Ө.Пүрэвбаатар: Сэрвээний өндөр хэмжих үйл явцыг орон даяар шууд нэвтрүүлнэ

2019 оны анхны бүсийн уралдааныг ММСУХ-ны Ерөнхийлөгч агсан Г.Пунцагбалжирын нэрэмжит байхаар тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ тавдугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болсон уг төвийн бүсийн уралдаан шинэ журмын дагуу зохион байгуулагдаж буйгаараа онцлог боллоо. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэхүү уралдааныг зохион байгуулах үүргийг ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар хүлээжээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.

2019 оны анхны бүсийн уралдааныг ММСУХ-ны Ерөнхийлөгч агсан Г.Пунцагбалжирын нэрэмжит байхаар тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ тавдугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болох уг төвийн бүсийн уралдаан шинэ журмын дагуу зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэхүү уралдааныг зохион байгуулах үүргийг ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар хүлээжээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.

ММСУХ-ны VII Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хамгийн анхны том уралдаан болох гэж байна. Хариуцлага өндөр энэхүү уралдааныг зохион байгуулах комиссын даргаар томилогджээ. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ? 
-ММСУХ-ны ээлжит VII Их хуралд Монгол улсын 21 аймаг, 330 сум, зургаан дүүргийн 728 төлөөлөгч оролцож, 80 гаруй хувийн саналаар эрлийз монгол адууг ялгаж уралдуулахаар болсон. Хэрхэн ялгах вэ? гэдэг дээр тодруулан санал хураахад төлөөлөгчдийн 64,78 хувь нь дан ганц сэрвээний өндрийг харгалзах нь зүйтэй хэмээн үзсэн. ММСУХ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Их хурлаасаа гарсан бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэрхүү чиг үүргийнхээ хүрээнд төвийн бүсийн уралдаанаа зохион байгуулна. Өөрөөр хэлбэл Монгол улсад мөрдөгдөж байгаа сэрвээний өндрийн стандартыг мөрдлөгө болгоно. 


-Сэрвээний өндрийг хүний оролцоогүйгээр хэрхэн хэмжихээр тогтсон бэ?
-Мэдрэгч бүхий лазерийн төхөөрөмжийг ашиглана. Мэдрэгч төхөөрөмжийг дэлгэцтэй шууд холбон, олон нийтийн өмнө ил тодоор харуулах юм. Сэрвээний өндөр хэмжих энэхүү үйл явцыг зөвхөн Хүйн долоон худагт байгаа үзэгчид гэлтгүй орон даяар шууд дамжуулан үзэх боломжтой. Хамтран ажиллаж байгаа уралдааныг дамжуулах телевизүүд тийнхүү үзүүлэхээр болсон. Мөн уяачид маань өөрийнхөө морийг сэрвээний өндөрт тэнцэхгүй байх магадлалтай хэмээн үзэж байгаа бол өмнө нь хэмжиж болно. Бид бүртгэлийн үеэр төхөөрөмжөө байршуулан чөлөөт хэмжилт хийлгэхээр болсон.

-Манай уралдааны онцлог нь нэг насанд олон морь уралддаг. Ямар хугацаанд сэрвээний өндрийг нэг бүрчлэн хэмжиж гаргах вэ? 
-Гурван хэмжүүр тавихаар тооцож байгаа. Тэгэхээр 300 морь уралдахаар бүртгүүлсэн бол нэг төхөөрөмж нь 100 адууны сэрвээг хэмжинэ гэсэн үг. 
-Төхөөрөмжинд нэг нэгээрээ орох уу?
-Тэгнээ. 


-Тахтай адууг хэрхэн хэмжих вэ?
-Удирдах ажилтны зөвлөгөөнөөр ярилцаад тахны хэмжээг хасаж тооцохгүй гэсэн шийдэлд хүрсэн. 
-Хүйн долоон худагт уралдахаар болсон дуулдсан. 
-Уралдааныг “Монгол наадам” цогцолбортой хамтран Хүйн долоон худагт хийхээр болсон. Цагаан хөтлөөс уруудахад таардаг жалга ямар нэг эрсдэл дагуулж болзошгүй хэмээн үзсэн учраас уралдааны замд бага зэргийн өөрчлөлт оруулсан. Тиймээс уяачид уралдаанч хүүхдүүддээ “Манлайлагчийн машиныг дагаж явах”-ыг сануулах хэрэгтэй. Мөн бид замд туг тавьж, хүн зогсоох зэргээр давхар чиглүүлнэ. Энэ удаагийн уралдаан дээр баримталж байгаа өөр нэг чухал асуудал бол дагах машины тоог цөөлөх. Комиссын дарга, даамал, дэд даамал, цагдаа, түргэн тусламж, мал эмнэлэг, телевизийн гэх мэтчилэнгийн тодорхой чиг үүргийн машинууд л дагана.
-Тооны хувьд...
-10 хүрэхгүй гэж ойлгож болно. 
-Энэ жилийн тухайд тоосжилт ихтэй байх бололтой. Үүнийг мэдээж тооцоолсон байх?
-Тооцолгүй яах вэ. Нэгдүгээрт дагах машинуудыг салхины доор гаргана. Хоёрдугаарт долоо хоногийн өмнөөс эхлээд гараа, барианы газруудыг усална. Ялангуяа гараанаас зул задрах хүртэл хэсгийг сайтар услахаар төлөвлөж байна. Үүнд нэлээд зардал гарч байгаа ч бид аюулгүй талыг хангахыг чухалчилсан. 


-Уралдаанч хүүхдийн насыг яаж тогтоож байгаа вэ? Хүүхдийн байгууллагатай хамтарч байгаа юу?
-Хүүхдийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Тавдугаар сарын 01-нээр уралдаанч хүүхдүүдийн насыг хязгаарласан шийдвэр цуцлагдсан. Тиймээс үндэсний баяр наадмын тухай хуулинд зааснаар 7 буюу түүнээс дээш насны хүүхдээр унуулна. 


-ММСУХ удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийгээд чиг үүргийн хувьд өөр өөр дэд ерөнхийлөгчтэй байхаар болсон. Та ямар асуудал хариуцаж байна вэ?
-Гадаад харилцаагаа хариуцаж байна. Ажлаа аваад тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан тогтоолоор Хятад улсын Морин спорт уяачдын холбоотой холбоо тогтоолоо. Энэ жил тэнд Монгол туургатны наадам, Монгол туургатны адууны соёлын том үзэсгэлэн зохион байгуулагдана. Энд оролцох уяачдаа Ордос, Хөлөнбуйраар аялуулах асуудлаар хоёр холбооны талаас ажлын хэсэг гараад яриа хэлэлцээр хийгдээд явж байна. Мөн 2019 оны долдугаар сарын 20, 21-нд Хүйн долоон худагт “Их хурд” наадам болно. Аялал жуулчлалын улирал таарч байгаатай холбоотой гадаадын байгууллагуудыг урина. Саяхан манай Ерөнхийлөгч Казахстанд болсон Дэлхийн үндэсний спортын их хуралд оролцоод ирсэн. Энэ уулзалтын үр дүнд манайх дэлхийн үндэсний спортын холбоонд гишүүнээр элслээ. Тэгэхээр уг холбооны удирдлагууд бас хөрш зэргэлдээ орны жишээ нь Турк, Казахстаны дарга нарыг эх орондоо урина. Хоёр улс, үндэснийхээ спортоор нэгдэж байгаа мэт боловч соёлын харилцаанаасаа халиад улс хоорондын дипломат харилцаанд ч нөлөөлж болохоор томоохон уулзалтууд болох байх гэж найдаж байна. Ер нь Хүйн долоон худагт болох наадам бол зөвхөн морин уралдаан болохгүй. Тэнд бөх барилдана, жороо морь уралдана. “Адуучин” тэмцээнээ зохион байгуулна. Уг тэмцээнд сум, аймгаас шалгарсан 21 аймгийн 21 хүн оролцоно. Мөн 300 гаруй сум, 21 аймгаас шилдэг хос морьтон шалгаруулах, “Дээлтэй монгол” үзэсгэлэн гээд аялал жуулчлалд зориулсан контентууд ч багтсан байна. Үүнийг бид зохион байгуулж ажиллана. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)