Боксын спортыг олимпын хөтөлбөрт хэвээр нь үлдээлээ

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал Швейцарын Лозанн хотноо болж, боксын төрлийг “Токио 2020” олимпын наадамд албан ёсоор багтаасныг зарлалаа. Гэвч тус холбоо АIВА-г ОУОХ-ны гишүүнчлэлээс түр хассан байна.

“Рио-2016” олимпын наадмын дараагаас ОУОХ-ноос ОУБХ-нд удирдлага, менежмент, санхүү, ёс зүй, шүүлтийн талаар ахиц, дэвшил гаргахыг шаардсан боловч тусгай комиссын шалгалтаар хангалттай бус гэж үзэж ийм шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард ОУБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг АНУ-ын Сангийн яам “Олон улсын хар тамхины наймааны сүлжээний гишүүн” хэмээн хар дансанд оруулснаа мэдэгдэж, ОУОХ түүнтэй хамтран ажиллахгүй гэдгээ зарласан. Энэ оны гуравдугаар сард Гафур Рахимов сонгуульт ажлаа өгсөн боловч 73 жил олимпын боксын тэмцээнийг зохион байгуулсан тус холбооны хувь заяа ганхаж эхэлжээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлэхдээ “Олон улсын боксын холбоонд шинэчлэгдэх боломж олгосон. Гэсэн ч тэдний хичээл зүтгэл хангалттай бус байлаа. Бид боксын спорт болон тамирчдын эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан” хэмээв. Энэхүү асуудлыг дараа сарын 24-26- ны өдрүүдэд Швейцарын Лозанн хотноо болох ОУОХ-ны Ерөнхий ассамблейгаар эцэслэн хэлэлцэх аж.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)