Төл бойжилт 98.6 хувьтай байна

Оны эхэнд 29.7 сая эх мал тооллогдсон бөгөөд үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна. Дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар оны эхний нийт эх малын 53.7 хувь буюу 15 сая 954.7 мянган хээлтэгч төллөж 15 сая 632.3 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.6 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 50-иас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 387.5 мянга /үүнээс 3.2 мянган толгой мал өвчнөөр хорогдсон/ оны эхний нийт малын 0.58 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгууд оны эхний нийт малын 0.9-2.9 хувийг эзэлж байна.

Цаг агаарын байдал: Өнгөрсөн хоногт Хангайн уулархаг нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, цас орсноос Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы баруун өмнөд, Дундговийн төв хэсгээр 0-16 см цасан бүрхүүл түр тогтсон бөгөөд хамгийн зузаан нь Архангайн Өлзийтөд 16.0 см, Хөвсгөлийн Рашаантад 14.0 см, Баянхонгорын Баянхонгор хотод 6.0 см, Эрдэнэцогтод 5.0 см, Арвайхээрт 5.0 см байна.

Өнөө шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орж, маргааш өдөр ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 01-нийг хүртэлх: Цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд зарим газраар секундэд 12-14 метр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)