Ц.Сүхбаатар: Манай таван ахмад тамирчин “Алтан бөмбөг” шагнал хүртлээ

Монголын ахмадын холбоо ахмад настан, спортын ахмад мастеруудын бие бялдарыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж эрүүл мэндийг нь хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо /ММБТСХ/-той хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар Япон улсад зохиогдсон ахмад настны гольфийн аварга шалгаруулах Олон улсын тэмцээнд оролцоод иржээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

 

-Та бүхэн Япон улсыг зориод ирлээ. Тэмцээнд манай улсаас хэдэн тамирчин оролцож, ямар амжилт үзүүлэв?


-Монголын ахмадын холбоо Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороотой хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Энэхүү гэрээнд граундгольфийн тэмцээнд ахмадуудыг өргөнөөр хамруулах, нийслэл, дүүрэг, аймаг, сум дахь ахмад настны оролцоотойгоор энэ спортыг хөгжүүлье гэсэн заалт бий. Мөн дотоодын болон Олон улсын арга хэмжээнд оролцох тухай ч заасан. Миний бие энэхүү гэрээний хүрээнд саяхан Япон улсын Осака хотод болсон ахмад настны гольфийн Олон улсын тэмцээнд ахмад мастеруудынхаа хамт оролцоод ирлээ. 10 орны 100 гаруй тамирчид оролцсон олон улсын томоохон тэмцээн боллоо. Монголын 30 гаруй тамирчид оролцсоны 70 гаруй хувь нь ахмад мастерууд байлаа. Уг тэмцээний “Алтан бөмбөг” шагналыг манай таван ахмад хүртэж багаараа амжилттай оролцлоо.


-Тэмцээний гол онцлог нь юунд байв?


-Энэ тэмцээнд насны хязгаар байдаггүй юм байна. Японы ахмад настнууд их өргөнөөр оролцдог. Угаасаа насжилт өндөртэй орон болоод ч тэр үү 70-90 насны ахмадууд оролцдог. Тэмцээний онцлог нь уралдаан тэмцээн гэхээс илүү ахмадуудад хөдөлгөөн ашигтай гэдгийг харуулсан арга хэмжээ юм. Энэ дашрамд дурдахад 2021 онд ахмад мастеруудын олимп Японд болно. Нийтдээ ахмад тамирчид 30 гаруй төрлөөр өрсөлдөнө. Ийм том тэмцээнд Монголын ахмад мастерууд эх орноо төлөөлөн оролцох ёстой. Үүний бэлтгэлийг эртнээс хангуулах, ямар төрлөөр оролцохоо эртнээс сонгох, оролцох тамирчдаа хот, хөдөөгөөс тодруулах, улмаар улсын хэмжээний ахмад мастеруудын тэмцээнийг зохион байгуулж тэндээс олимпод оролцох ахмадуудаа сонгох нь зөв гэдэг чиглэлээр бид ажиллаж байна. Энэ дагуу аймаг, орон нутаг дахь салбар нэгжүүдэд чиглэл өгч дорвитой ажил зохиохоор төлөвлөөд байна. Мөн улс, орон нутгийн төсөвт тэмцээнд зориулсан мөнгө тусгуулах талаар санал гарган ажиллана.

 

Д.Дорж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)