Ш.Долгор: Допинг оруулж ирж бизнес хийдэг хүмүүсийг л зогсоох хэрэгтэй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын спортын сэтгэл судлалын төлөвлөлт, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, доктор, дэд профессор Ш.ДОЛГОРТОЙ ярилцлаа.

-Олимпын наадам хаяанд ирсэн энэ үед тантай хэд хэдэн сэдвээр ярилцахаар ирлээ. Юуны түрүүнд спортын сэтгэл судлал гэж юуг хэлээд байгаа талаар асууж тодруулъя?

-Спортын сэтгэл судлал гэхээр манайхан зөвхөн тамирчны сэтгэл зүйг хэлдэг гэж ойлгодог. Гэтэл үүнд спортын талбарт үйл ажиллагаа явуулж буй бүх мэргэжилтний сэтгэл зүй хамаарна. Жишээлбэл, тамирчинтай хамгийн ойр ажилладаг дасгалжуулагч, тэмцээн уралдааныг дэнсэлж буй шүүгч, удирдах ажилтны сэтгэл зүй ч хамаарна. Үүнээс гадна үзэгчдийн сэтгэл зүйг дурдах хэрэгтэй. Энэ бүхнээс тамирчин ямар амжилт гаргах нь шалтгаалдаг. Нэг үеэ бодоход залуучууд спортын сэтгэл судлалыг сонирхон судяах хандлага ажиглагдаж байна. Энэ нь манай спортын салбарын эерэг хандлагуудын нэг юм.

-Тамирчинтай хамгийн ойр байдаг дасгалжуулагчийг сэтгэл судлалын чиглэлээр дадлагажуулахад Биеийн тамир, спортын газраас хэрхэн анхаарч байна вэ?

 

-2016 оны Риогийн олимпоос өмнө тамирчин тэмцээн уралдаанд амжилт гаргахгүй байвал дасгалжуулагч өөртэйгөө холбож дүн шинжилгээ хийдэггүй байсан. Ерөөсөө л тамирчны сэтгэл зүйтэй холбоотой гэж ойлгодог байв.

Мэдээж тамирчин сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй үе гэж байдаг. Энэ нь бэлтгэл хангалттай бус, хурд хүч дутмагаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, тамирчны хувьд байх ёстой суурийг нь тавиагүй байж түүнд өндөр шаардлага тавиад байна гэсэн үг юм. Үүнийг ялгаж ойлгохгүй байх тал ажиглагдаад байна. Сүүлийн үед амжилт гаргаж байгаа тамирчин олширч байна. Би 2012 оноос сэтгэл зүйн талд түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний дүнд тамирчин дасгалжуулагчдын  дунд спортын сэтгэл судлалын талаар ойлголттой болсон. Ийм өөрчлөлт гарсан шалтгаан нь 2016 оны Риогийн олимпод манай байгууллагаас дүн шинжилгээ хийж тамирчнаас гадна дасгалжуулагчтай ажиллах ёстойг ойлгосон хэрэг. 2017, 2018 оноос тамирчин, дасгалжуулагчид зориулан олон цагийн сургалт, хөтөлбөрийг зохион байгуулж эхэлсэн. Үүний дүнд тамирчны амжилт гаргах магадлал нэмэгдсэн.

-Гадаадын тамирчид дасгалжуулагч, эмч, сэтгэл зүйчээс нэгдсэн бүтэн багтай тэмцээнд оролцдог. Манайд ийм боломж бий юү. Тухайлбал, спортын сэтгэл судлалаар мэргэшсэн та тамирчин дагаж тэмцээнд оролцож байв уу?

-Тийм тохиолдол байхгүй. Гадаадынхан монгол тамирчдыг сэтгэл зүйгээ сайн бэлтгэсэн гэж дүгнэдэг.

Монгол тамирчдын том давуу тал нь ямар ч үед өөртөө итгэлтэй байдаг явдал юм. Мөн манай тамирчид бусад улс орны тамирчнаас илүү зоригтой байдаг. Энэ нь генээс гадна амьдарч буй газар, орон нутагтай нь холбоотой болов уу.

Эдгээрээс шалтгаалан бид бүх тамирчинтай тулж ажиллах шаардлага гардаггүй. Цөөн тамирчинтай уулзаж, зөвлөгөө өгдөг. Хамгийн гол нь тамирчин өөрийнхөө дутагдалтай талыг олж мэдэх ёстой. Үүний үр дүнд алдаа дутагдлаа амжилт болгож чадна.

-Сургалт хийхэд тамирчин, дасгалжуулагчид хэр идэвхтэй оролцдог вэ?

-Ер нь сургалтад өөртөө санаа тавьдаг хүн болгон ирж оролцох ёстой. Сургалтад хамрагдсан тамирчинд ямар нэгэн байдлаар үр дүн харагддаг. Тэмцээн уралдаанд амжилт гаргадаг. Гэтэл сургалттай, сургалтгүй амжилтад хүрнэ гэсэн бодолтой хүмүүс бий. Бид тэднийг сургалтдаа хүчээр суулгах боломжгүй. Хамгийн гол нь тэдгээр хүн тэмцээн уралдаанд амжилтгүй оролцсоноо сэтгэл зүйтэйгээ холбон тайлбарлавал бид хүлээж авахгүй. Токиогийн олимп хаяанд ирлээ. Бид тэмцээн уралдаандаа дүн шинжилгээ хийж, цааш ямар зүйлд анхаарах ёстойгоо тодорхойлоод явж байна. Манай үндэсний шигшээ багт тамирчин шапгаруулж авахдаа нэг зүйлд анхаарахгүй байгаа нь томоохон дутагдал юм. Өөрөөр хэлбэл, тамирчны амжилтыг харгалзан шигшээ багт авчихдаг. Гэтэл бусад улс оронтой харьцуулахад тамирчны шалгуур бага байна. Үүнээс шалтгаалж шигшээ багт орсон тамирчид олон янз байгаа юм. Үүнийг мэдсэн зарим дасгалжуулагч тамирчнаа сургалтад хамруулдаг. Үр дүнд нь амжилт гаргадаг. Гэтэл дасгалжуулагч сэтгэл зүйчийг үл ойшоовол тамирчин мөн адил үйлдэл үзүүлдэг. Тиймээс би ‘‘Дасгалжуулагчийн философи” номоо бичсэн.

Тамирчин амжилт гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс гадна тухайн тамирчин нийгэмд ямар нөлөө үзүүлэхийг харгалзан үзэх ёстой юм. Бусад улс орон яадаг вэ гэхээр тухайлбал, АНУ-ын хувьд сагсан бөмбөг үндэсний спорт. “Мөрөөдлийн баг”-аас илүү сайн үзүүлэлттэй сагсчид гудамжинд нь байдаг. Тэдний амжилт гаргахыг нь бодолцож шигшээ багт авч болно. Гэхдээ хэзээ ч тийм зүйл болохгүй. Учир нь, гудамжинд тоглож байгаа нөхөд ёс зүйгүй болохоор тэднийг шигшээ багт авдаггүй. Гэтэл манайд ийм зүйл байхгүй. Сайн муу, суурь хүмүүжил, боловсрол ямар байхаас үл хамааран дэлхийн аваргаас медаль авчирсан тохиолдолд шигшээ багтаа авчихдаг. Тэгэхээр бидний спортыг харах өнцөг өөр байгаад байгаа юм. Нэгэн жишээ дурдъя. Бид 2017 онд Куба улс руу явсан. Тэнд шигшээ багт орох гэж байгаа тамирчинтай нэг жилийн гэрээ хийдэг. Үүний учир нь, тухайн тамирчин бэлтгэлээ хийхийн зэрэгцээ мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Хэрвээ хангалттай дүн авч чадахгүй бол шигшээ багаас шууд хасдаг юм билээ. Тиймээс бид одооноос тамирчдаасаа “Ес зүйтэй бай” гэж шаардах хэрэгтэй.

-Тамирчин карьераа өндөрлүүлснийхээ дараа сэтгэл зүйн асуудалтай тулгардаг. Үүнд тамирчин төдийгүй дасгалжуулагч хэрхэн анхаарах ёстой вэ?

-Энэ маш хүнд асуудал болдог. Учир нь, тухайн тамирчин бэлтгэл сургуулилт хийж, тэмцээнд оролцох жилүүддээ вакумжсан байдаг. Карьераа дуусгаад юу хийх эсэх нь тодорхойгүй буюу боловсролдоо анхаараагүйтэй холбоотой. Тухайн тамирчин ганцхан бэлтгэл хийхдээ анхаарал хандуулсны сөрөг дагавар нь гарч ирдэг. Тиймээс бид одооноос ямар эрин зуунд амьдарч байгаагаа бодох шаардлагатай. Өнөөгийн мэдээллийн эринд тамирчин булчингийнхаа хүчээр аварга болсон бол мөн мэдлэг боловсролоо ч мундаг байхыг шаардаж байгаа хэрэг юм. Ийм шаардлагад тэнцэх хүнийг бид бэлтгэж байна уу гэдгийг харах цаг ирсэн байна. Тиймээс судлаач хүний хувьд тамирчдыг “сур, сур, сур” гэж хэлмээр байна. Гэтэл манай зарим тамирчин шигшээ багт ороод санаа нь амарчихдаг. Шигшээ багт багтах нь туйлын зорилго байсан мэт санагдаж байгаа юм. Энэ нь тамирчдын хувьд алдаа болдог.

-Танай байгууллагаас сэтгэл зүйн зөвлөгөө авч, тамирчиндаа анхаардаг дасгалжуулагч хэр олон байна вэ. Ийм ямар холбоо байгааг та нэрлээч? 

-Хамгийн бүтээлчээр ажилладаг нь пара хөнгөн атлетикийн холбоо юм. Мөн пара пауэрлифтингийг нэрлэж болно. Түүнчлэн цана, тэшүүрийн холбоо байна. Мөн 2016 оны олимпын наадмын өмнө таеквондогийн холбооныхон нэлээд идэвхтэй ажилласан. 2016 оноос хойш жүдо бөхийн холбооны дасгалжуулагчид сургалтад идэвхтэй хамрагдаж байна. Харин чөлөөт бөхийнхөн ерөөсөө орж ирээгүй.

-Монголчууд багийн спортод амжилтад хүрэхгүй гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Ганцаарчилсан тоглолт хийхгүй л бол амжилт гаргах боломжтой. Ганцаарчилсан төрөл гэхээр нэг хүнээс шалтгаалдаг мэтээр ойлгодог нь өрөөсгөл юм. Учир нь, тамирчин ганцаарчилсан төрлөөр хичээллэж байсан ч түүний ард багш дасгалжуулагчаас бүрдсэн бүтэн баг ажиллаж байдаг.

-Азийн тамирчид тэр дундаа Япон, Солонгос улсын тамирчдын сэтгэл зүйг хэрхэн бэлтгэдэг талаар сонирхон судалж байв уу. Тэдний туршлагыг судлан Монголдоо нутагшуулах боломж хэр байдаг юм бол?

-Боломжтой. Би энэ хичээлийг 2014 онд чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдад хийж байсан. Тэр жилийн чөлөөтийн дэлхиин аваргад манай хоёр тамирчин аваргалж байсан. Ер нь ялон, солонгос тамирчдын сэтгэл зүй мундаг байдаг нь тактиктай холбоотой. Гаднын тамирчид дэвжээн дээр гарахдаа төлөвлөгөөтэй байдаг. Тэр дундаа тэмцээний цаг дуустал хожиж байсан ч сэтгэл зүйгээ хэвийн байлгах зорилго өвөртөлдөг. Энэ бүхнийг бид сургалтын үеэр заадаг. Сургалтад ирсэн тамирчин, дасгалжуулагч тодорхой мэдлэгтэй болдог. Харин ирээгүй нь зарим тэмцээнээс шууд харагддаг юм.

-Тамирчны бэлтгэл дутуу, өөрийгөө чамласан сэтгэлээс үүдсэн алдааг допинг гэж ойлгож болох байх. Сүүлийн жилүүдэд манай бөхийн төрлийн спортынхноос допинг илэрсэн тохиолдол нэлээд гарлаа. Спортын сэтгэл зүйчийн хувьд та үүнийг хэрхэн дүгнэх вэ?

-Хялбар аргаар амжилтад хүрэх зорилгоор тамирчин допинг хэрэглэдэг. Спорт шударга байх ёстой. Гэтэл тэр зарчмыг зарим нь зөрчөөд байна. Үндэсний бөхчүүд допинг хэрэглэсэн талаар мэдээлэл гарсан. Допингийн эсрэг төвийн сайтад өнгөрсөн хугацаанд допинг хэрэглэсэн тамирчдын нэр бий. Ингэж ил байх, мэдээлэх нь нэг талаараа бусдад сэдэл төрүүлдэг. Энэ нь тамирчны боловсрол, мэдээлэл дутуу байдагтай холбоотой. Допингийн сэтгэл зүй гэж бий. Тамирчин допинг хэрэглэх нь сурталчилгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн тамирчинд буруу мэдээлэл өгснөөр хэрэглэх сэдэл төрдөг гэсэн үг л дээ. Допинг хэрэглэсэн хүн тухайн зүйлээсээ хараат болж эхэлдэг. Дахин хэрэглэх хүсэл төрдөг. Тиймээс тамирчдыг тийм байдалд хүргэхгүйн тулд холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгдөг юм.

-Тамирчин үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ. Дасгалжуулагч тамирчнаа хэрхэн хамгаалах ёстой юм бэ? 

-Олон улсын судлаачдын үзэж буйгаар допингийг дамын наймаагаар оруулж ирдэг. Бас хувь хүмүүс гар дээрээс худалдаалдаг. Үүнээс гадна тамирчин мэдлэггүйгээс болж эрүүл мэндээрээ хохирох аюултай. Гэхдээ хувь хүн эцсийн дүндээ өөрөө л шийдвэр гаргаж допинг хэрэглэдгийг мартаж болохгүй. Тиймээс тухайн хүн өөрийнхөө үзэл бодолд бат итгэлтэй байх хэрэгтэй. Ингэж чадвал аливаа учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. Допинг хэрэглэж байгаа нь ганц тамирчны бус бүхэл бүтэн нэг улс орны нэр хүндтэй холбоотойг ухаарах хэрэгтэй. Үүнээс гадна тамирчин холбооныхоо нэр хүндийг шалбаагт унагаж байгаатай адил юм.

Допинг хэн хэрэглэсэн нь гол биш. Хамгийн гол нь допинг оруулж ирээд ашиг олох зорилгоор өндөр үнээр зардаг бизнес болгож байгаа хүмүүсийг энэ үйлдлээ зогсоо гэж хэлмээр байна. Түүнчлэн допинг хэрэглэхийг санал болгодог, тамирчдыг сэдэлжүүлж байгаа хүмүүс Монголын үнэт зүйлийн үнэ цэнийг алдагдуулж байгаа хүмүүс юм. 

-Энэ сэдвээр ярьсных, би танаас манай чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг П.Орхоны талаар асуумаар байна. Түүнийг допинг хэрэглэсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл гарснаас хойш тамирчин болон дасгалжуулагчид ирж байгаа сэтгэл зүйн дарамт маш их байлаа. Хэдийгээр П.Орхон 2022 оны есдүгээр сар хүртэл эрхээ хасуулсан ч дараа дараагиин тэмцээнд амжилт гаргах нөөц бололцоо түүнд хангалттай байгаа гэж бодож байна?

-Тамирчинд ирж байгаа сэтгэл зүйн дарамтыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ц.Хосбаяр дасгалжуулагч ч хэцүү байгаагаа хэлж байсан. “Энэ асуудал үүссэнээс хойш П.Орхон бид хоёр руу хүмүүс утсаар байнга залгаж байна. Энэ нь бидэнд маш их дарамттай байна” гэсэн. Ингэж дарамттай байх нь амжилтад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

-За энэ сэдвийг өндөрлөе. Ярилцлагын төгсгөлд би танаас “Хэлтгий заяа” кинонд хэрхэн дүр бүтээсэн талаар асуумаар байна. Танд бөхийн өгөгдөл байсан учраас найруулагч таныг Борхүүгийн дүрд тоглуулсан байх?

-Кинонд тоглох болсноо дуулгахад ээж зөвшөөрөөгүй. Эмэгтэй хүн барилдана гэхээр “эвэртэй туулай үзсэн юм шиг” л байлаа шүү дээ. Би жүдо, самбо бөхөөр хичээллэж байсан. Тухайн үед самбо бөхийн дэлхийн аваргад бүтэн багаараа оролцохоор болж хүнд жингийн бөхгүй байсан учир би барилдахаар болж байв. Эдгээрээс шалтгаалж би кинонд тоглоход бэлтгэлтэй байсан гэхэд болно. Дээр нь би эмэгтэй хүүхэд мөртлөө бөхийн барилдаан үзэх сонирхолтой байлаа. Тэр үед намайг “Долгор эрэгтэй байсан бол улсын цолтой бөх болох байсан” гэдэг байж билээ. Кинонд тоглохтой зэрэгцэн АНУ-д оюутны хөнгөн атлетикийн дэлхийн аваргад оролцох визээ авчихсан мөртлөө татгалзаж байсан юм. Уг нь би хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй юм шүү дээ.

 -Найруулагч Н.Ганхуяг танд зураг авалтад оролцох санал тавьсан уу. Эсвэл та өөрийгөө сорихоор шийдсэн юм уу?

 -Наадмын өмнөх сорил барилдаан Үндэсний соёл амралтын хүрээлэнд болдог байлаа. Тэр барилдааныг үзэж явахад намайг Ж.Ганболд заан дуудуулсан. Тэгэхэд л намайг Н.Ганхуяг найруулагчтай уулзуулснаар би киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцохоор болсон. Ер нь би хүүхэд байхаасаа л кинонд тоглохыг хүсдэг байсан. Тэрнийгээ биелүүлэх боломж олдсон нь тухайн үед сонирхолтой санагдсан. Тийм болоод ч тэр үү кинонд тоглохдоо кино зохиолыг бүтнээр уншиж байгаагүй юм. Одоо бодоход хэрвээ би киноны зохиолыг уншсан бол “тоглохгүй’’ гэх байсан байх.

-Ардын жүжигчин, дуучин А.Долгор таны ээжийн дүрийг бүтээдэг. Тухайн үед олны танил эрхмүүдтэй нэг баг болж ажиллахад танд их нөмөр нөөлөг болсон байх?

-Тэгэлгүй яах вэ. Спортын хүрээний хувьд Ж.Мөнхбат аварга, М.Мөнгөн арслантай хамт тоглоно гэдэг нь гайхамшигтай үйл явдал байв. Энэ кино надад Монголын ард түмэнд мартагдахгүй байх боломж олгосон. Залуудаа би их бяртай байлаа. Тухайн үеийн улсын цолтой бөхчүүд надтай ноцолдохоос эмээдэг байв. Магадгүй надтай ноцолдоод уначихвал ичиг гэж бодсон байх. Тэр үед би 130 кг-ыг хэвтээгээр, 150 кг-ыг өргөөд бүтэн суудаг байсан юм. Би ч энэ бүхэндээ их итгэлтэй явдаг байж билээ.

-Таны бяр тэнхээг өвлөсөн хүүхэд бий юү?

-Би хүү, охинтой. 18 настай хүү маань одоо үндэсний бөх, жүдогоор барилдаж байна. Тамирчин болно гэдэг маш сайхан хувь заяа. Олон хүнд итгэл хайрладаг зүйл юм даа.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.98.178)

    2019-03-13

    хэрэглэх хүн нь авахгүй л бол энэ доктор шиг тэнэг хүн л зөөх байлгүй дээ

  • (64.119.22.198)

    2019-03-13

    ДОПИНГ ХЭН ХЭРЭГЛЭСЭН НЬ ГОЛ БИШ ГЭНЭ ҮҮ? АРАЙ Ч ДЭЭ? ДОКТОР ГЭЭД БАЙГАА.