Доктор Б.Болдсайхан: Ламын гэгээн Лувсанданзанжанцан бол Монголын ууган оточ, оройгүй эрдэмт хүн байсан

НҮБ-ын Био ёс зүйн шинжээч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монголын уламжлалт анагаах ухаан холбооны ерөнхийлөгч асан, “Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал” төвийн удирдах зөвлөлийн гишүүн Бадамжавын Болдсайхантай хөөрөлдлөө.

-Монгол даяар төдийгүй дорно дахинд суу алдраа мандуулсан номын их хүмүүн Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ой энэ онд тохиож байна. Ямархан намтар цадигтай хүн билээ?

-Арванзургадугаар зууны үеийн Халхын өндөр гэгээн Занабазарын наран саран мэт хоёр шавь Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Зая бандида Лувсанпэрэнлэй (1642-1715) хоёр юм. Занабазар өөрийн шавь Лувсанданзанжанцан, Лувсанпэрэнлэй хоёртойгоо шарын шашныг дэлгэрүүлсэн. Халх Монголын газар шашин номын хөлийг суурилуулж, түгээн дэлгэрvvлсэн анхны хүн бол “Ламын гэгээн” хэмээн алдаршсан, бурханы шашны зүтгэлтэн, гүн ухаантан, нэрт оточ, зурхайч Лувсанданзанжанцан болно. Тэрбээр Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингис ургийн алтан аргамжны үзүүрт залгаанд гучдугаар үеийн Хөндлөн цөхүр ноёны хөвгүүн Номун эзний дүү Эрх цөхүр хэмээхийнд арван нэгдүгээр жарны шаргачин туулай жилийн хаврын тэргvvн сарын шинийн арван таванд мэндэлж, таван сүүдэртэйдээ Түвдийн Банчин эрдэнийн эш бошгоор Дашлхүнбэ хийдийн хамбо асан дүвчин Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорч долоон сүүдэртэйдээ Түвдийн газраас “Гачин” хэмээх зарлигийн багшаар нь залж авчирсан Гачин цорж Лувсаняринпилээс тойн хувраг болж, сахилын нэрийг Лувсанданзанжанцан хэмээжээ. Тэрбээр 17 сүүдэртэйдээ Түвдийн Үй Зангийн газар сургууль ломнир хийхээр морилж, тавдугаар Далай лам Лувсанжамц, Банчин эрдэнэ Лувсанчойжалцан нарт бараалхан, багш шавь барьж, номын мэргэд олноор чуулсан Лхас, Дашлхүмбийн газар сурлага боловсролоо дээшлүүлэн, судар тарнийн болон чойрын номыг үзэж, эм зурхайн эрдэмд суралцсан байна. Лувсанданзанжанцан бол Монголын анхны оточ хүн л дээ.

-Ламын гэгээнтэн Монголын анагаах ухаанд чухам ямар гавьяа байгуулсан бол?

-Эртний Энэтхэгийн “Аюурвед” эмнэлэг цаст Гималайн ар бэл дэх сэрүүн бүс нутгийн нөхцөлд зохицон хөгжих явцдаа өмнөх сонгодог уламжлалыг өөрийн үндэсний хөрсөн дээр өсгөн дамжуулсан нь өнөөгийн түвд эмнэлгийн эх суурь болсон. Улмаар арвандолдугаар зуунаас Төв Азийн хангай, говь хосолсон Монгол орны нөхцөлд Энэтхэг-Түвдийн анагаах ухааны тэрхүү уламжлалыг хоёр дахь удаад нь өсгөн дамжуулж шилжүүлэн шинэчилсэн. Энэ эхлэлийг тавьсан хүний нэг бол Ламын гэгээн Лувсанданзанжанцан. Энэ хүн 1685 онд Мамба дацанг анх үүсгэн байгуулж, “Анагаах ухааны дөрвөн үндэс” номыг шинээр барлаж байсан нь Монголд Энэтхэг-Түвдийн анагаах ухаан уламжлан дэлгэрэхийн эхлэл болсон байдаг. Өөрийн бүтээсэн “Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар тодорхой зул” гэдэг номондоо “Анагаах ухааны дөрвөн үндэс” хэмээх сонгодог бүтээлийн доторх “Язгуур үндэс” хэмээхийн агуулга, утга санааг нэг бүрчлэн тайлбарлаж, зарим санааг зохиогчийн зүгээс оруулан дэлгэрүүлжээ.

-Энэ талаарх судалгаа аль хэр хийгдсэн байдаг вэ?

-Бидэнд олдсон судар бичгүүдээс Лувсанданзанжанцангийн бүтээл нь монгол хүн анх удаа түвд хэлээр анагаах ухааны ном туурвиж байжээ гэдгийг батлах баримт яах аргагүй мөн. Лувсанданзанжанцангийн энэхүү бүтээл нь Энэтхэг-Түвдийн анагаах ухааны сонгодог бүтээл болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг эхлэн суралцахад улам ойр дөхөм болгосноороо тухайн үеийн эмнэлгийн сургуульд суралцагчдад гол гарын авлага болж байсан. Энэтхэг-Түвдийн анагаах ухаан дээр суурилан Монголд үүсч хөгжсөн анагаах ухааны сургууль нь цаашид өргөжин дэлгэрч, XVIII-XX зуун гэхэд улиран дэвших зүй тогтлынхоо жам ёсоор хөгжлийн шинэ шатанд орж, “дээд нэгдэл” нь “Монгол уламжлалт анагаах ухаан” гэсэн цогц эрдэм ухааныг бий болгосон. Ингэж Энэтхэг-Түвд-Монголын уламжлалт анагаах ухаан 3500 гаруй жилийн турш өмнөөсөө умар зүг рүү, цаст Гималайн өврөөс ар бэл рүү, нэг ёсондоо халуун бүсээс сэрүүн бүс рүү цаашлаад бүр говь, хангай, тэгш тал, эрс тэс уур амьсгалд зохицон хөгжлийн шаталсан дээд эрчимд хүрсэн түүхтэй. XX зуун гэхэд Монгол, Түвдийн өндөрлөгөөс Алтай, Хангай, Монгол Дагуур, Их Хянган, Дундад Халх, Сибирь, Зүүн Европ хүртэлх өргөн уудам газар нутгийн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн болон нутаг орондоо зохицсон хоол унд, ахуй амьдралын онцлог байдлууд хэвшин тусгагдсан байна. Энэхүү нөр их мэдээллийн санг бий болгоход монгол оточ нарын олон арван бүтээл, тэдний онолын шинэ санаанууд чухал үүрэг гүйцэтгэсэн л дээ. Тухайлбал, XIX зуунд Сүмбэ хамба Ишбалжирын үндсэн өвчний тухай онолын шинэ санаа, эмт бодисыг таних арга зүй болон XX зуунд Архангайн Цахирын Лүнрэг Дандарын өвчтөнд алдаагүй зөв онош тавихад Буддын логикийн магадлан шинжлэх арга, зарчмыг хэрэглэж, одоо, өнгөрсөн, ирээдүйд чухам ямар болохыг тодорхойлох арга зүй зэрэг монгол сонгодог анагаах ухааны эрдмээр улам нарийсгасан онолын болон хэрэглээний шинэ сэвүүн үр дүнг цохон дурдаж болно. Энэтхэг-Түвд-Монгол эмнэлгийн гурван мянга гаруй жилийн түүхэн уламжлалыг харуулах гол сонгодог бүтээлүүдэд тулгуурлан мэдлэгийн өсөлтийн зүй тогтлыг илэрхийлэх оролдлого хийсэн өнөөгийн бидний судалгааны үр дүнд уламжлалт анагаах ухааны онол арга зүйн шинэчлэлт нь IX-X зуунд Түвдэд, XIX-XX зуунд Монголд явагдсан болох нь тодорхой байна. Энэ нь чухамдаа орчин үеийн нөхцөл байдалд тохирсон хамгийн их мэдээллийн санг агуулсан, Энэтхэг-Түвд-Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн хамгийн боловсронгуй үе нь Монгол орноо тохиож байна гэсэн хэрэг юм.

-Энэтхэг, Түвдээс уламжлалт анагаах ухааныг дорно дахины Хятад, Японы анагаах ухаантай холбож ойлгож болох уу?

-Бид энэ үеийг дорно дахины анагаах ухааны нөгөө гол нэг чиглэл болох Хятад, Солонгос, Вьетнам, Японд түгэн уламжилсан уламжлалт анагаах ухааны салбартай хольж хутган уусгах хандлагаас анги тусгай авч үзвэл зохино. Лувсанданзанжанцан монгол анагаах ухааны сургуулийг анх үндэслэснээрээ энэхүү их ололт амжилтыг авчирсан гэдгийг мартаж болохгүй. Тиймээс ч монголчуудын дунд “Монголын ууган оточ” хэмээн алдаршсан юм. Лувсанданзанжанцан 18 наснаасаа Түвдийн Лхас, Дашлхүмбэд шавилан сууж Энэтхэг, Түвдийн мэдлэг ухааны ном судруудыг заалгасан. Түвдэд суралцахаар явахдаа Өндөр гэгээн Занабазарын онцлон захисныг мөрдлөг болгон анагаах ухаан, одон зурхайд шамдан суралцаж, түвдийн оточ Гунгаажанчив, Лувсандамбадаржаа нарт шавь орсон байна. Түвдийн Лхаст эрдмийн цол хамгаалж, оточ эмчийн хамгийн дээд “Лхаржи” цол хүртсэн байгаа юм. Лувсанданзанжанцан их таван ухаанд төгс боловсорч, тухайн салбаруудаараа тодорхой бүтээлүүд туурвиж байсны дотор анагаах ухааны хэд хэдэн номыг түвд хэлээр гаргасан нь түүний сүмбүм зохиолуудын дотор хадгалагдан үлдсэн байдаг.

-Тэр номуудаас нэрлэвэл сонин доо?

-За “Анагаах ухааны язгуур үндэсний тайлбар тодорхой зул” гэж 41 хуудастай ном байна. Удаад нь “Өвчний ялгалыг сайтар өгүүлж тодорхойлсон нь” хэмээх 50 хуудас бүхий ном бий. Мөн “Өвчний үндсийг арилгагч туулгын бүлгийн товчлол” гэсэн гурван хуудас товхимол, “Увдисын рашааны цацрал” гэх 18 хуудас номууд байгаа. Бас “Хорин тавт эмийн аймаг хэсэг” гэх долоон хуудастай ном эдгээр болно. Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан нь бусад мэдлэг ухааны чиглэлээр олон бүтээл туурвисан их эрдэмтэн л дээ. Түүнийг 1704 онд учир битүүлгээр олон удаа мэс өргүүлэн таалал төгссөн тухайд Ламын гэгээний тавдугаар дүр Пэрэнлэйтогмидын зохиосон “Дэчин ламсал дорж даян” нэрт Жадорын дацангийн шар торгон дэглэм бичигт тэмдэглэн үлдээсэн байна. Энэ нь Ламын гэгээний хийдийн олон үеийн лам нарын дотор ам дамжин яригдсаар ирсэн “Чой савна дүд савна” буюу “Ном ихэдвэл хорлол ихэснэ” гэдгийг өгүүлсэн мэт. Лувсанданзанжанцан нь Энэтхэг-Түвдийн анагаах ухааны сонгодог бүтээлд түвд хэлээр олон зүйл тайлбар бичсэн анхны монгол оточ, монгол уламжлалт анагаах ухааны анхны сургуулийг үндэслэснээрээ Монголын ууган оточ хэмээн өргөмжлөгдөх зүй ёсны гавьяатан юм даа.

-Ламын гэгээн Лувсанданзанжанцан судлал төвөөс ямар ажлууд хийж ирэв?

-Манай төвөөс монголчуудын оюуны соёлын өв санг хөгжүүлж, хойч үедээ уламжлан үлдээхэд Эрдэнэбандида хутагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн оруулсан хувь нэмрийг тодруулах зорилгоор 1998, 2008, 2013 онд гурван удаа эрдэм шинжилгээний хурлыг зарлан хуралдуулж, илтгэл-судалгааны ном зохиолуудыг хэвлүүлэн олны хүртээл болгосон.

-Тэгш их ойд нь зориулж ямар буянт үйл зохиох гэж байна?

-Энэ удаа Эрдэнэ Бандида Лувсанданзанжанцаны мэндэлсний 380 жилийн ойд зориулан “Уламжлалт анагаах ухаан” олон улсын симпозиумыг Лувсанданзанжанцан судлал төв, АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны олон улсын сургуультай хамтран энэ оны зургадугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Олон улсын эрдэм шинжилгээний эл хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохион явуулж өгөх санал хүсэлтийг Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогын зөвлөх хатагтай Цоодолын Хуланд албан ёсоор уламжилсан байгаа. Монголын Шашны гурван зулын нэг хэмээгддэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны эрдмийн гэрэлт өлмийд сүслэгч хэн бүхэн эл гэгээн үйлсийг дэмжих байх гэж гүнээ найдаж байна даа.

 

Л.Батцэнгэл

Эх сурвалж: Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Ил тод (66.181.189.160)

    2019-03-06

    Нэгэн түүх _ ЗХУлсаас 1960 аад оны үед Ламын гэгээний нутагт байрлах Шаргалжуут рашааныг судлахаар машин дээр байрлуулсан бүрэн тоноглогдсон лаборатори ирж тэнд байгаа рашаан бүрийн найрлага, халуун хүйтний хэмд бүрэн судалгаа хийжээ. Тэрхүү мэргэжилтнүүд эдгээр рашаанууд нүд, шүд, ходоод, тархи толгой, элэг, бөөр, эр эм бэлэг эрхтэнгүүдийн бүх рашаануудыг судлан шинжлэх багаж төхөөрөмжгүйгээр яаж ингэж тохируулж зөв сонгосныг бишрэн шүтэж байсныг тухайн үед 18 настай одоо 70 гаран насыг зооглож яваа тэр үед бүх рашааны нэрийг крилээр бичсэн одооч түүгээрээ байгаа ахмад багш Жамц дурсан ярьж байсныг уламжлан өргөхөд таатай байна.

  • Оюун (66.181.183.71)

    2019-03-06

    Өөрөө мундаг оточ доо маш даруухан хүн ил гарч ирэхгүй л судалгаа эмчилгээгээ хийж яваа хүн дээ ийм хүмүүс ховордож байнадаа

    Ил тод (66.181.183.71)

    2019-03-06

    Нэгэн түүх _ ЗХУлсаас 1960 аад оны үед Ламын гэгээний нутагт байрлах Шаргалжуут рашааныг судлахаар машин дээр байрлуулсан бүрэн тоноглогдсон лаборатори ирж тэнд байгаа рашаан бүрийн найрлага, халуун хүйтний хэмд бүрэн судалгаа хийжээ. Тэрхүү мэргэжилтнүүд эдгээр рашаанууд нүд, шүд, ходоод, тархи толгой, элэг, бөөр, эр эм бэлэг эрхтэнгүүдийн бүх рашаануудыг судлан шинжлэх багаж төхөөрөмжгүйгээр яаж ингэж тохируулж зөв сонгосныг бишрэн шүтэж байсныг тухайн үед 18 настай одоо 70 гаран насыг зооглож яваа тэр үед бүх рашааны нэрийг крилээр бичсэн одооч түүгээрээ байгаа ахмад багш Жамц дурсан ярьж байсныг уламжлан өргөхөд таатай байна.

  • (202.70.34.70)

    2019-03-06

    Энэ төв хаана байдаг юм бэ?