“Авраам Линкольн”-ыг Ираны эрэг рүү илгээх болсон шалтгаан

Нисэх онгоц тээгч "Авраам Линкольн" хөлөг онгоц бүрэлдэхүүнд нь багтсан цохилтын бүлэг ба бөмбөгдөгч онгоцуудын тактикийн бүлгийг Ираны эрэг рүү илгээхээр АНУ шийдвэрлэсэн тухай Ерөнхийлөгч Д.Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон даваа гарагт мэдэгдсэний дараа Персийн буланд нөхцөл байдал дахин хурцдах шинжтэй боллоо. 

“Энэ бол АНУ болон манай холбоотнуудын эрх ашигт халдах гэсэн аливаа оролдлогын хариуг тэр даруйд нь өгөх болно гэдгийг Ираны дэглэмд ойлгуулахын тулд илгээж буй тодорхой бөгөөд хоёрдмол утгагүй сануулга дохио мөн” гэж Болтоны мэдэгдэлд дурджээ.  

 

Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь Ираныг буруутган шүүмжилсэн мэдэгдлүүдийг нэг бус удаа хийж байсан бол энэ удаад нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Ойрхи Дорнод дахь АНУ-ын Төв командлалын хариуцаж буй секторт буюу Ираны эргийн ойролцоо газарт байрлуулах гэж байгаа нь америкчуудын сануулга бодит үйлдэл болон хувирч буйг харууллаа.  Өнгөрсөн оны 12 дугаар сард Америкийн John C. Stennis гэдэг нисэх онгоц тээгч хөлөг Персийн буланд нэвтэрсэн нь Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарсны дараа хийсэн цэргийн томоохон маневр юм. 

 

Америкчууд Иранд цэргийн сүр хүчийг үзүүлэхээр шийдсэн нь Ерөнхийлөгч Д.Трамп 4 дүгээр сарын 22-нд Ираны нефтийн экспортод тавьсан хоригоо дахин сунгасантай шууд холбоотой. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн учир дутагдалтай заалтуудыг засч залруулна гэсэн шалтгаанаар өнгөрсөн онд АНУ тус гэрээнээс гарсныхаа дараа Ираны нефтийн экспортод хориг тавьсан билээ. Ингэхдээ Ираны гол түншүүд болох Хятад, Энэтхэг, Итали, Грек, Япон, Өмнөд Солонгос, Турк улс ба Тайваньд 6 сарын хугацаанд Иранаас газрын тос үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсөн бөгөөд энэхүү “зөөлөн хориг”-ийн хугацаа энэ 5 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар боллоо. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс хойш дээрх 7 улс ба Тайванийн компаниуд Ирантай газрын тосны наймаа хийх аваас Америкийн хоригт орох эрсдэлтэй гэсэн үг.

Дээрх орнуудад олгосон “Иранаас нефть экспортлох зөвшөөрлийн бичиг”-ийн хугацаа удахгүй дуусна гэдгийг Д.Трамп өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэний дараа Брент маркийн газрын тосны үнэ 74 долларт хүрч өсч байсан юм. Харин энэ сарын 5-нд дээрх хориг бүрэн хэмжээгээр сэргэсний дараа үнэ бараг өсөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар 70 доллар орчимд эргэлдэж байна. Харин хориг бүхэлдээ хэрэгжээд эхэлмэгц үнэ 77-80 долларт хүрч өснө гэж зарим шинжээчид баримжаалж байгаа аж. Одоогийн байдлаар, Европын орнууд Иранаас нефть худалдан авахаа бүрмөсөн зогсоогоод байгаа бол тун удахгүй Америкийн гол холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос хоёр Ираны нефтиэс татгалзах нь тодорхой. “Вашингтон Пост” сонинд мэдээлснийг үзвэл, хэд хоногийн өмнө Грек, Итали, Тайвань гурав Иранаас нефть худалдан авахаа бүрмөсөн зогсоожээ.

 

Д.Трампын хувьд анхнаасаа л Б.Обамагийн байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрт “харшилтай” байсан бөгөөд түүнийг “АНУ-ын түүхэн дэх хамгийн бүтэлгүй гэрээ” гэж шүүмжилж байв. Уг гэрээ Америкийн эрх ашигт харшилж байгаа учраас түүнд өөрчлөлт оруулахын тулд Ираныг хэлэлцээний ширээний ард суулгах ёстой гэсэн байр суурийг Д.Трамп баримталж байгаа нь нэгэнт тодорхой болсон.

 

Сануулан дурдахад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц болон Герман гэсэн зургаан гүрэн 2015 оны 7 дугаар сард Ираны талтай тохиролцоонд хүрч, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /Ираны цөмийн хэлэлцээр/ гэдэг нэртэй гэрээг байгуулсан нь 2016 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Тохиролцоо ёсоор, Ираны тал цөмийн хөтөлбөрөө хязгаарлаж, олон улсын хяналтад оруулсны хариуд НҮБ, АНУ ба Европын Холбоо Ираны эсрэг авсан хоригоо цуцлаад байсан юм.

Хоригийг алгасч экспорт хийх боломж

АНУ-ын дарамт шахалтад Иран улс хэзээ ч бууж өгөхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгдээд “АНУ эдийн засгийн терроризм үйлдэж байна” гэж буруушаалаа. Үүний сацуу Ираны Эрчим хүчний дэд сайд Хоссейн Заманиния мэдэгдэхдээ “манай улс Америкийн хоригт баригдалгүйгээр “саарал зах” дээр нефтиэ борлуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчилж байна” гэв.

Иранчууд бол элдэв хоригоос бултах замаар нефтиэ борлуулж сурсан туршлагатай улс. 1979 оны Исламын хувьсгалаас хойших 40 жилийн хугацаанд Иран улс олон хориг арга хэмжээг сөрөн давж гарсан билээ. Хүний эрхийг зөрчсөн, цөмийн хөтөлбөрөө нууцалсан, терроризмыг дэмжсэн гэх мэт шалтгаанаар барууны орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээ авсаар ирсэн. Иранчууд хоригийн нөхцөлд зохицож амьдраад ирсэн төдийгүй түүнээс бултаж гарах нууц схемүүдийг аль хэдийнэ бий болгоод байгаа. Хоригийн нөхцөлд нефтийг бараа бүтээгдэхүүнээр солих бартерийн худалдааг иранчууд хийж ирснээс гадна тэд валютын нөөцийнхөө ихэнхийг юань, рубль, рупигээр бүрдүүлээд байна. Ирантай хамтран ажилладаг гадаадын жижиг компаниуд хоригоос бултан, шинэ технологи, стратегийн чухал түүхий эд материалууд, эд ангиудыг Иранд нийлүүлж, оронд нь газрын тос худалдан авснаар ихээхэн ашиг олдог. 

Гэсэн хэдий ч энэ удаад хоригоос бултаж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь, америкчууд хоригоос бултдаг иранчуудын аргуудыг аль хэдийнэ мэддэг болжээ. Түүнээс гадна, Америкийн хоригоос үл хамааран Ирантай худалдаа хийх тусгай механизмыг бий болгохоор Европын Холбоо оролдсон боловч Европын компаниудын Ирантай хамтран ажиллах сонирхлыг өдөөж чадсангүй. Иранаас Европт нефть нийлүүлэх нь үндсэндээ зогсчээ. 

Өнгөрсөн онд Ираны экспортод хориг тогтоосноос хойших хагас жилийн хугацаанд нефтиэс жил бүр 50 тэрбум доллар олдог байсан иранчуудын орлого 10 тэрбумаар багассан байна. Сүүлийн 12 сарын хугацаанд Иранд нефтийн олборлолт ба экспорт эрс буураад байгаа бөгөөд ойрын хэдэн сард улам багасах нь тодорхой боллоо. Тодруулбал, 2018 онд Иран улс хоногт 3,8 сая баррель нефть экспортолж байсан бол хоригийг сэргээх тухай Д.Трампын шийдвэрийн улмаас 1 сая баррель болон буурч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна

Францын олон улс судлаач Фрэнсис Перрен-ий үзэж байгаагаар, одоо иранчуудын хувьд гол найдвар нь Хятад, Энэтхэг, Турк гурав болоод байна. Эдгээр улс Иранаас импортлох хэмжээгээ багасгах нь тодорхой бөгөөд цаашдаа үнийн хөнгөлөлт үзүүлэхийг Тегеранаас шаардах аваас байдлыг улам хүндрүүлнэ. Хятад, Энэтхэг хоёр Иранаас нефть худалдан авахаа зогсоохгүй боловч АНУ-тай илт сөргөлдөхөөс зайлсхийн, импортоо багасгаж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл, Д.Трамп шийдвэрт шуудхан “үгүй” гээд хэлчих улс орон алга. 

Харин АНУ нефтийн үнийг огцом өсгөхгүйн тулд Саудын Арави, АНЭУ зэрэг холбоотнуудтайгаа “тулж ажиллах” нь тодорхой бөгөөд зах зээлд их хэмжээний нефть нийлүүлэхийг тэднээс шаардах болно. Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ “дэлхий даяар хангалттай хэмжээний газрын тос байгаа учраас энэ салбарт Ирантай хамтын ажиллагаагаа ямар ч асуудалгүйгээр зогсоож чадна” гэж байсан юм.  Саудчууд дээрх шаардлагыг уриалагхан хүлээн авч, нийлүүлэлтээ өсгөх нь ойлгомжтой бөгөөд учир нь тэд бүс нутаг дахь өөрсдийн хамгийн гол өрсөлдөгч болох Ираны хүчийг сулруулахад чиглэсэн стратегийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Ираны экспортыг байж болох хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулах сонирхолтой байгаа.

Энэ бүхнээс үүдэн Иран улс газрын тосоо экспортлох боломжгүй болох аваас тус улсын эрх баригчид тун хүнд байдалд орох юм. Энэ тохиолдолд Ираны тал эцсийн шийдсэн мэхээ хийж, дэлхийн нефтийн экспортын 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хааж магадгүй. Ираны зүгээс байнга хийж байдаг энэ сүрдүүлэг бодитой болох аваас Иран, Кувейт, Катар, Саудын Аравийн нефтийн нийлүүлэлт зогсч, үүний улмаас нефтийн үнэ тэнгэрт хадах нь ойлгомжтой. Гэхдээ ийм нөхцөл байдал үүснэ гэж төсөөлөхөд ч бэрх юм.

 

Нөгөөтэйгүүр, ОПЕК-ийн гишүүн орнууд ба гишүүн бус 10 улс /ОПЕК+/ 2019 оны 1 дүгээр сараас олборлолтоо 6 сарын хугацаагаар танаад байгаа билээ. Иран улс ОПЕК-ийн гишүүн учраас энэ сард болох тус байгууллагын ээлжит хуралдааны үеэр ширүүн  мэтгэлцээн өрнөх нь тодорхой.  Харин Ираныг “тоглоомноос гаргасан” тохиолдолд ОПЕК+ хэлэлцээрт оролцогч талууд хоорондоо хялбархан тохиролцож чадах болов уу. Гэхдээ олборлолтыг танах тухай хэлэлцээрээ цуцлах эсвэл тохиролцоогоо 2019 оны туршид хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байгаа боловч танах хэмжээг багасгах талаар ярилцаж магадгүй юм.

 

Төгсгөл

 

Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Ираны эрх баригчид “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө” буюу Ираны цөмийн хэлэлцээрийн зарим заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болсноо Их Британи, Франц, Орос, Герман, Хятадын талд захидлаар мэдэгдсэн байна. Захидалд “Ираны талын ашиг сонирхол, ялангуяа банк, нефтийн салбар дахь тус улсын эрх ашигтай холбоотойгоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг дээрх 5 улсаас шаардаад, шаардлагыг биелүүлэхэд 60 хоногийн хугацаа өгсөн” байна. Биелүүлээгүй тохиолдолд Арак дахь цөмийн реакторыг шинэчлэх ажлыг зогсоож, уран баяжуулах хувийг тогтоосон хязгаарлалтаас татгалзана гэж анхааруулжээ. 

Эцэст нь дүгнэхэд, “Авраам Линкольн”-оор ахлуулсан цохилтын бүлэг Ираны эргийг чиглэн хөдөлсөн нь Ираны нефтийн экспортод тавьсан хоригийг бүрэн хэмжээгээр сэргээсэн шийдвэртэй яг давхцлаа. Ийм байдлаар Иранд шахалт үзүүлж байгаа нь Тегераны эрх баригчдыг Ойрхи Дорнодод явуулж буй бодлогоо өөрчлөхөд хүргэх зорилготой байж болох юм. Учир нь, америкчуудын хувьд террорист байгууллага болох Ливаны “Хэзболла” бүлэглэл ба Йемений хуситуудыг иранчууд дэмждэг нь нууц биш.  Түүнээс гадна, дээр дурдсанчлан иранчууд Ормузын хоолойг хаана гэж хэдэнтээ анхааруулж байсны хариуд хийж буй цэргийн маневр байж болох юм. Мөн хориг бүрэн хэмжээгээр хэрэгжиж байгаа эсэхийг хянах зорилготой нь тодорхой. 

 

Б.Адъяахүү  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • (103.111.68.3)

    2019-05-22

    ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ГҮЙЛГЭЭНД ДОЛЛАР БАЙГАА БОЛОХООР Л АМЕРИК ӨӨРСДИЙН ХҮССЭНЭЭР БАЙХ ГЭЖ БАЙНА УДАХГҮЙ ДОЛЛАРЫГ ОРЛОХ МӨНГӨНИЙ НЭГЖИЙГ ОЛОХООР ХЯТАД ОРОС ГЭЭД НӨЛӨӨ БҮХИЙ УЛСУУД АЖИЛЛАЖ БАЙНА.