Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгажээ

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явц эд дундаа явж байна.

Алтанширээ суманд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг 2018 оны зургадугаар сарын 22-ны өдөр эхлүүлж, дэд бүтцийн ажлын суурийг тавьж байсан бол энэ сарын 24-ний өдөр Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 27 км төмөр замыг барьж дуусгасан талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав.

27 км урт уг замын газар шороо, далангийн ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын дөрвөн компани ажилласан бол “Улаанбаатар төмөр зам” ХНН хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг дамжин өнгөрөх төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллажээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн өгсөн мэдээллээр энэхүү зам нь манай улсын шатахууны хэрэгцээг хангах чухал үүрэгтэй төмөр зам болохоос гадна зүүн тийш үргэлжлүүлэн барих хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болж байна.

Одоо тус газарт төмөр замыг дагасан авто зам, агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажлууд үргэлжлэх бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын Сайншанд сум руу салсан дөрвөн замын уулзвараас нефть боловсруулах үйлдвэр хүртэлх хүнд даацын, тусгай зориулалтын 18.8 км авто замын ажлыг Зэвсэгт хүчний 7780-р ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатын өгсөн мэдээллээр Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажиллаж байгаа бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар авто замын газар шорооны ажил дуусч, хучилтын ажил эхэлжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)