. Би Говь-Алтайн хүн л дээ. Тиймээс нутагтаа яв гэсэн ч би татгалзаад явалгүй үлдсэн юм. Яагаад гэвэл би өмнө нь Алтайд нэлээд хэдэн жил ажиллаад ар гэрийн гачигдлаар хотод шилжиж ирсэн байсан юм. Тийм болохоор тэр учир шалтгаанаа хэлээд яваагүй. Тэгсэн нь бас Өвөрхангай яв гэв. Бас л явсангүй. Нэг хүргэн ах маань тээврийн жолооч байсан юм. Тэр маань зам дагуу орж гарч явахад зүгээр юм Өвөрхангайд оччихооч гэж намайг ятгасан ч би өндөр настай аавыгаа, гэр орныхноо чирээд явахад холдоод байна гээд яваагүй юм. Тухайн үед даргын зөвлөлийн хурлаар ороход нэг дарга нь “Бидний үед тэнд томиллоо гэхэд өмссөн шинельтэйгээ л явдаг байлаа. Гэтэл одооны залуус амьдрал ахуй яриад, элдэв шалтаг шалтгаан тоочоод, яасан ч эрх дархтай, эрх чөлөөтэй болсон юм бэ” гэж л байсан. Дараа нь Өмнөговь явахаас бас мултарч үлдээд, аавыгаа бурхан болсны хойтон жил Дундговь аймаг руу томилогдсон. Тэгээд л Дундговь аймаг руу явсан даа.

Очиход НАХХ-ийн дарга, хурандаа Д.Сайннямбуу, Цагдан сэргийлэх ангийн дарга, хошууч Б.Санжтамжид нар угтан авч, гар сэтгэл нийлэн ажиллахаар болсон доо. Д.Сайннямбуу гуай тэр үед дэд хурандаа цолтой байсан юм. Одоо энэ цагдаагийн комисар Баатаржавын аав шүү дээ. Ингээд л ажилдаа орсон доо.

    Зүүн гар талаас Дундговь аймгийн Гал командын дарга, хошууч Д.Содном, НАХХ-ийн дарга, хурандаа Д.Сайннямбуу, галын байцаагч, дэслэгч Д.Батсуурь нар /1983 он/

-Шинэ зүйлийг эхлүүлж байгаа болохоор батлагдсан орон тооны дагуу алба хаагчдаа шалгаруулж авах, барилга байшинтай болох, засч янзлах гээд ажил ч оволзож өгнө биз дээ? 

-Тэгэлгүй яахав. Харин миний аз болоход Дундговь аймагт зураг төсвийн товчоо гэж байсан юм. Тэнд галын ангийнхаа барилгын зураг төсвийг гаргуулаад, хашаа хороо барих, барилгын сууриа тавих ажилдаа орж байлаа. Хэлтсийн байр, Цагдан сэргийлэх ангийн байр хоёрын нэг өнцөгт нь газар аваад, аврах олсоороо гортиг татаж байгаад л ажлаа эхлүүлсэн. Тэр үед 2000 төгрөг гэдэг маш их мөнгө байлаа. Би ажлаа эхлүүлэх, хашаа худалдаж авч барих гээд яаманд 2000 төгрөг өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгэхэд яамнаас “танай Содном гэдэг нөхөр 2000 төгрөг нэхээд байх юм. Бусад аймгийн галын дарга нар юм нэхэхгүй байхад. Тэр нь ямар учиртай юм бэ, чи нэг нягтлаач” гэж Сайннямбуу дарга руу ярьсан байсан. Би тэртэй тэргүй өмнө нь даргадаа ажлаа танилцуулчихсан байсан болохоор хоёр дарга маань ч нэлээд дэмжсэн. Дээрээс нь АДХГЗахиргааны дарга Г.Чингэл, Намын хорооны дарга Ү.Магсаржав хоёр ч дэмжиж ажиллахаа илэрхийлснээр ажлаа эхлүүлж байлаа.

Тэгэхдээ надад хоёр гурван газрыг санал болгож, засч тордоод авч болох нь уу очиж үз гэсэн. Очоод үзсэн чинь сэтгэлд нэг л хүрдэггүй. Засч сэлбэснээс шинээр барьсан нь дээр санагдаад зургаа хийлгээд авсан. Тэгэхэд хэлтсийн дарга “Содномоо чи говь газар хангай шиг төлөвлөлт хийх юм” гээд би болохоор стандарт нь энэ гэж зүтгээд. Чи тэгээд энэ говь газар хаанаас мод олж наадахаа барих юм бэ, ядаж тавь тавин сантиметр ч болох нь оо хас гэхээр нь “яаж ийгээд олно доо, нэг их холоос биш” гэсэн чинь “Ишш, хэлтэст ганцхан муу ачааны тэрэг байдаг. Тэрийг нь чи ганцаараа эдлэх гээд байдаг. Би 43 хүнтэй, чи хорин хэдийг нэмчихсэн. Их юм зохицуулах болох нь дээ” гэж байж билээ.

Би тэгэхэд аймгийн захиргааны аж ахуйн хашааг худалдаж авсан юм. Түүнийгээ зөөж хашаагаа барих болсон чинь үнэхээр өнөө ганц тэрэг маань надад олдоогүй. Зун болохоор ажилчдын түлээг Чойроос татдаг юм. Тийм ажлаар явчихсан байж таарсан. Тэгэхээр нь ганц муу ус тээвэрлэгчдээ чиргүүл олж залгаад хашаагаа зөөсөн дөө. Хашаа зөөх, барих гээд тэр их ажлыг цэргүүд маань л нугалсан.

-Энэ бүтээн байгуулалтын ажлын хажуугаар алба хаагчдаа сонгож, шалгаруулж авна гэдэг том ажил байгаа биз?

-Цэргийн хэлтэстэйгээ нийлж байгаад цэргээс халагдаж ирсэн залуусыг албандаа авсан. Тэр үед гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн эрчүүд гэдэг чинь ёстой шижигнэсэн сайхан залуус байлаа шүү дээ. Ямар сайндаа миний цэргүүдийг “Содномын адуунууд ирлээ” гэдэг байсан юм. Хэлтсийн байрыг нураах шахтал пижигнэсэн залуус л орж ирнэ шүү дээ. Үгүй ээ мөн сайхан залуус байсан шүү. Тэднийхээ хүчээр их ч ажил нугалсан. Анх ажилд авахдаа чи манайд ажилд орох бол нэгдсэн байранд ирж суу, тэгээд өдөр шөнөгүй ажиллана шүү гэж шаардлага тавьсан. Хашаагаа ч өөрсдөө барьсан, галын барилгаа ч аж ахуйн аргаар өөрсдөө босгосон. Би ч цэргүүддээ “Цэргийн гурван жилээс чинь өөр шүү. Чиний ажлын, амьдралын суурь тавигдаж байна шүү” гээд ярьж өгнө.

Байшингаа барих хөрөнгийг аймгийн захиргаа шийдэж өгсөн юм. Аймагт зурагт, радиогийн станц байгуулах, антенн босгох хөрөнгө тавигдсан байсан юм билээ. Тэрнээс эхний ээлжинд галын барилгаа босгоод авья гэж хурлаараа шийдэж өгч байсан юм. Энэ хооронд хүнтэй сайдах, муудах ч юм гарна. Өвгөөн гэж дал мөрөн дээр нь алгадаж байгаад хэргээ бүтээх цаг ч байна. Гэхдээ ажил их өөдрөг явсаан. Цэдэв гэдэг өвгөн цагдааг барилгын даамлаар тавиад, би өөрөө байцаагч хийж байсан болохоор барилгын зургаа муухан уншина аа. Тэгээд л үзэж тарсан. Байж байгаад л хэлстээрээ суботник хийлгэнэ. Энэ Содном гэж нэг юм ирээд амраахаа байлаа гэсэн яриа хүртэл хэлтэс дунд гарсан л байсан. Тоогоогүй. Даргаа одоо нэг суботник хийгээд, тэрийг нь тэгээд янзалчихая гээд л суботникт гаргана. Суботникийн хүчээр л тэр бүх ажлыг хийсэн дээ.

-Таны нэг дурсамж дээр анхны зурагт радиотой байгууллага болж байлаа гэсэн байсан?

-Байгууллага удирдаад ирэхээр юм юм л зохицуулах хэрэг гарна. Би халтар хултар талхны орос хэлтэй. Тэгээд барилгаа барьж дуусчихаад цэргийн анги дээр очоод цэцгийн мандал болгочихоод байсан хоёр том цэргийн тогоогоо өгөөч гэсэн чинь аваад яв гэнэ. Түүнийг авчраад үүдэндээ тавьчихсан байсан юм. Гэтэл нэг өдөр байрныхаа цонхоор харсан чинь манай ангийн үүдэнд нэг хилийн цэргийн офицер сууж байна. Энэ юун хүн бэ гэсэн “Тантай уулзана гээд хүлээгээд байгаа юм. Нэлээд удаан хүлээж байна” гэлээ. Очоод уулзтал Зүүнбаянд цэргийн анги байгуулагдсан. Цэргийн хээрийн хоолны тогоо хэрэгтэй байгаа юм. Эрээд явж байтал танай энд байна, чи тусал гэнэ. Би ч “Чи тэгвэл надад оронд нь юу өгөх юм бэ” гэсэн “надад цэргийн майхан, палатак л байна” гэж байна. Тэгэхээр нь хоёр тогоог маань дөрвөн палатакаар ав гэсэн тэгье, гэхдээ нэгийг нь арай хуучныг өгнө шүү гээд тогоог маань аваад явсан. Ингээд би дөрвөн сайхан палатактай болчихож байгаа юм. Удалгүй Эрдэнэдалай сум руу хадланд явцгаалаа, манайхан. Би ногооны харшилтай гээд явсангүй. Тэнд очоод манайхан хоёр сайхан палатак гаргаад барьсан чинь хэлтэс хуучин муу майхнаа барихгүй юү. Тэгээд танайх хаанаасаа ийм сайхан шинэ юмнуудтай болчихов, манайх яахаараа хуучин дээл шиг юмтай байж байдаг юм бэ гэцгээж манайхан ч дарга олж ирсэн юм гээд хавьтуулдаггүй гэнэ. Тэгсэн нь хэлтсийн дарга маань “тэр хаанаас тэжээгддэг болоод ингэж тусгаар тогтноод байна” гэхээр нь манайхан бүүр цаашлуулаад “Содном бүгд найрамдах улс” болсон шүү гэсэн байгаа юм. Дараа нь дарга цаад муусайнууд чинь тэгж чи бид хоёрын дунд яс хаяж байна лээ. Гэхдээ чи нэг палатакаа манайд өг” гээд авч байлаа.

Харин тэр зурагт радиотой болдгийн тухайд тэр үед дөнгөж л аймагт зурагт очоод байсан үе юм. Нэг өдөр дарга нарын дэлгүүрээр явж байтал хоёр зурагт байна. Тэгэхээр нь ангидаа нэг, гэртээ нэг зурагт авчихсан. Гэрийнхээ зурагтыг хүүхдүүдийнхээ мөнгөөр авсан. Харин ангид зурагт авах мөнгийг хоёр цэргээ бойн дээр нядалгаа хийлгэж байж олсон юм.

-Ер нь та бүхэн үндсэн үүргээсээ гадна олон нийтийн ажилд их оролцдог байсан юм билээ, тийм үү. Малын хашаа, саравч барих гэх мэтээр?

-Оролцолгүй яахав. Тэр үед чинь улсын төсвөөс хөрөнгө мөнгө өгдөг байсан ч эргээд тодорхой хувийг нь бүрдүүлж өгөхийг шаарддаг байсан юм. Хэлтсийн дарга нүднийхээ шилний дээгүүр хараад л “ийм төсвийн төлөвлөгөө ирсэн байна. Би нэг хуваарь гаргах уу даа” гэнэ. Бид ч хуваарийг нь гаргуулж аваад нөгөө төлөвлөгөө нь биелүүлэх ажилд явна даа. Манай хувьд хоёр ээлжээ тулаа хийлгээд, нэг ээлжийнхнээ аваад бүтээлч ажилд гардаг байлаа. Тэгэхдээ сум нэгдлийн дарга нартайгаа урьдчилаад ярьж тохирно. Хашаа, саравч барих бол материалаа бүрэн бэлтгээрэй гэж бэлтгүүлчихээд гурав, дөрөв хоногт л хашаа саравч барьдаг байлаа. Дэлгэрцогт, Сайнцагаан, Гурвансайхан, Хулд, Луус, Адаацэг сумдад малын хашаа саравч барих, хадлан тэжээл бэлтгэх, аймгийн АДХГЗахиргаа, намын хорооны барилгын гадна талбайн тавцан, “талын туяа” кино театр, 90 ортой эмнэлэг, 100 хүнийг хүлээн авах чадалтай ресторан, айймгийн төвийн болон нисэх онгоцны зам тавих, Сүм хөх бүрд хүүхдийн зуслангийн тохижилт зэрэг томоохон бүтээн байгуулалтад НАХХэлстийн хамт олонтойгоо идэвх санаачлагатайгаар мөр зэрэгцэн ажиллаж байлаа даа. Амсхийх завгүй ажиллах нь бидний үеийнхний үүрэг ачаа байж дээ.

-Удирдах албан тушаалтан бүрт хүнтэй ажиллах өөр өөрийн гэсэн арга барил, баримталдаг зарчим гэж байдаг. Таны хувьд?

-Хүнтэй ажиллах арга барилыг би хөдөлмөрийн баатар Лодойхүү гуайгаас сурсан юм. Нэг удаа уулзаад яриад сууж байтал, “Хүн хэрэгтэй, хэрэггүй олон юмыг мэдэж баймаар байдаг юм. Би зүгээр очоод эхнэр чинь Содномд тэгээд хэлчихээрээ гээд явчихбал тээр хойно Лодойхүү дарга тэгж байсан гэж чамд дуртай дургүй хэлсэн болно. Гэтэл Цэндээ хө Бид ийм ажилтай байгаа юм. Чи Содномд хэлээд хөөгөөд явуулаарай гэвэл хамаагүй өөр шүү. Тэгэхээр алба хаагчдынхаа эхнэр, хүүхдүүдийнх нь нэр усыг, төрсөн он сарыг нь хүртэл мэдэж бай. Төрсөн өдрийг нь яаж тэмдэглэж байна, юу дутагдаж байна гэдгийг нь мэдэж, тусалж, дэмжиж бай. Тэгвэл ямар ч ажилд авгай нь хүртэл хөөгөөд явуулдаг юм” гэж хэлж байсан юм. Би ч хэдэн цэргүүдтэйгээ наадаж, наргиж, аашилж, олон янзаар л үзэж тарж явлаа. Лодойхүү гуайн гаргасан хүнтэй ажиллах арга, туршлагын номыг авч хэрэглэж байгаад, тэтгэвртээ гарахдаа Төгсдөө өгч байсан юм. Батсуурийгаа ЗХУ руу сургуульд явахад орос дэлгүүрээс өөрт нь мэдэгдэхгүйгээр иж бүрэн хувцас бэлтгээд өгч явуулж байлаа. Тэрийг Батсуурь их ярьдагсан. Хожим нь тэгээд Батсуурьтаа ажлаа өгөөд тэтгэвэртээ гарсан даа.

-Дундговь аймагт хэдэн жил ажиллаад тэтгэвэртээ гарав. Өөр ийш тийшээ томилогдоогүй юү?

-Дундговь аймагт 12 ажиллаад 1989 онд тэтгэвэртээ гарсан. Хоёр гурван газарт ирээч гэж дуудаж л байсан. Хэлтсийн дарга маань ч явуулаагүй. Би ч явахсан гээгүй.

-Ингэхэд та Галын байгууллагатай яаж яваад холбогдчихов. Санамсаргүй тохиолдол байв уу, эсвэл?

-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн. Төрийн тахилгат Сутай хайрхныхаа өвөр бэлд төрж өссөн. Бага сургуулиа Тонхил, Тамч гэсэн хоёр сумын сургуулийг дамжиж явсаар дүүргэсэн юм. Яагаад гэвэл, би багадаа ээжээсээ өнчирч үлдээд, аавтайгаа амьдардаг байсан юм. Тийм болохоор манайхны нэг авга эгч намайг өргөж авах гээд дасгана гэж байна байна гэртээ аваачиж суулгаснаар би хоёр сумын сургуульд ээлжилж сурсан хэрэг л дээ. Тэр эгч маань хүүхэд гаргаагүй, хоёр хүүхэд өргөж авсан хүн байсан юм. Харин аав маань би хүүхдүүдээ салгахгүй гээд тэр эгчид намайг өргүүлээгүй юм.

Ингэж явсаар би бага сургуулиа дүүргээд мал эмнэлгийн техникумд хуваарилагдаад, явна гэсэн бодолтой аймгийн төвд иртэл тэнд байдаг манайхны бас нэг эгч “Ийм нялхаараа амьтан газар мэдэхгүй газарт яаж явах вэ. Аймагтаа сургуульд суу” гээд аймгийн 10 жилийн сургуульд суралцахаар боллоо. Гэтэл өнөө эгч маань бас суусан хүнтэйгээ хот руу шилжээд, би аймагтаа үлддэг юм. Тэгээд сургуулиа дүүргээд, хөдөө гараад байтал нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд бөөн юм бужигнаан боллоо. Би 1957, 58 оны үеийн юм яриад байна шүү дээ. Тэгэхээр өнөө эгчийгээ сураглаад орхитол Батсүмбэрийн сангийн аж ахуйн тэнд Мандал өртөөнд байна гэдэг юм. Ингээд би шуудангийн машинд суугаад хот орж ирсэндээ. Ирээд эгч дээрээ очиж ажилд орсон. Тэндхийн цагдаагийн хэсгийн цагдаа хүргэн ахтай их найз, тэднийхээр орж гарна. Тэр хүнд би “цэргийн газарт ажилд ормоор байна. Болдог болов уу” гэж хэлсэн чинь надад бичиг хийж өгсөн. Тэгээд би нэлээд олон хүнтэй хамт шалгалт өгөөд, Цагдаагийн курст суугаад хотын цагдан сэргийлэхэд цагдаагаар томилогдоод ажилласан.

-Тэгэхээр ажлын гараагаа цагдан сэргийлэх хэлтсээс эхэлжээ дээ?

-Тэгсэн. Хотын цагдан сэргийлэхэд хэдэн сар ажилласан юм. Тэгээд нэг өдөр жижүүрт гараад зогсч байтал О.Отгонжаргал генерал явж байгаад намайг хараад энэ хүнийг чинь би авья, манайд хуваарилчих гэснээр би Гал командын хүн болсон юм. Тэр үед О.Отгонжаргал генерал Төв гал командын дарга, ахмад цолтой байлаа.

-О.Отгонжаргал генерал яагаад таныг авахаар шийдсэн юм бол?

-Мэдэхгүй. Тэр үедээ ер юм хэлээгүй. Одоо ч тааралдахаар “Сайн уу, хүү минь” л гэдэг юм. Би тэгж л санаадгүй байдлаар гал сөнөөгч болсон. Тэр үед сайн дарга нарынхаа итгэлийг алдахгүй шүү л гэж бодож байлаа. Ер нь надтай хувь заяаны эрхээр ч юмуу дандаа л сайн хүмүүс таардаг юм. Ажилд орсны дараахан Отгонжаргал генерал нэг сургалт зохион байгуулаад, би тэрэнд нь сайн сурсан юм байлгүй нэг бичиг хийж өгөөд сургуульд яв гэхэд нь яваагүй. Би дээрээ хоёр эгч, дороо нэг эмэгтэй дүүтэй. Эгч дүү нарын айлын хүмүүс болцгоочихсон. Өндөр настай аавтайгаа хоёулхнаа сангийн дөрвөн ханатай гэр бариад амьдардаг байсан болохоор сургуульд явж чадаагүй юм. Харин нэг орос сургагчийн сургалтад суугаад шатны техник бөгөөд салаан туслах гэдэг албатай болсон. Манай салаан дарга Чойжилжав гэж хүн байсан. Завханых билүү дээ. Тасгийн дарга маань “хулгар” Равдан гэж Архангайн хүн байлаа. Улаан тамхи нэг их бүдүүн ороож татна. Надад их ч юм сургасан даа. Би чинь нэлээд бойтог цэрэг байлаа. Төв гал командаас Амгаланд гал гарлаа гэсэн дуудлагаар гараад явахад брезинтэн хувцсаа өмчихөөд дөрвөн товчоо товчлоод, бүсээ бүсэлж амжилгүй л очиж байлаа шүү дээ. Тийм болохоор Равдан дарга биднийг тайван суулгахгүй. Тайван цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага асгаруулна гээд байнга бэлтгэл хийлгэнэ. Төв гал командад дээшээ гардаг төмөр шат бий. Тэрүүгээр гүйлгэнэ. Хүйтэнд хүйтэн төмөр бариад гүйх ч амаргүй шүү дээ. Тэгж байж л бидэнд их юм сургасан даа.

-Шантрах үе байв уу?

-Тэгж хэлэх эрх ч байгаагүй. Сайн дарга нарынхаа итгэлийг алдахгүйсэн гэж л боддог байлаа. Тэгээд гайгүй ажиллаж байсан юм байлгүй дээ, анх удаа аймгуудыг галын байцаагчтай болгоход сургалтад хамрагдаад Говь-Алтай аймаг руу анхны галын байцаагчаар томилогдож, аавыгаа, гэргий хүүхдээ аваад явж байлаа. Тэнд бүхнийг шинээр эхэлсэн. Бүх юм толгой дээр ирсэн. Өмнө нь Ламжав гэдэг хүн гал сэргийлэн хамгаалах байцаагчийн ажлыг хийж байгаад галын байцаагч, сэргийлэн хамгаалах байцаагч гэж хоёр тусдаа болсон хэрэг. Гэтэл бидэнд хэрэг болох ном, гарын авлага ч ховор байсан. Бидний ганц чиглэл авдаг нь “Лувсанбалдангийн цэнхэр” гэдэг ном байлаа. Ажлаа судалгаа, шинжилгээ хийхээс л эхэлж байсан даа. Тэнд зургаан жил ажиллаад том охиныг маань жаахан өвчин ороогоод байсны улмаас өргөдлөө өгөөд хот руу шилжиж ирсэн. Нэг хүүхэдтэй очоод гурван хүүхэдтэй болоод буцаад ирсэн дээ.

-Ирээд гал унтраах 14 дүгээр ангид хуваарилагдсан юмуу?

-Ирэхэд намайг Цэрэнбалжир дарга байцаагч хийж байсан хүнийг урьдчилан сэргийлэх рүүгээ авна гэхээр нь “эмнэлэгт хоол цай зөөнө. Тэгэхээр надад цаг зав хэрэгтэй” гээд 14 дүгээр ангид салаан захирагчаар томилогдож байсан юм.

-Таны дурсамжийг уншиж суухад 14 дүгээр ангид ажиллаж байхдаа тухайн үеийн томоохон галууд дээр ажиллаж байсан юм билээ. Тэр үеийн тухай дурсвал?

-Авто заводын агуулах, Сум, шүдэнзний агуулах, МУИС-ийн номын сан, Арьс ширний НН-ийн Шевроны үйлдвэрийн нитро будгийн цехэд гарсан гал түймэр гээд бараг хорьдугаар зууны сүүлийн хагасын хамгийн том обьектын гал түймэрүүд байсан гэж хэлж болно доо. Яармагт дуудлагаар гал унтраагаад дуусч байтал утсаар Толгойт руу сум, шүдэнзний агуулахад гал гарсан яв гэсэн. Машинд радио станц дөнгөж тавигдаад байсан үе юм. Ус аваад яваад очтол сум тачигнаад жигтэйхэн. Машин маань урд талаараа ойртож болохгүй ухарч дөхөж байлаа.

-Тэр бөөн гал дунд сум тачигнаад байхад яаж ойртох вэ дээ. Харин та нарыг бэртэж гэмтээчихээр байгаагүй юм уу?

-Тэр чинь сум буудаад байгаа юм биш, хонгио нь шидэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гал дунд дарь нь тэсэрч үлдэхээр хонгио нь шидэгдээд байна уу гэхээс сум нь ийш тийш буудахгүй гэсэн үг. Тэгэхэд тэр сумны шидэгдсэн хонгио нь 26 км-т малаа хариулж явсан хүний дэргэд бууж байсан гэж ярьдаг юм. Үнэндээ сумны хонгио, малгай, машин дээр бороо шиг л асгарч байсан. Энэ гал дээр бид ажилласан.

Бас нэг том гал нь Шевроны үйлдвэрийн нитро будгийн цехэд гарсан гал. Нэг баярын үе байсан юм. Шөнө дуудлага ирсэн. Яваад очтол улаан гал. Тэр нь гурван давхарт байдаг цех л дээ. Цэнджав гэдэг цэргийг шат тавиад оруулсан чинь орох арга алга гээд буугаад ирсэн. Тэгэхээр нь холбоочноо гурван давхрын ханын крант ажиллаж байгаа эсэхийг үзээтэх гэсэн ажиллаж байна гэнэ. Тэрнээс бороожуулж, дөлийг бууруулья гэсэн тактикаар ажилласан. Бид тэр галыг маш сайн унтрааж чадсан.

Шевроны үйлдвэрийн манаач нь том ширний үйлдвэрийн манаачтайгаа нитро будгийн цехээс спирт авч уух гэж байгаад гал тавьчихсан байсан. Сум шүдэнзний агуулахын гал ч бас л сэрэмж алдсанаас үүдэлтэй. МУИС-ийн номын сангийн гал болохоор хоёр жижүүр авгай дүрдэг плиткагаар цай чанаад нэгэн рүүгээ авч явахдаа плиткагаа салгалгүй орхисноос болж гарсан байсан. Харин Авто заводын агуулахын галыг тооллогын комиссынхон ажиллаж байгаад тамхи татаад шалны завсраар унагаснаас болоод гарсан байсан.

-Энэ үед бас л танай салаа ээлжтэй таарсан хэрэг үү?

-Би тэгэхэд жижүүрээс буугаад олон нийтийн субботникт оролцоод явж байтал дуудагдсан юм. Үйлдвэрийн обьект руу оруулж болохгүй, агуулахад нь галаа барь гэдэг үүрэг даалгавар өгөгдөж байсан юм. Хариуцаж ажилла гэсэн үүрэг аваад хэд хоног тэр галыг манасан шүү. 11 хоног шатсан юм.

-Яагаад тийм олон хоног шатав?

-Автомашины дугуй хийдэг байсан юм. Тиймээс кавчук ихтэй байсан юм. Мөн гагнуурын шохой байсан. Тэр нь бас устай холилдохоороо буудна аа. Тийм болохоор нэлээд удаан унтраасан юм. Гэхдээ үйлдвэрлэлийн хэсэг рүү оруулаагүй. Ингэж ажиллаж байгаад л Дундговь аймаг руу явсан даа.

“Онцгой мэдээ”сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)