Их, дээд сургуулийн тоог хязгаарлахад төрийн чанд хатуу бодлого баримтлах нь зүйтэй гэв

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ, Дээд боловсролын хөтөлбөрүүдийн агуулга, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг нийгмийн эрэлт, шаардлагад нийцүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагад тавих шаардлагыг жигд баримтлах, магадлан итгэмжлэлийг зохих ёсоор нь явуулах, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, сургалтын хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх, төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоог хөгжүүлэх, чиглэл гарган ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхдээ хүрэх үр дүн, төсгөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил, хандлагыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан урьдчилан тодорхойлж, түүнд зориулан сургалтын агуулга, арга зүй орчноо сайжруулах, үнэлгээний аргачлалыг өөрчлөн, үр дүнгээ тасралтгүй хянаж, чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаагаа дурдлаа. 

Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хяналт шалгалтын шинжтэй үйл ажиллагаанаас чанарын баталгаажилтын ажиллагаа болгохоор ажиллаж байна. Магадлан итгэмжлэх үйл явцын зохицуулалт, үр нөлөө, энэ ажлыг эрхлэх байгууллагын эрхзүйн байдлыг тодорхой болгох, олон улсад нийтлэг мөрдөж буй хэм хэмжээнд нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл бүрдүүлэх нь чухал байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шаардлага, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг олон улсын түвшинд хүргэхийг зорьж, “Магадлан итгэмжлэх комиссын үйл ажиллагааны журам", “Шинжээчийн баг томилон ажлуулах журам", “Хөндлөнгийн үнэлгээ хийх ерөнхий удирдамж", “Урьдчилсан магадлан итгэмжлэл хийх түр журам”, “Урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага",“Туршилтын магадлан итгэмжлэл хийх ажлын удирдамж”, “Туршилтын магадлан итгэмжлэл хийх шалгуур, журам”, БМИҮЗ- ийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, Ажлын албаны орон тоог тус тус батлаад байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов. 

2018 оны эхний хагас жилийн байдлаар 35 дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл явагдсан. Нийт 15 сургуулийн 78 сургалтын хөтөлбөрийн (магистрын 5, бакалаврын 73) магадлан итгэмжлүүлэх өргөдлийг хүлээн авч дүгнэлт гаргасан. Их, дээд сургуулиуд шинээр сургалтын хөтөлбөр нээхэд хуулийн дагуу урьдчилсан магадлан итгэмжлэл хийж байна. Хуульд заасны дагуу 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхийн өмнө урьдчилсан магадлан итгэмжлэлийг дээд боловсролын сургалтын 24 байгууллагын 88 хөтөлбөрт шинжээчид ажиллаж, 42 хөтөлбөр “урьдчилсан магадлан итгэмжлэлийн шаардлага” хангасан гэсэн дүгнэлт гарсан аж. 

Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар (АРАСС, АСВ5Р, А\А/Е\/УРР, А5ИМ) нийт 15 сургуулийн 19 сургалтын хөтөлбөр магалдан итгэмжлэгдээд байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл өөрөө олон улсад магадлуулах, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бэлтгэлээ хангаж эхэлсэн. Олон улсын жишигт нийцүүлэх хөтөлбөрийг чанаржуулах үүднээс “Ижилсэх түншлэл” хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, үйл ажиллагааны журамтай болж чадлаа гэдгийг Ё.Баатарбилэг сайд танилцуулгадаа дурдсан. 

    Мөн тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш /2017 оны 10 сар/ сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг тууштай баримталж байна. Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96-д хүрсэн байна. Төрийн бус өмчийн 18 дээд боловсролын сургалтын байгууллагад хяналт, шинжилгээ-үнэлгээ хийснээс 6 сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, 4 сургууль бусад сургуультай нэгдэж, 4 сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна гэж байлаа. 

“Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах” зөвлөх үйлчилгээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Дээд боловсролын шинэчлэл төслийн захиалгаар “Ай Ар Ай Эм” ХХК хэрэгжүүлсэн. Мэдээллийн тогтолцоог бий болгох чиглэлд Төгсөгчдийг мөшгих судалгаа (ТМС), Ажил олгогчийн сэтгэл ханамжийн судалгаа (АОСХС), Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа (ХЗЗС) хийх аргачлал, зөвлөмжүүд, Сургалтын хөтөлбөр шинэчлэхэд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг ашиглах удирдамж, Оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, чиглүүлэх зөвлөмж, Хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ үзүүлэх зөвлөмж, Сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагатай уялдуулахад мэдээллийн тогтолцоог ашиглах талаар зөвлөмж боловсруулан, түгээж 45 удаагийн цуврал сургалт зохион байгуулаад байна. Үр дүнд нь их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой мэдээллийн сантай болж, судалгаанд үндэслэн хөтөлбөрөө шинэчилдэг болсноор хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй төгсөгчдийг бэлтгэн гаргах боломж бүрдэж байгаа гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон. 

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого /2024/, Инчоны тунхаглалд заасны дагуу төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох ур чадвартай болгож төгсгөх нь чухал байна. Үүний тулд ахлах курсийн хичээлийн агуулга, хөтөлбөрт бизнес төлөвлөлт, аж ахуй эрхлэх ур чадварын хичээлүүдийг оруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж боловсролын түвшин бүрт эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох “Мэргэжлийн үндэсний хүрээ” боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, төгсөгчдийн чанар, ур чадвар, үр дүнг сайжруулахын тулд сургуулийн хөтөлбөрийн хороонд ажил олгогчдын төлөөллийг оролцуулдаг жишиг тогтоод байна. Дээд боловсролтой бүртгэлтэй ажилгүйчүүдийн тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тогтмол авч байгаа талаараа  Ё.Баатарбилэг сайд танилцуулгадаа дурдлаа. 

Салбарын сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Г.Дэлгэрсайхан  нарын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс 3 сая хүн амтай харьцуулахад их дээд сургуулийн тоо  96  байгаа нь их гэдгийг анхааруулахын зэрэгцээ энэ тоог цөөлөх, сургалтын чанарыг сайжруулах, төрөлжүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Мөн их, дээд сургуулиудыг хотоос гаргах, нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд хөдөө, орон нутагт байгаа дээд сургуулиудын материаллаг бааз суурийг бэхжүүлэх,  багш, эрдэмтдийн  мэргэжлийн ур чадвар, зэргийг ахиулах, чадавхижуулахад салбарын яамнаас баримталж байгаа бодлогын талаар илүүтэй лавлав.

Өнөөдөр нийт их дээд сургуулиудын олонх нь нийслэл хотод төвлөрч, тэр тусмаа төрийн өмчит их, дээд сургуулиуд хотын А зэрэглэлийн бүсэд байрлаж байгаа нь нийслэлийн хүн амын ачаалал, авто замын түгжрэл, агаарын бохирдлын хэмжээг ихэсгэхэд нөлөөлж байна. Салбарын яамнаас их, дээд сургуулийг нийслэл хотоос гадагш гаргаж, хотхон хэлбэрээр хөгжүүлэх, эрдэм шинжилгээний лаборатори, спорт цогцолбор барьж байгуулах, тэнд ажиллах багш, эрдэмтдийн байр орон сууцны асуудлыг цогцоор шийдэх талаар нэгдсэн судалгаа хийж дуусаад байна. Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч ажиллахаар төлөвлөөд байна хэмээнг Ё.Баатарбилэг сайд хариулав.  Мөн тэрбээр, төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт суралцаж байгаа оюутнуудын дотуур байр, сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, төрийн өмчит их сургуулийн салбаруудын орон нутагт дахь үйл ажиллагааг ямар хэлбэрээр дэмжих  талаар  нарийвчилсан судалгаа  хийж байгаа гэж байлаа. 

Ажлын хэсгийн зүгээс, их, дээд сургуулиудын багш нарыг хөгжүүлэх төвийг байгуулахаар болсон. Одоогоор дээд сургуулийн багш нарыг таван чиглэлээр чадавхижуулах олон улсын болон дотоодын сургалт явуулж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн. 

“Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун  үг хэлэв. Тэрбээр, өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс их, дээд сургуулийн боловсролын асуудлыг зах зээлийн жамд даатган зөнд нь хаясны уршгаар жилд нийт төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болж байна гэсэн судалгаа байна. Энэ нь жилдээ 90 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй мянган төгсөгчдийн тоотой харьцуулахад чамлалтай үзүүлэлт.

Иймд их дээд сургуулийн сургалтын чанарын асуудалд төрийн чанд хатуу бодлого баримталж,  олон улсын жишгийг дагаж хүн амын тоондоо харьцуулан их, дээд сургуулийг тоог хязгаарлах,  сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна гэж байлаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • даш (64.119.26.40)

    2019-04-13

    маш зөв, их сургууль нэртэй луйварчдыг хазаарлах цаг болсон. одоо бэлтгэгдчихсэн мэрэгжилтнүүдийнхээ тоог гаргаад илүү, дутууг нь тооцоод хасах, хаах ажил яаралтай хийхгүй бол хэдэн луйварчин баяжаад, ард иргэд хохирч гүйцлээ.