Н.Төгсцогт: Хүүхэд шиг мөрөөдөж, мөрөөдлөө түүчээл...

 Түүнийг мэргэжлийн боксын ертөнцийнхөн “King Tug” хочоор нь мэдэх бол Монголчууд бид Нямбаярын Төгсцогт гэдгээр нь сайн мэднэ. 17 настайдаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж боксын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн хүү гуравхан жилийн дараа Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртэж Монголын ард түмний хайртай хүү болсон билээ. Харин тэрээр мэргэжлийн боксын ертөнцөд карьераа үргэлжлүүлж, АНУ-д ажиллаж амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийн эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргаж явна. Ингээд “King Tug” хочит Нямбаярын Төгсцогтой түүний ялалт, ялагдал дунд өрнөн буй амьдралын тухай ярилцлаа.

 
-Монголчуудын хайртай тамирчин Н.Төгсцогт багадаа ямар хүүхэд байв. Энэ талаарх дурсамжаас яриагаа эхэлье
 
- Би дунд сургуулиа 79-р сургуулиа дүүргэсэн. Дараа нь одоогийн “Хууль сахиулахын их сургууль”-ийг төгссөн дөө. Миний хувьд багадаа шатрын дугуйланд явдаг байлаа. Харин 10 настайгаасаа эхлэн жүдогоор хичээллэн тасралтгүй 4 жил барилдсан. Эргээд харахад тэр үед бас ч гэж багагүй амжилтыг гаргасан байдаг. Ингээд жүдогоор хичээллэсний дараа боксын спорт руу хөл тавьсандаа. Би 5 настай байхаасаа эхлэн өлгийний даавуугаар гараа ороолгож боксоддог байлаа. Тухайн үед Майк Тайсон зэрэг дэлхийн хэмжээний боксчдын нэвтрүүлэг, бичлэгийг ихээр үздэг байсан. Энэ бүхэн л эцсийн дүндээ мэргэжлийн боксын ертөнц рүү хөл тавих том түлхэц болсон гэж боддог.
 
-Тэгэхээр гурван жил хичээллээд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн гэсэн үг үү?
 
- Харин тийм. 17 настайдаа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дараагаар нь МУГТ гэсэн эрхэм хүндтэй шагналыг авч байлаа. Гэхдээ боксоор хичээллэсэн тэр гурван жилдээ нэлээд сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
 
-Харин тийм, таныг их сахилгагүй байсан гэж дуулсан....
 
- Нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бэлтгэл их тасалдаг. Харин манай багш “Энэ нөхөр бэлтгэл тасалдаг мөртлөө л их сайжраад байгаа юм даа” гэж намайг байхгүй үед цуг бэлтгэлд ордог хүүхдүүдэд хэлдэг байсан гэсэн. Харин нэг удаа тэмцээн дээр шүүгчийн буруу шүүлтээс болоод би ялагдсан юм. Тэгээд шарандаа хэдэн сар бэлтгэлээ хийхгүй завсарласан. Харин эмээ маань намайг дагуулаад багш дээр дагуулж очиж дахин бэлтгэлд оруулж байлаа. Тэгээд 16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ болон Азийн аваргад оролцож алтан медал авсан. Дараа нь ДАШТ-д оролцохдоо жин өгсөж оролцоод мөнгөн медаль авсан.
 
- 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, удалгүй мэргэжлийн спортод кареераа үргэлжлүүлэх болсон....Энэ гэнэтийн шийдвэр байсан уу?
 
- Миний мөрөөдөл бол хар багын л мэргэжлийн боксын рингэн дээр тулалдах байсан. Би Олимпоос медаль авах үедээ 20 настай байлаа. Дараагийн хоёр олимпт ч орох боломжтой, орсон ч медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ нэг хийсэн зүйлээ дахин, дахин давтахыг тэгж их хүсээгүй юм. Харин нөгөө талаас нь харвал залуу хүний хувьд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавиад, тухайн спортынхоо ноён оргилд нь хүрч үзэхийг хүссэн. Энэ л миний мөрөөдөл. Тэр мөрөөдлөө ч одоо биелүүлж тулаанаа хийсээр байна даа. Өөрөөр хэлбэл багадаа л тээсэн сэтгэл хувирахгүй байсаар байгаад л биеллээ олсон.
 
Ер нь ихэнх мэргэжлийн тамирчид олимпийн медальтай эсвэл оролцож байсан тамирчид байдаг. Миний хувьд ч тэдний нэг. Би Лондонгийн Олимпод оролцож алтан медаль авчихвал шууд л мэргэжил рүү орчих төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ мөнгөн медаль авсны дараа нөгөө ялагдсан тамирчингаас даагаа нэхмээр санагдаад л удчихсан. Эргээд харахад тэр үед хугацаа алдсан нь бага зэрэг буруу шийдвэр болчив уу гэж санагддаг. Тэгэхэд би хоёр жилийг алдаад 2014 онд АНУ-ыг зорьж байлаа.
 
-Та 17 настайдаа ДАШТ-ээс мөнгө, 20 насандаа Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Сонирхогчийн боксийн төрөлдөө дэлхийн хэмжээний тамирчин болчихсон байж. Тухайн үедээ залуу хүний ааг, нэр хүнд дагасан сөрөг зүйлүүд гарч байв уу?
 
Эргээд харахад тийм зүйл байхгүй гэж боддог. Мэдээж залуу насандаа дэлхийн хэмжээний тамирчин болчихсон ч нөгөө л Н.Төгсцогт чинь аав, ээж, найз нөхдийнхөө хувь хэвээрээ л шүү дээ.
 
-Та сүүлийн таван жил АНУ-д амьдарлаа. Тэнд амьдрал хэр байна вэ?
 
- Эхний нэг жил бэлтгэл маш хүнд, өглөө босоход хүртэл хүндрэлтэй байлаа. Орой ядраад унтсан, өглөө тэр чигтээ л босдог. Харин одоо бол бэлтгэлдээ дасчихсан дажгүй байгаа. Мэргэжлийн боксод орсон тамирчид эхний 6-8 сардаа дасах бэлтгэл хийдэг. Миний хувьд ч гэсэн яг л тэр зарчмаар нь бэлтгэлээ хийчхээд “Премьер боксынг”-д харьяалагддаг тамирчин болсон. Тэгээд жил орчмын хугацаанд бэлтгэл хийсний дараа 2015 оны 03 сарын 13-нд мэргэжлийн боксын рингэн дээрх анхны тулаанаа хийсэн дээ.
 
-Хамгийн анхны мэргэжлийн тулаанаа хийсэн тоглолтоос эргэн дурсвал. Мэдээж олимпийн боксоос бол тэс өөр ертөн. Тухайн үед сэтгэгдлээсээ хуваалцвал
 
- Миний хувьд мэргэжлийн тулааны эхний хоёр тоглолт их хүнд санагддаг. Эхний тоглолт дууссаны дараа яг юу болсныг мэдэрч амжаагүй. Олимпийн боксод бол эсрэг талынхаа хүнийг судлангаа тоглодог бол мэргэжлийн рингэн дээрх анхны тулаан маань маш хурдан дууссан санагддаг. Миний санахад “Энэ бээлий нь ямар нимгэн юм бэ” гэж л бодогдсон санагдана. Харин хоёр дахь тоглолтын үеэр нүүрэнд задрал үүсвэл хамгийн түрүүлж цэвэрлэж, эмчилдэг хүний  хувцас, хэрэглэдэг багаж зэргийг нь харсан. Гэтэл яг л мэс ажилбарт орох гэж байгаа мэт маш олон төмөр багажнууд байсан. Тэр үед “Би чинь одоо юунд явж байна” гэсэн бодол гэнэт орж ирдэг юм байна лээ.
 
-Мэргэжлийн боксын ертөнц бол нэг талаасаа маш том шоу бизнесийн зах зээл. Тэгвэл өөрийг тань энэ том ертөнцөд Нямбаярын Төгсцогт гэхээс илүүтэй “King Tug” гэх хочоор нь хүмүүс андахгүй. Энэ хочыг хэн өгсөн бэ?
 
-Анхны дасгалжуулагч багш Жое миний нэрийг бүтнээр нь дуудаж чадахгүй “Тug, Tug” гэж дууддаг байсан. Тэгээд цуг бэлтгэл хийдэг тамирчидтайгаа хамт бэлтгэлд оролцохдоо бүгдийнх нь нүдийг хөхрүүлчихдэг байлаа. Гэтэл манай клубын Жуниор гэдэг тамирчин “Tug чи аргагүй л King юм аа” гэсэн. Америкчуудын хувьд тухайн салбартаа тэргүүлэх зэрэглэлийн хүмүүсийг ихэнхдээ л King гэж хочилдог юм байна лээ.
 
Түүнээс хойш л намайг “King Tug” “King Tug” гэж дууддаг болсондоо. Тэгээд анхны тоглолт болох үед “Чиний хоч юу вэ” гэж асуусан. Харин тухайн үед зөвлөхөөр ажиллаж байсан залуу “King Tug” гээд хэлчихсэн. Тэгээд л үүнээс хойш энэ хочоороо дуудуулаад рингэн дээр гардаг болсон. “TUG” гэдэг нь Монголоор “ТУГ” гэсэн үг ш дээ. Тэгэхээр “Хаан туг”-ийн доороо бусдыг дагуулна л гэсэн агуулгыг давхар илэрхийлж байгаа юм.
 
-Мэргэжлийн боксчид кареераа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Таны зарим тоглолт ESPN-ээр гарсан санагдаж байна...
 
- Тэгэлгүй яахав. Миний тав дах тоглолт ESPN сувгаар гарж, нэлээд хэдэн улсуудад давхар цацагдсан. Мэргэжлийн боксод оноо авахаас илүүтэй цохилтоо зөв хийх нь чухал. Мэргэжлийн тамирчин бол нэг цохилтыг мянгаас илүү давтана. Тэгээд яг тэр цохилтод нь тодорхой хэмжээний хүч суучихсан байдаг. Ямар ч байрлалаас тухайн цохилтоо хийх чадварт суралцдаг.  Манай хамаатны ах мэргэжлийн боксоор АНУ-д ажиллаж, амьдардаг МУГТ Э.Цогтжаргал гэж хүн бий. Би 19 настайгаасаа л Цогоо ахад хэлдэг байсан. Тэгэхэд “Миний дүү эхлээд Олимпоо дуусгачих л” гэж хэлдэг байлаа.
Ер нь миний үеийн олон улсын тэмцээнүүдэд оролцдог байсан ширэн бээлийтнүүдээс ихэнх нь мэргэжлийн бокс руу орсон. Тэгээд тэднийхээ бичлэгийг харахаар надаас илүү сайжраад, тасрах гээд байгаа юм шиг их санагддаг байлаа.
 
-Бусад хүнээс их бага зүйл сурж байгаа мэт мэдрэмж үү?
 
- Яг тийм. Тэднийг харахаар надад ялагддаг байсан тамирчид хүртэл надаас илүү сайжраад ур чадварын хувьд надаас хавь илүү болчихсон мэт санагддаг байлаа
 
Би амьдралыг сайн мэдэхгүй ч, суралцаж яваа залуу хүн
 
-Тамирчин хүний амьдралыг үргэлж ялалтаар төсөөлнө гэдэг бол хэт өрөөсгөл. Үүнтэй адил хүний амьдрал ч гэсэн уналт босолтоор дүүрэн шүү дээ. Таны хувьд амьдралыг хэрхэн хардаг вэ?
 
- Би амьдралыг сайн мэдэхгүй. Гэхдээ үүнээс суралцаж залуу хүн гэж боддог. Өнгөрсөн хугацаанд ч миний амьдралд ялалт, ялагдал бишгүй олон байсан. Нэг удаа ялагдаад рингнээс бууж ирэхэд “Зүгээрээ миний дүү” гэж хэлсэн хүн орой нь хурал болоход “За чи арай чдээ” гэж хэлж байж билээ.
Багш нарын хувьд ч гэсэн тэгж хандах хүмүүс ч байсан. Магад нэг талаас нь харахад би тухайн үедээ их эмзэг байсан санагддаг. Харин одоо миний хувьд ҮНЭН амьдрахыг л хүсдэг. Одоо гаргаж буй амжилтаа ч амжилтад хүрсэн гэж боддоггүй. Хүү минь одоо зургаан настай. Миний өмнө ч гэсэн маш том хариуцлага бий. Гэр бүлийнхээ, бас хүүгийнхээ өмнө хүлээсэн маш том үүрэг бий. Энэ бүгдийнхээ төлөө хичээж л явна.
 
-АНУ дахь таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ?
 
- Би одоо Лос Анжелес хотод амьдарч байна. Гэрээсээ бэлтгэл рүүгээ ойролцоогоор хоёр талдаа нийлээд хоёр цаг орчим зарцуулдаг. Тэгээд бэлтгэл маань 4-5 цаг үргэлжилнэ. Буцаж гэртээ ирээд хөнгөн гүйлтийн бэлтгэл хийчхээд тараг эсвэл жимсний шүүс уучхаад л унтддагдаа. Тэгээд өглөө нь босоод дахиад л бэлтгэл рүүгээ гарна даа.
 
-Рингэн дээр гарахын өмнө таныг дуудах тэр үеийн мэдрэмж ямар вэ?
 
-Миний хувьд тулаантай өдөр нэг зүйлд баригдаад, хашигдчихсан мэт мэдрэмж төрдөг. Мэдээж сэтгэл санаа тогтворгүй байгаа бол сайн хянах нь чухал. Харин тулаан дууссаны дараа л бүх зүйл амар тайван болчихдог. Биеийн өвдөлт хүртэл сайхан санагдана шүү дээ. Бас их сайхан амардаг. Манай багт 6-7 орчим хүн ажилладаг. Манай менежер л гэхэд Флойдын зөвлөх хийдэг байсан.
 
Мэргэжлийн спортод бол хамгийн чухал нь хөдөлмөр. Бас хариуцлага алдаж болохгүй гэж боддог. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа болохоор эхлээд эх орноо, дараа нь өөрийгөө л бодно доо.
 
-Таныг мэргэжлийн боксын ертөнц рүү хөл тавьснаас хойш таван жилийн  дараа л анхны аваргын төлөөх тулааныг бид бүхэн өнгөрсөн нэгдүгээр сард хийлээ. Энэ хүртэлх зам мэдээж дардан байгаагүй байх?
 
- Миний хувьд тамирчны хувьд ранкаа ахиулахын тулд өнгөрсөнд олон тулаан хийсэн. Өөрөөр хэлбэл шууд аваргын төлөө тулалдахыг хүсээгүй. Мэдээж мэргэжлийн боксод ганц, хоёр тулаан хийчхээд шууд аваргын төлөө өрсөлдөх боломж байдаг ч маш их мөнгө төлдөг. Гэтэл надад тэр мөнгө нь байхгүй байсан учраас дүрмийн дагуу л явсан даа. Гэтэл манайхан яагаад удаад байдгийн бол гэх хандлага байдаг. Гэтэл би чинь бор зүрхээрээ л хувийн амжилтаа өсгөөд байгаа байхгүй юу. Харин одоо бол ранкын хувьд ч гарцаагүй аваргын төлөө өрсөлдөх хэмжээнд хүрчихсэн байгаа юм. Тэгээд л тулаанаа хийсэн.
 
-Та одоогийн байдлаар 12:0 гэсэн сайхан амжилттай кареераа үргэлжлүүлж байна. Нэг талаас нь харвал танд 0 гэсэн тоо хэр дарамт болж байна вэ?
 
- Мэдээж бага зэргийн дарамт байдаг. Гэхдээ би анх 2014 онд л мэргэжлийн бокс руу орох гээд АНУ-руу явахдаа л айх айдсаа Монголдоо үлдээгээд явчихсан. Үүнээс гадна тэр үед маш олон зүйл болсон. Гэхдээ одоохондоо энэ бүхэн нууц. Магад кареераа өндөрлүүлсний дараа энэ бүхнээр кино хийдэг ч юм уу гэсэн бодол байдаг. Тэгэхээр цаг нь болохоор хэлэх зүйлс ч гэсэн бий.
 
-Манайд боксын спортоор хичээллэж байгаа маш олон өсвөр үеийнхэн байна. Зарим таныг хараад, тань шиг болохыг хүсч мөрөөддөг биз. Таны зүгээс тэдгээр хүүхдүүдэд хандаж юуг захих вэ?
 
- Би ийм зүйл хэлэхдээ их маруухан л даа.. /инээв/. Гэхдээ хамгийн чухал нь өөрийн итгэл үнэмшлээ битгий алдаарай. Бас өөрийгөө хэзээ ч битгий хуураарай л гэж хэлье. Гол нь бүх зүйлд хариуцлагатай байгаарай.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)