М.Батсүх: Хугацаа алдвал Элчингийн ажилтнууд амиа алдах эрсдэлтэй байсан

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, дэслэгч М.Батсүхтэй ярилцлаа.

Германы ЭСЯ-наас Өмнөговь аймгийн ОБГ-т хандаж талархал илэрхийлжээ. Тус улсын Элчин сайдын яамны ажилчдыг аврах ажиллагаа ямар орчинд явагдсан бэ?

-Өнгөрсөн сарын 11-12-нд шилжих шөнө болсон явдал л даа. Өмнөговьд цас орж, нүүр нүдгүй шуураад ойрд үзэгдээгүй гамшигт үзэгдэл тохиосон. Өдрийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болж аймгийн Онцгой байдлын газарт 70 дуудлага ирсэн. Энэ дунд Германы Элчин сайдын яамны таван хүн Булган сумын нутагт цасанд боогдлоо гэх дуудлага гэх мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газраас ирсэн юм. Ингээд жолоочийнх нь иридиум утасных нь дугаар авч холбогдоод цасан шуурганд төөрсөн гэх газрынх нь зүг хөдөлсөн.

-Тухайн хүмүүс аймгийн төвөөс хэр хол зайд саатсан байсан бэ?

-Тухайн өдрийн өглөө цаг агаар тогтуун, бага зэрэг л нойтон цас хаялж байсан юм. Үдээс хойш цаг агаар гэнэт муудаж цасаар шуурч эхэлсэн. Хүмүүсийн цасанд суусан газар нь Өмнөговь аймгийн төвөөс 80 орчим км, Булган сумаас 22 км-ийн зайтай. Булган сумаас хоёр машинтай, найман хүний бүрэлдэхүүнтэй аврах баг гарч ажилласан. 22 км-ийн зайд таван цаг орчим явж жалганд суусан Ланд 200 маркийн машинтай Германы Элчийн сайдын яамны төлөөлөгчдийг олж аврах ажиллагаа явуулж сумын төв рүү хүргэж өгсөн. Тухайн үед аврагчид хүртэл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, нүүр нүдгүй шуурч зүг чиг алдагдаж байсан. Жаахан л хугацаа алдвал Элчингийн ажилтнууд амиа алдах эрсдэлтэй байсан. 5-10 метрийн зайд байгаа эд зүйлс л харагдахгүй хүнд байсан шүү.

Тухайн өдөр аймгийн ОБГ-т 70 гаруй дуудлага бүртгэгдсэн гэсэн. Тэр бүрт хүрч ажиллаж чадсан уу. Аймгийн хэмжээнд нийт хэдэн хүн төөрсөн бэ?

Элчингийн хүмүүс цасанд боогдсныг сонсоод аймгаас баг гарч Булган сум руу хөдөлсөн юм. Гэсэн ч замдаа зүг чиг алдагдаж цааш явах боломжгүй болсон. Ингээд малдаа яваад сураггүй болсон, сум хооронд зорчиж цасанд боогдсон иргэдэд аврах ажиллагаа явуулж чиглэлээ өөрчилсөн. Булган суманд цасны зузаан 60 см орчим байсан. Хүнд нөхцөлд ажиллаж иргэдийг аварсан. Зам хаана байгаа нь мэдэгдэхгүй, ганга жалга нь ч ялгагдахгүй байлаа.

-Цаг агаарын аюулт үзэгдэл хэр удаан үргэжлилсэн бэ. Энэ үеэр дөрвөн ч хүний амь нас эрсэдсэн шүү дээ?

-Шөнөжин шуураад өглөө нь тэнгэр цэлмэчихсэн. Зуны эхэн сар бараг гарчихсан байсан үе л дээ. Иргэд сонор сэрэмж алдсан хэрэг.

-Аймгийн Онцгой байдлын ажилчдыг хэрхэн бэлтгэдэг вэ. Байгалийг аюулт үзэгдлийн үед ямар арга хэмжээ авдаг бол?

 Аврагч хүн тэвчээртэй, тамирчин байхыг шаарддаг л даа. Энэ ч утгаараа аймгийн албанд ажилд орж байгаа залууст өндөр шаардлага тавьдаг. Дээрээс нь эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад газар орноо сайн мэддэг, таньдаг байх ёстой. Шалгуур хангасан алба хаагч л Өмнөговийн аврах ангид ажилладаг. Эрэн хайх болон аврах ажиллагааны сургалтыг дотооддоо өдөр бүр зохион байгуулдаг.

-Германы Элчин сайдын яамнаас гаргасан талархалд “Өмнөговь аймагт байгалийн аюулт үзэгдэл тохиоход иргэнд нь нэг их айгаад байх хэрэггүй юм байна. Аврагчид нь чадварлаг” гэж онцолсон байна лээ?

-Аймгийн нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг осолд шуурхай хүрч ажиллах төлөвлөгөө боловсруулсан байдаг. Дээрээс нь манай аймаг 14 сумтай. Сум бүрт ерөнхий зориулалтын мэргэжлийн анги бий. Эд ч гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөнд цасан шуурга болон байгалийн бусад аюулт үзэгдлийн үед хэрхэн ажилах, хаанаасаа ямар хүч гаргах талаар тэмдэглэсэн байдаг. Үүний дагуу үүргээ гүйцэтгээд явдаг юм. Энэ ч үүднээс байгалийн гамшигт үзэгдлийг хохирол багатай давж гардаг. Гадаадын иргэдийг байгалийн хүнд нөхцлөөс эр зориг гаргаж аврах ажиллагааг мэргэжлийн ур чадвар гаргаж явуулсан аврагчдаараа бахархаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)