Шанхайн ХАБ-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоо тун чухал

ШХАБ-ын эргэн тойронд

ЭЗХА-ны интеграцидаа эхлээд жинхлэх, дараа нь ШХАБ-д элсэх тухай ярилцах нь оновчтой шийдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч, ШХАБ-ын ээлжит уулзалтад оролцохынхоо өмнө “ШХАБ-ын хамтын ажиллагаанд шат ахиулна” хэмээн Чиндаогийн саммит дээр амласан үгэндээ тохирсон хариу бэлдэх шаардлагатай болсон юм байна гэж ойлголоо. Ээлжит саммит энэ оны зургадугаар сард Бишкект болно. Гэхдээ монголчуудын хувьд энэ уулзалт чухал биш, 2020 онд болох Челябинскийн ШХАБ-БРИКС л онцгой ач холбогдолтой гэдгийг онцолмоор байна. Миний хувьд геополитик судлаач биш, гэхдээ Оросын геополитикийг бага зэрэг сонирхдогийн хувьд хэлэх үг, үзэл бодол байна. Түүнийгээ товч өгүүлэхийн тулд энэ нийтлэлийг тэрлэлээ. Дэлгэрэнгүй мэдэгдэхүүнийг ганц нийтлэлийн хүрээнд олж авах боломж байхгүй, мэдээллийн өргөн цар хүрээтэй сэдэв шүү дээ. ШХАБ-д шат ахиулан элсэх талаар миний бодлыг сонирхсон, ихэд хүссэн уншигчдын асуултуудад хариу өгч чадаагүй яваагаа энд бас хамтатгаж байгааг минь хүлээн авна уу.

“Бүсийн”, “эвсэл” гэсэн статустай ШХАБ дэлхийн геополитикд гарсан өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг дагуулан, стратегийн бодлого, зорилтоо эргэн харах, зарим чиглэлд шат ахиулан өөрчлөх шаардлагатай тулгарч байгаа бололтой.  Энэхүү үүссэн бодит байдлаас үүдэн түүний хүрээнд багтаж байгаа улс орнууд ч ялгаагүй байр сууриа маш тодорхой авч үзэх нь зайлшгүй юм. ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл (30 улсын) дээр ийм яриа үүссэн бололтой бөгөөд ажиглагчийн статустай орнуудад энэ чиглэлийн тодорхой мэдээлэл ирсэн нь дамжиггүй. Үүнтэй учир холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-ын зарим улс орнуудтай, ялангуяа хойд хөрштэйгөө нягт хамтран ажиллах чиглэлд статусаа шат ахиулах байр суурьтай буйгаа илэрхийлсээр байгаа. Засгийн газар ч нэгдмэл байр суурьтайг дашрамд дурдъя.

 

ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх том том төслүүд Монголын ард түмэнд, бидний хойч ирээдүйд асар их ач холбогдлоо өгөх боломжтой нөхцөлүүд юм. Энэ нөхцөлүүд нь гагцхүү ШХАБ-д Монгол Улс бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон нөхцөлд л хэрэгжих үндэслэлтэй бөгөөд ялангуяа, сүүлчийн саммитын үеэр болсон уулзалтууд дээр маш тодорхой илэрхийлэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас нэгэнт тавьж байгаа том амбицтай бодлогууд, олон тэрбумын төслүүд, зарим хөтөлбөр, Оросын нефть, хийн хоолойг Монголоор дайруулан тавих аварга төсөл ШХАБ-ын хүрээнээс гадуур хэрэгжих боломжгүй гэдгийг ямар нэг утгаар Монголын талд ойлгуулахыг оролдсон байгаа. Сайн судлаад байхаар энийг шахалт, тулгалт гэж үзэж бас болохооргүй юм. Энэ бол асуудлын эерэг тал нь. Өөр нэг маш чухал, сөрөг гэмээр хүчин зүйл байгаа. Энэ нь дэлхийн нэгэн туйлт удирдлага үндсэндээ задарч Америк, Орос гэсэн хуваагдал үүслээ. Монгол Улс төвийг сахих санал өгсөн, тэр нь хүчин төгөлдөр байгаа. Хэрэв ШХАБ-д шат ахих санал гаргах л юм бол төвийг сахисан бодлого няцаагдах юм. Европын Холбоо ч нэгэн туйлт удирдлагаас үндсэндээ татгалзаж буйгаа хэлсэн. Чиндаогийн саммиттай зэрэгцээд өндөр хөгжилтэй долоон гүрэн (G7) бүрэн форматынхаа хүрээнд уулзалт хийсэн ч олигтой юм болоогүй, хэрүүл хараалаар үргэлжилж, Трамп хурлыг хаяж гарсан. Түүний дараа Герман, Франц тэднийг дагалдан Норвеги, Австри зэрэг нөлөө бүхий орнууд Азитай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах арга замыг эрж, сүвэгчилж эхэллээ. Европын Холбооноос Их Британи гарах асуудал ч туйлын ээдрээтэй болж байна. Ийнхүү дэлхийн нэг төвт удирдлага задрах процесс бодитой болчихлоо. Үйл явц цааш яаж ч өрнөж мэднэ, сөрөг гээд байсан хүчин зүйл маань эерэг болон эргэхийг ч үгүйсгэхгүй.

Дэлхийн геополитик түргэн өөрчлөгдөж байгаатай уялдуулан ШХАБ, Чиндаогийн саммитаас нэгэн маш чухал баримт бичиг тунхагласан ба тэр нь ШХАБ- ын Шинэ үзэл баримтлал боловсруулах шаардлагын тухай юм. Энэ нь БРИКС-тэй хамтын ажиллагаагаа уялдуулан өргөн программаар довтлох стратегийн бодлого билээ. Энэ бодлогоо 2020 оны Челябинскийн саммитаар батламжлах бололтой. БРИКС гэж юуг хэлээд байгааг дор өгүүлэх болно. Харин энд гурван зүйл дээр ойлголтын зөрүүгээ нэг мөр болгож, асуудалд маш нухацтай хандах шаардлага байгаа тухай хэлье.

1. ШХАБ нь дотроо гурван том форматтай, түүний гагцхүү нэг нь ШХАБ гэж нэрлэгдээд явааг эхлээд ойлгох ёстой. Энэ нь одоогоос 18 жилийн тэртээ ШХАБ эхлээд үүссэнтэй холбоотой бөгөөд, харин БРИКС, Еврaзийн ЭЗХА-ны интеграци хэмээх блокууд сүүлд үүссэн юм. Манайх ШХАБ ба ЭЗХА-ны интеграцид ажиглагчийн статустай, харин БРИКС (хамгийн чухал блок)-д контактын түвшний статустай байгаа юм. Яг эндээс харахад ШХАБ-д элсэхгүйгээр хамтын ажиллагаандаа шат ахиулах боломж их байгаа.

2. ШХАБ-д Монгол Улс жинхэнэ гишүүнээр элсэнэ гэж хэн ч, хаана ч хэлээгүй. Одоо юу юугүй элсчих гээд сандаргаад байгаа юм шиг хэвлэлээр шуугиад байгаа нь улс төр, аль эсвэл ард олны санаа бодлын тандалт байх. Ажиглагчийн статусыг шууд жинхлүүлэх боломж байхгүй. Учир нь ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийн тулд Монгол Улс Меморандум гаргаж, өргөх ёстой. Үндсэндээ болзол гэсэн үг бөгөөд үүнийг ШХАБ судалж үзэн дараагийн саммитаараа буюу хоёр жилийн дараа шийдвэр гаргадаг. Меморандумаа өргөн барьчихаад элсэж чадаагүй найман жил болж байгаа улс ч байна. Яах вэ, Монгол Улсыг яаралтай горимоор элсүүлж болно гэсэн Захирлуудын зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, тэглээ ч хоёр жилийн дотор шийдэгдэх эрх зүйн орчин байхгүй. Бодох цаг хангалттай байна гэсэн үг.

3. ЭЗХА-ны интеграцид жинхэнэ гишүүнээр элсэхгүйгээр ШХАБ-д элсэх боломж байхгүй. Тэгэхээр ЭЗХА-ны интеграцидаа эхлээд жинхлэх, дараа нь ШХАБ-д элсэх асуудлаа ярилцах нь хамгийн оновчтой шийдэл байх болно. Ийм хандлага нь ШХАБ-д элсэх чиг хандлагаа алдаагүй, нөгөө талаасаа шат ахисан бодит байдал болох юм.

Шат ахисан байр суурь гэдгийг доорх гурван зүйлээр ойлгож болно. Үүнд: 

1. Ажиглагчийн статусаас бүрэн эрхт гишүүнээр элсэхээр Меморандум өргөх. Монгол Улсын Ерөнхийлөгч Чиндаогийн саммит дээр үг хэлэхдээ ард түмнээр хэлэлцүүлж эхэлсэн тухайгаа  илэрхийлсэн. Энэ нь байж болох асуудал, учир нь ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны программ нь 2023 оноор дуусгавар болж, шинэ программын асуудал мөдхөн яригдана. Гэхдээ дахин гурван жилийн төлөвлөгөө гэгчийг гаргахаар Чиндаогийн саммитаар тохиролцоцгоосон нь энэ байгууллагын 20 жилийн ойн босгон дээр шинэ программ дэвшүүлэх гэж байгаа нь тодорхой юм. Энэ стратегийн чанартай баримт бичиг нь гишүүн орнуудын Меморандумаас үндсэндээ бүрдэл болдог. Меморандум гэдэг нь гишүүнд элсэхдээ тухайн орноос өргөсөн санал (үндсэндээ болзол) байдаг юм байна. Меморандумыг ард түмнээс санал аван хэлэлцүүлж болно, тэгэх нь ч дээр. ШХАБ-ын Хартид зааснаар бол гишүүнээр элсэх санал гаргаснаас хойш хоёр жилийн дараа элсүүлэх асуудлыг хэлэлцдэг юм байна. Гэхдээ Энэтхэг (oдоо гишүүн), Монгол Улс хоёрыг онцгой авч үзэх талаар Төрийн Тэргүүнүүдийн Зөвлөл (ТТЗ)-д гаргасан Путиний санал хүчин төгөлдөр хэвээр байгааг бас харгалзах л байх. ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг энэ удаа түдгэлзвэл яасан юм бэ гэж хэлэх гээд байна л даа.

• ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг энэ удаа түдгэлзвэл яасан юм бэ. 

• Дэлхийн нэгэн туйлт удирдлага үндсэндээ задарч, Америк, Орос гэсэн хуваагдал үүслээ. 

• ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх том том төслүүд Монголын ард түмэнд асар их ач холбогдолтой.

Mеморандумаа бид боловсруулан 2020 оны шинэ үзэл баримтлалд нэгдэн орно гэдгээ илэрхийлэхэд л том шат ахилт юм. Болгоомжлол талаасаа ч биш, маш энгийн, зүгээр л шинэ программын зорилтуудыг нь хүлээвэл яасан юм бэ. Гэхдээ ард олны санал хуваагдмал байгааг тооцох ёстой бөгөөд геополитик судлалын хэдэн мэргэжилтнүүдтэйгээ хэлэлцвэл оновчтой шийдэл гарах байх. Амбийц эмоци, хуучин Ерөнхийлөгч нарын ятгалга энэ бүгд асуудлыг шийдэх арга механизм биш. ШХАБ- ыг удирдсан улс орнуудын ажлыг эгнээ өргөтгөсөн эсэхээр дүгнэдэг, түүнд бас хөтлөгдөх учир байхгүй ээ. Энэ оны зургадугаар сараас 2020 он хүртэл ШХАБ- ыг ОХУ удирдана, 2020 оны Челябинскийн саммитаар түүхэн программ дэвшүүлэх юм билээ. Тэнд харин Меморандум өргөвөл нэр хүндтэй юм биш үү гэж бодно, яарвал даарна. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Норовтой маш сайн санал солилцох ёстой байх.

2. Евразитай нягт хамтран ажиллах, ялангуяа ЭЗХА-ны интеграцид хамрагдах санал. Энэ санал ШХАБ-д элсэхээ илэрхийлээгүй нөхцөлд биелнэ гэдэг хүндрэлтэй, гэхдээ ШХАБ-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоо тун чухал. Монгол Улсын оролцоогүйгээр зарим зорилт нь хэрэгжих бодит үндэслэл муутай байгаа нөхцөл үүсчихсэнийг бас харгалзах байх. Энэ тухай доор өгүүлэх болно. Дэлхийн геополитикийг даган ШХАБ-ын суурь зарчмыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон гэж судлаачдын үзэж  байгааг үндэслэвэл энэ нь шинээр үүссэн бодит байдалтай гарцаагүй холбоотой болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ыг өөрчлөх бодит байдал үүсчээ гэсэн үг л дээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс ШХАБ-д элсэн орохын өмнө ЭЗXA-ны хүрээнд 14 жил ярьсан зарим асуудлыг бодит ажил болгох тухай конструктив (ШХАБ-ын орнуудын дэмжлэгтэйгээр) санал тавих асуудал байгаа. Чиндаод энэ санал хэсэгчилсэн байдлаар тавигдаж, ялангуяа ОХУ-аас Хятад руу татах газрын тос, шатдаг хийн хоолойг Монгол Улсаар дайруулан тавих асуудлыг хөндсөн. ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путин шийдвэртэйгээр дэмжин хүлээж авсан нь монголчуудын олон жилийн мөрөөдөл биелэх боломж нээлттэй байгааг нотоллоо. ЭЗХА- ны интеграцийн түвшинд оролцож, хамтран ажиллах тодорхой төсөл дээр хүсэлт гаргaчихаад жилийн дараа больё, больё гэж хэлэх боломж, эрх зүйн нөхцөл аль нь ч байхгүй. Тэгэхээр Монгол Улс ЭЗХА-ны интеграцид ажиглагчийн байр сууринаас шат ахиж, жинхэнэ гишүүнээр элсэх санал тавихаас өөр гарц үлдээгүй, тэгэх нь ч зөв. Ийм санал нь Орос, Хятадыг холбосон Эдийн засгийн хөгжлийн коридорын бүтээн байгуулалтад ч том түлхэц болно. ЭЗ-ийн хөгжлийн коридор бол ОХУ-ын санаачилга, Нэг зам-Нэг хөгжил нь Хятад улсын санаачилга, талын зам төсөл нь манай улсын санаачилга. Гэхдээ аль нь эхэлж давамгайлан хөгжих нь хоёр хөршийн маань хоорондын хамтын ажиллагаанаас хамааралтай болов уу гэж боддог. Мега төсөл дагасан асуудлыг бас тооцох ёстой. Хожмын өдөр эдийн засгийн хараат байдалд орчих эрсдэлээс зайлсхийхийн тулд БРИКС банкнаас төслийн санхүүжилт авах санаачилга гаргавал зөв байх.

3. БРИКС-тэй нягт хамтран ажиллах байр сууриа илэрхийлэх ёстой. Хөгжингүй их гүрнүүдийн нэгдэл гэж сүрдэх хэрэггүй, Монгол жижиг орон юм уу. Хэн тэгээд хэлчихсэн юм бэ. БРИКС блокт нэгдэхдээ хөгжлийн том жижгийн критерийг үндэслэл болгоогүй, байгалийн баялгийг суурь үзүүлэлт болгосон нь тодорхой байдаг. Тэгэхээр Монгол Улс байгалийн баялгаараа түрээ барин тэнд ажиглагчийн статустай суухыг эрмэлзэх ёстой. Тэр цагт алт, зэс, үнэт болон ховор металлын дэлхийн үнэ тогтоолтод саналтай, суудалтай болох Монголын мөрөөдөл биелэх болно. Энэ бол Монгол Улсын хөгжил, мандан бадралтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно, нэр хүнд ч өснө.

БРИКС БОЛ G7-ТОЙ ӨРСӨЛДӨХ ЗОРИЛГООР БАЙГУУЛАГДСАН ФОРМАТ

БРИКС гэж юу вэ.

BRICS гэдэг нь анх блокийг үүсгэн байгуулсан Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ- ын нэрнийх нь эхний үсгийн нийлүүлэг. АНУ-ын нэрт эдийн засагч Жим О`Нил английн bricks буюу тоосго гэсэн үгийг билэгдэн үсгийн дарааллыг байрлуулсан түүхтэй. БРИКС нэгдэл өнөөдөр дэлхийн зах зээлд эрчим хүчний 20 хувь, цайг бараг бүхэлд нь, маргенцийн 90 хувь, хромын 60 хувь, алтны 50 хувь, алмаазны 20 хувийг хянаж байна. БРИКС ойрын ирээдүйд залуусыг татах, шинжлэх ухааны ололтыг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлийн санхүүгийн хяналтыг гартаа авах, гишүүн орнуудынхаа ядуусыг дундаж давхаргад оруулах, анагаах ухааныг шинэ шатанд гаргах амбийцтай зорилт тавин эрчимтэй хэрэгжүүлж байна. Дэлхийн хөгжил Ази руу чиглэж байгаа нь бодитой болсоор байна. Залуу эрдэмтдийн том том нээлтүүдийг чөлөөтэй туршаад эхэлчихлээ. BRIKS+YES хэмээн шуугиж байна. “Еэс” гэдэг нь “ЗА” гэсэн үг, нөгөө талаас Youth Expert Society гэсэн утга юм.

ШХАБ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД

Анх 2001 онд байгуулагдсан бүс нутгийн чанартай энэ эвсэл анхнаасаа цэрэг дайны эвсэл байсангүй, харин ч гишүүн орнуудын хил орчмын цэргийн контингетийг буулгах зорилго тавин алхам алхмаар хэрэгжүүлсээр ирсэн цэрэг, эдийн засгийн дундаж байр суурийг баримталсан хүчирхэг холбоо юм. Нийтдээ 34 сая.кв.км талбайг эзэлсэн, дэлхийн хүн амын талыг өөртөө багтаасан тийм том эвсэл энэ дэлхийд ШХАБ-аас өөр байхгүй. ШХАБ-ын ЭЗХА-ны гол чиг шугам нь дэлхийн худалдаанд зонхилж, паритет (purchasing power parity)-ыг байлдан дагуулах зорилго байлаа. Энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй одоо энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Цаашдын ЭЗХА- ны гол чиглэл нь “зам харилцаа, эрчим хүч мөн” гэдэг дээр эргэлзэх хэрэггүй. Учир нь ШХАБ-ын гишүүн том гүрнүүд нь эдийн засгийн суурь бүтцээ (infrastructur) эрчим хүч, зам харилцаа хэмээн зарлачихсан ба тэр чиглэлээ хатуу баримталдаг онцлогтой. ЭЗХА-ны стратегийн хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд зарчмын зөрүүтэй үзэл баримтлал байсаар ирсэн. Путин, Ши Жиньпин нарын уйгагүй оролдлого, санал санаачилгын үр дүнд нэгдсэн дүгнэлт, механизмд хүрч чадсан болох нь Путиний Австрид айлчлахдаа хэлсэн үг, ORF-д өгсөн ярилцлага, Путины БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн мэдэгдлүүд болон Чиндаогийн саммитын явцаас харахад тодорхой байна. ШХАБ нь газар нутгийн хувьд харьяаллаа эрчимтэй тэлэх, БРИКС нь шинжлэх ухааны ололт, санхүүгийн шинэ системийг нэвтрүүлэн дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хянах, Евразийн ЭЗХА- ны интеграци нь худалдаа, зам харилцааг эрхшээлдээ оруулах стратегийн том амбийцтай хэтийн төлөв гарган ажил үүргээ ч ялгаж салган хуваарилж авсан бололтой. Энэ бүхэн 2020 оны Челябинскийн Саммитын үед тодорхой болно.

“Орчин үеийн заналхийллийн эсрэг хамтын хүчээр (консолидаци) сөрөн зогсож шинжлэх ухааны ололт, эдийн засгийн хүчин чадлаар хүч түрэн давамгайлах болно” гэж В.Путин итгэлтэйгээр хэлээд авсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ганц туйлт удирдлага үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

ШХАБ-ын гаргаж байгаа мэдээлэл, санал солилцол тоймгүй их. Зөвхөн 2016-2018 оны хооронд 871 хурал, 363 уулзалт, 327 арга хэмжээ болоод өнгөрчээ. ТАСС- аар дамжуулан өдөрт дунджаар долоон мэдээ цацагдаж байна. ШХАБ-ын ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах ёстой геополитик судлаачид “ШХАБ ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙД” гэдэг том хэмжээний бүтээлтэй танилцсан байх аа гэж итгэж байна. Эх сурвалжийн эмхэтгэл шүү, танилцаж амжаагүй бол заавал танилцаарай.

 

Социологич И.Цэрэнхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)