Б.Одбаяр: Загас тэжээдэг хүүхэд аливаад хариуцлагатай хандаж сурдаг

Аквариумын загасыг хэрхэн тэжээх, үржүүлэх талаар Баянгол дүүргийн III, IV хороололд байрлах “Немо” загасны дэлгүүрийн эзэн Б.Одбаяртай ярилцлаа.

-Амьтан тэжээдэг хүмүүс ихэвчлэн хүүхэд наснаасаа энэ төрлийн сонирхолтой болсон байдаг. Харин та яагаад загас тэжээх болсон юм бэ. Мөн л хүүхэд насны хоббитой холбоотой юу? 
-Манай ах нар 1980-аад онд гэртээ загас үржүүлдэг байсан. Хүүхэд байхдаа ах нарынхаа загасыг хооллож, тэжээж явсан. Тэр үед Зуун айл, гурав болон таван буудлын орчим хятад иргэд загас үржүүлж, зардаг байсан. Тэд л мундаг загасчид байв шүү дээ. Тэднээс янз бүрийн загас худалдан авч, өсгөж үржүүлж явсан. Загас тэжээж, үржүүлэх нь миний хобби юм. Анх мечнос, хенли, гурами, макарпод, суматри барбос, алтан загас зэрэг аквариумын загасыг үржүүлж эхэлсэн. Гоёмсог өнгийн сүүлтэй хенли гэх загасыг монголчууд эрлийзжүүлж тэжээдэг байсан. Жишээлбэл, алаг болон эрээн сүүлтэй хенлийг хооронд эрлийзжүүлж алаг эрээн сүүлтэй хенли гаргаж авах гэх мэт. Харин ажил амьдралын шаардлагаар 1990-2000 оны хооронд загас үржүүлэхээ түр завсарласан. 2000 оноос аквариумын загасыг эрчимтэй үржүүлж эхэлсэн. Загас тэжээхэд ядаргаа тайлагддаг. Загасны үйл хөдөлгөөн, аквариумд ургасан ургамлын байдал зэргийг  харж  суухад сэтгэл тайвширдаг юм.

-“Немо” загасны дэлгүү­рээ хэдэн онд нээсэн юм бэ?
-Хамгийн анх 1992 онд III, IV хороололд “Ертөнц” гээд загасны дэлгүүр нээгдсэн бай­даг. Манай дэлгүүр 11 жилийн өмнө  буюу 2005 онд байгуулагдсан юм. Үүнээс өмнө X хороололд загас зардаг дэлгүүртэй байсан. Одоо бол манай дэлгүүрт ойролцоогоор 200-гаад нэр төрлийн загас бий. 

-Таны бодлоор ямар загасыг тэжээхэд хамгийн сонирхолтой вэ?
-Сүүлийн үед далайн загас тэжээх сонирхолтой болоод байгаа. Учир нь, далайн усны орчинг бүрдүүлнэ гэдэг нарийн ажиллагаа шаардагдана. 100 литр усанд гурван килограмм давс хийнэ. Далайн зориулалтын давсыг Бээжингээс авчирдаг. Ер нь далайн загас тэжээхтэй холбоотой бүх зүйлийг Бээжингээс худалдаж авдаг юм. Зөв горимоор нь далайн загас тэжээхийн тулд аквариумын усанд зориулалтын  давсаа хийж найруулан гурван сарын турш хүлээнэ. Энэ хугацаанд усанд ашигтай бактер үүсч загас хүлээж авахад бэлэн болно. Зарим хүн шүүсэн ус хэрэглэж гурван сарын турш бэлдэх усыг нэг сарын дотор бэлддэг болсон. Харин гоожуурын ус хэрэглэвэл гурван сарын турш хүлээх хэрэгтэй. Далайн усны найрлагыг хэмжих багаж байдаг. Энэ багажаар хэмжилт хийн далайн усны найрлагын хэмжээнд хүрсэн үед аквариумдаа загасаа хийнэ гээд олон зүйл бий.

-Монголд далайн загасыг үржүүлдэг болов уу?
-Далайн загас үржүүлэх хэцүү шүү дээ. Далайн загасыг үржүүлэхэд маш их судалгаа хийх шаардлагатай. Гэхдээ далайн загасыг Монголд үр­жүүлэх боломжтой гэж бод­дог. Ер нь, өмнө нь ганц нэг далайн загасыг үржүүлж байсан юм. Далайн загаснуудаас аква­риумд тэжээхэд хамгийн тохи­­ромжтой нь алиалагч буюу “Кloyn  Fish” төрлийн загас байдаг. 

-Аквариумын загас үнэтэй байсан санагддаг юм. Тухайлбал, мечнозны зул­за­гыг нэг төгрөгөөр зарж байсан?
-Үнэтэй байсан нь үнэн. Тэр үеийн ханшыг бодвол, үнийн хувьд харьцангуй хямд болсон. 

-Аквариумын өнгө үзэмжийг нэмдэг олон төрлийн загасны нэг нь яах аргагүй хенли байдаг. Монголд хамгийн гоёмсог өнгөтэй хос хенлийг  70 мянган төгрөгөөр зардаг гэсэн?
-Хенли загас нь өнгө үзэмжээсээ хамаарч олон төрөл. Олон улсын хенли сонир­хогчдын үзэсгэлэн гэж болдог. Тэр үзэсгэлэнд тэргүүлсэн хенли тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог юм. Нэг үгээр хэлбэл моодонд орно гэсэн үг. Зарагдах үнэ ханш нь өндөр. Монголд 70-80 мянган төгрөгөөр зарагдаг хос хенли бий. Тэр ч бүү хэл Тайланд улсад нэг хос нь 300 ам.долларын үнэ хүрдэг хенли ч байдаг. 

-Ер нь, аквариумын загас­нууд хэдэн жил амьдардаг  юм бэ?
-Сүүлийн үеийн загаснуудын амьдрах хугацаа багассан. Урьд нь, тухайн загас гурван жилийн настай бол гурван жил л амьдардаг байв. Энэ нь тэр үеийн ус, хоолны чанар  сайн байсантай холбоотой. Одоо үед,  усны найрлага өөрчлөгдсөн болон химийн урвалд орсон хоолоор тэжээх болсноос шалтгаалж 10 жил амьдардаг загас таван жил л амьдарч байна. Гэхдээ тэжээж байгаа хүнээсээ шалтгаална. Амьдрах орчинг сайн бүрдүүлж чанартай, тэжээллэг хоолоор хоолловол тухайн загасны амьдрах хугацаа уртсах нь ойлгомжтой. Мөн амьд зулзага гаргадаг загасыг  тэжээхэд  хялбар. Эхээс төрөөд л шууд хоолоо иддэг. Түрс нь 2-3 хоногийн дотор амилна. Амилсан түрсэнд тоосны ширхэг шиг хэмжээтэй  болтол нь нунтагласан хоол өгнө. Загасыг өдөрт хоёр удаа өлөө, оройд хооллох хэрэгтэй.

-Танай дэлгүүрт кой загас их байх юм. Загаснуудынхаа талаар зарим мэдээллийг өгөөч?
-“Япон кой” загас бол алтан загасны өвөг  гэж нэрлэгддэг юм. Кой гэдэг үгийг орчуулбал хүчтэн гэсэн үг. Японоос анх үүссэн гэж үздэг. Японд энэ загасыг гадаа цөөрөмд тэжээдэг юм. Манай нөхцөлд кой загасыг зуны гурван сард цөөрөмд байлгаад хүйтрэхээр аквариумд тэжээх бүрэн боломжтой. Алтан загас нь кой загаснаас үүссэн бөгөөд маш олон төрөл. Барагцаалбал 100 гаруй төрөл бий. Аранда, панда, комет, өндгөн алтан загас... гэх мэт. Харин Сувдан гурами бол нас гүйцсэн үедээ 12 см хүрдэг. Усны хатуулгын хэмжээ нь 6-8.5 хооронд байх ёстой. Усны дулаан  25-29 хэм байвал энэ загасанд нэн тохиромжтой. Түрс шахдаг. Түрс нь маш жижигхэн. 
Аквариумын хаан гэгддэг дискус нь Өмнөд Америкийн Амазонг мөрнөөс гаралтай. Цэнгэг усанд амьдардаг. Усны дулаан  28-30 хэм байвал зүгээр. Учир нь халуун ороос гаралтай болохоор. Усны хатуулаг нь 5.5-6.5 байх хэрэгтэй. Хэт хатуулагтай  усанд амархан стресст ордог. Цочмог хурдан хөдлөх эсвэл аквариумын ёроолд хэвтэх нь стресст орсон байна гэсэн үг л дээ. Ус бол загасны хувьд гэр орон юм. Загас нь усны хатуулаг болон хүйтэн дулааныг  шууд мэдэрнэ. Мөн цэнгэг усанд амьдардаг “Leon Fish” буюу арслан загас гэж бий. (харахад арзгар хад  гэж андуурмаар, гарын алганы дайтай загас)

-Өмнө харж байгаагүй загас байна. Хэзээ Монголд орж ирсэн бэ?
-Бараг л анх удаагаа орж ирж байна. Хоол их голно. Хуурай хоол өгөхөд идэхгүй. Амандаа багтах хэмжээний загасаар хооллодог. Нэг идсэн байхад 2-3 хоног өлсөхгүй. Үргэлж усны ёроолоор сэлнэ. 20 жил амьдардаг.
Харин энэ ерөөлд (80 см урттай загас болон 25 см урттай алгана хэлбэрийн хоёр загастай 600 лтирийн багтаамжтай аквариум үзүүлэв) хэвтэж байгаа нь Амазонг мөрний Арапайма гэдэг загас. Энэ загас Амазонг мөрөндөө бол хоёр метр 20 см том болж өсдөг. Ихэвчлэн жижиг төрлийн загасаар хооллодог. Хамт байгаа хоёр нь махчин болох пирани төрлийн “Баку” гэдэг загас. Аманд нь бага зэргийн шүд бий. Пирани нь дотроо олон төрөл байдаг. Пирани төрлийн зарим загасыг зарж худалдаалахыг хориглосон. “Баку” төрлийн пиранийг аквариумд тэжээж болно. Гэхдээ л махчин төрлийн загас. 

-“Немо” загасны дэлгүүрийн үнэ ханшийг сонирхвол болох уу?
-Манай дэлгүүрт маш олон төрлийн дискус бий. Том, жижгээсээ хамаарч 15-150 мянган төгрөгийн хооронд зарагддаг. Өнгө,  хэлбэр дүрсээсээ шалтгаалж үнэ нь өөр өөр. Амазонг мөрнөөс авчирсан зэрлэг гэгдэг дискус нь аквариумынхаас өөр байдаг. Тийм ч учраас өндөр үнэтэй. Ер нь ховор төрлийн өнгөтэй нь үнэтэй гэж ойлгож болно. Манай дэлгүүрийн загасны үнэ дунжаар нэг ширхэг нь 2000 төгрөг. Жишээбэл, суматри барбос гэдэг загасны жижиг нь 1000, том нь  5000 төгрөгөөр зарагддаг. Циклидны төрлийн загас ширхэг нь 5-50 мянган төгрөгийн үнэтэй. Тухайлбал, 100 мянган төгрөгөөр ховор төрлийн үржилд орсон хос циклидыг худалдан авч болно. 

-Анх удаа аква­риу­­мын загас тэжээх гэж буй хүнд зөвлөгөө өгөөч гэвэл олон жил загас үржүүлсэн хүний хувьд юу хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд аквариумаа зөв  сонгох хэрэгтэй. 50 литрийн багтаамжтай аквариум сонголоо гэхэд 50 ваттын хүчин чадалтай халаагуур авах ёстой. Мөн ус цэвэрлэдэг шүүлтүүр зайлшгүй худалдан авах шаардлагатай. Шүүлтүүр, халаагуур хоёр бол загас амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Шүүлтүүр нь аквариумын усыг агаараар хангаж мөн цэвэршүүлэх үйлчилгээтэй. Халаагуур, шүүлтүүртэй байхад ямар ч төрлийн загас тэжээх боломжтой. Гэхдээ анх удаа загас тэжээж байгаа хүн арчилгаа их шаарддаг дискус худалдан авах хэрэггүй. Эхний удаад гупи, мечноз, алтан загас зэрэг арчилгаа багатай загасыг тэжээж, үржүүлж сурах хэрэгтэй. Аквариумыг амьд болон хиймэл ургамлаар тохижуулдаг. Сүүлийн үед “Аква скийф” гэдэг аквариум чимэглэх урлаг бий болсон. Тодорхой дизайны дагуу амьд ургамлаар аквариум тохижуулна гэсэн үг. Нэмж хэлэхэд загас тэжээдэг хүүхэд аливаад хариуцлагатай хандаж сурдаг. Учир нь загасаа цагийн хуваарийн дагуу хооллож сурна. Ингэснээр цаг баримталдаг хүн болж төлөвших нь тодорхой. Мөн амьтанд хайртай болно. 

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)