ШХАБ-ыг шинэ эрч хүчээр сэлбэнэ

Киргизийн нийслэл Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын / ШХАБ/ дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэхүү арга хэмжээнд Монгол, Энэтхэг, Казахстан, Хятад, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, Афганистан, Беларус, Иран, Японы 115 хэвлэл мэдээллийн байгууллагын 434 сэтгүүлч оролцоно. Мөн Киргизийн хэвлэл мэдээллийн 32 байгууллагын 94 төлөөлөгч оролцож байна. ШХАБ-ын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалт “Ala Archа” ордонд болно. ШХАБ-ын найман гишүүнд Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч дөрвөн оронд Афганистан, Беларус, Иран, Монгол багтдаг юм. Бишкек хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас гадна олон улсын олон арга хэмжээг зохион байгуулах ажээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргизийн төрийн тэргүүнтэй хэлэлцээр хийж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз улсад хийж буй айлчлалын хүрээнд есөн баримт бичигт гарын үсэг зурсан талаар Киргизийн Гадаад хэргийн сайд Чингиз Айдарбеков сэтгүүлчдэд мэдээлжээ. Үүнд соёл, хүмүүнлэг, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны баримт бичиг багтсан.

Ши Жиньпин: Киргизийн талтай стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлнэ

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жеенбековын урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 12-14-нд Бишкект төрийн айлчлал хийж байна. Мөн энэ үеэр Бишкект болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн XIX хуралд оролцох юм. Хятадын төрийн тэргүүн ОХУ-д хийсэн айлчлалынхаа дараа Төв Азийг зорьсныг олон улсын ажиглагчид онцолж байна. Ши Жиньпин Бүгд найрамдах Тажикстан улсын Ерөнхийлөгч Эмомали Ракмоновын урилгаар энэ сарын 14-16-нд Душанбед айлчилж, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын V чуулга уулзалтад оролцох юм байна. ШХАБ-ын дээд хэмжээний хурал, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал бол түүний Төв Азийг зорьсон гол шалтгаан. Тус хоёр хурлын нөлөө улам нэмэгдэж, Хятад улсын Европ, Азийн олон ойр хөршийн олон талт индэрт анхаарал төвлөрөх тул Ши Жиньпиний илтгэлийг олон улс анхааралтай ажиглаж байна. ШХАБ 2018 онд өргөтгөл хийсний дараах анхны дээд хэмжээний чуулга уулзалтаа Чиндао хотод хийсэн юм. “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын нийтлэг ухагдахууныг бий болгох” явдлыг Чиндаогийн тунхагт бичиж оруулснаар энэ нь ШХАБ-ын найман орны улс төрийн хамгийн чухал нийтлэг ойлголт, тэмцлийн зорилго болсон юм. Ши Жиньпин дарга ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн талаар “Таван үзэл баримтлал” дэвшүүлсэн билээ. Тэрбээр ШХАБ-ын XIX хуралд оролцохынхоо өмнө Киргизийн хэвлэлд ярилцлага өгчээ.

 

“Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа олон улсын сорилтыг даван туулж, олон улсын хамтын нийгэмлэгт харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хөгжих шинэ хэлбэрийн улс орны харилцааны үлгэр жишээг бий болгосон. Мөн хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, Киргиз “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж, идэвхтэй оролцсон бөгөөд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр харилцан холбох зэрэг олон салбарт хамтын ажиллагааны олон чухал амжилт гаргасан.

 

Хятад, Киргизийн хүмүүнлэгийн солилцоо улам эрчимжиж байна. Энэ удаагийн айлчлалаар Ерөнхийлөгч Жеенбековтой бүх талын стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, засгийн газар, парламент, улс төрийн нам, орон нутгийн салбаруудтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Мөн олон улсын хамтын ажиллагааг нягтруулж, НҮБ, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамтдаа хамгаалж, олон талт үзлийг дэмжин, эдийн засгийн даяаршлын үйл явцыг ахиулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоно” гэдгийг Хятад улсын дарга онцолжээ. Харин Киргизийн парламентын гишүүн, Ата-Мекен намын удирдагч Алмамбет Шикмаматов “Улс төр, эдийн засаг, интегралчлалын хувьд Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал маш чухал ач холбогдолтой юм. Түүний айлчлалыг бид хүсэн хүлээж байна. Киргиз улсын хувьд энэ бол улс төрийн чухал үйл хэрэг болно. Сүүлийн жилүүдэд Киргиз, Хятад хоёр талт олон төсөл хэрэгжүүлсэн. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт хоёр талын харилцааны хөгжлийг ахиулах урт хугацааны багц төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Ши Жиньпин даргын айлчлалаар энэхүү хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болно. Мөн энэхүү айлчлал ШХАБ-ыг амьжиргааны шинэ эрч хүчээр сэлбэх болно” гэжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)