Д.Сүхбаатар: Зөв зэмлүүлсний хүчинд би өдий дайтай явна

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.СҮХБААТАРТАЙ ярилцлаа.

-Улсын баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм нэр хүндтэй шагналын эзэн болсон танд баяр хүргэе. Төрийн тэргүүнээс шагнал авахдаа сэтгэл тань нэлээд хөдөлсөн харагдсан. Тухайн үед хамгийн түрүүнд энэ баярт мэдээгээ хэнд дуулгамаар байв? 

-Баярлалаа. Шагнуулах болсныг өмнөх өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж мэдэгдсэн. Энэ сайхан мэдээгээ хамгийн түрүүнд хань болон том охиндоо хэлсэн. Шагнал авсан өдөр Ерөнхийлөгчийн зарлиг унших мөчид Аав ээж минь байсан бол яасан их баярлах байсан бол” гэсэн зэрвэсхэн бодол төрсөн. Харин шагналаа авсны дараа гадагш гарахад хүлээсэн хүмүүсийг хараад сэтгэл догдолсон. Манайхан чинь их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Тэдний баярлаж, догдолж байгааг хараад би гэдэг хүн огшсон шүү.

 

-Энэ шагналыг арай эрт авсан бол гэсэн бодол төрсөн үү?

 

-Чин үнэнээ хэлэхэд надад хэзээ ч тийм бодол төрж байгаагүй. Угаасаа энэ шагналыг хөөцөлдөөд авчих юмсан гэсэн бодол байсангүй. Хүмүүс “Та гавьяат жүжигчин бил үү” гэж асуухад нь “Гавьяа байгуулж амжаагүй л явна” гэж хариулдаг байсан. Энэ эрхэм хүндтэй алдрыг нэлээд их зүйл бүтээж байж авдаг гэж би боддог.

 

Дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүний хувьд хүсэл мөрөөдлийн туйл. Ядаж хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон нэг дүр бүтээж байж гавьяагаа үнэлж дүгнүүлэх ёстой.

 

Тиймээс надад яагаад гавьяатын шагнал өгөхгүй байна гэж бодож явсангүй. Сэтгэл тайван, амар амгалан явлаа. Ямар сайндаа намайг шагнуулахыг сонссон хүмүүс утасдаж даралтны эм уухыг зөвлөж байх вэ дээ. /инээв/ 

 

-Та тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээсэн. Энэ хугацаанд хүссэн дүрээ чинээнд нь тултал нь илүү нийцтэй санагддаг уу?

 

-Энэ талаар бодож байсангүй. Өөрт оногдсон дүр болгоноо хичээж бүтээдэг. Ёстой “Ажил хийвэл дуустал” гэдэг шиг оногдсон ажпаа тал талаас нь судалж хийдэг. Нас ч явлаа, намба ч суулаа даа. Мэргэжлийн гэдэг нэг томьёо бидний хувьд гавьяа шагналтай дүйцэхүйц хүндтэй юм. Үнэхээр мэргэжлийн жүжигчин юм бол эзэмшсэн мэргэжилдээ мэргэжпийн байх ёстой гэдгийг ойлгосон. Үүнийг Дамчаа ах л алгадаад ойлгуулчихсан.

 

-Өөр мэргэжил эзэмшсэн хүн урлагийн замаар замнах амаргүй даваа. Харин та ингэж болдгийг харуулсан хүн. Ажил үйлсийг нь үргэлжлүүлэх тайз, дэлгэцийн хүн таны гэрт байхгүй ч жүжигчин болох шийдвэрийг та гаргасан нь цаанаа ямар нэг шалтгаантай байв уу?

 

-Ээж минь одоогийнхоор ардын авьяастан байсан. Мундаг уран хүн дээ. Дээр нь шооч, яриандаа зүйр цэцэн үг хэрэглэдэг, хачин их ёжтой хөгшин байсан юм. Миний аав насаараа багшилсан ардын багш хүн. Маш чанга дуутай. Аав ээж минь надад харамгүй авьяас хайрласан гэж би боддог. Хүүхэд байхаасаа урлагг элэгтэй байсан. Цэрэгт татагдаад ч урлаг, уран сайхны ажилд идэвхтэй оролцсон.

 

-Аливаа уран бүтээлчийг үргэлж дагадаг зүйлийн нэг нь магтаал, шүүмж. Ийм эргүүлэгт алдаж, онож явахад таныг түшсэн дотнын анд нөхөр хэн байв?

 

-Миний багш, өнөөдрийн гавЬяа шагнал хүртэх үндэс суурийг нь тавьсан хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч И.Нямгаваа. Дарханы театрыг Хөгжимт драмын театр болгож, дагалдан жүжигчин шалгаж авч байгааг сонсоод би очсон. Тэр хүн намайг тоож заавраар нь гурван жил дагалдан жүжигчин, нэг ёсондоо урлагийн “А” үсгийг энэ хүнээр заалгасан юм. Сүүлээр нь Соёлын яамны мэргэжлийн комисс очиж, шалгалт авахад нь тэнцэж мэргэжлийн жүжигчин болсон. Нямгаваад магтуулахаас илүү зэмлүүлсэн. Гэхдээ зөв зэмлүүлсний хүчинд би өдий дайтай явна.

 

-Дарханы театрт хэдэн жил ажиллаад Улаанбаатарт ирсэн бэ. Тухайн үед уран бүтээлд тоглох гээд ирсэн болов уу?

 

-Тэр үед би уригдаж, залагддаг амьтан байгаагүй. Аав, ээж минь өндөр настай. Миний дүү аав, ээжийг олон жил тулж, түшиж явсан. Хань ижилтэй болж, хувийн амьдрал, зам мөрөө хөөгөөд явахаар нь хоёр буурлыгаа харах нь миний үүрэг болсон. Ийм шалтгаанаар Дархан хотоос ирсэн хүн дээ, би. Улаанбаатарт ирээд Хүүхдийн театр буюу одоогийн Хүүхэд, залуучуудын театр гэж байхад жил ажилласан.

 

-Та айлын ууган хүүхэд үү?

 

-Би гурван хүүхэдтэй айлын бага нь. Намайг бага байхад эгч маань өөд болж, хоёр сайхан хүүхэд нь надтай нэг гэрт өссөн. Ах минь идэр насандаа бурхны оронд одлоо. Үхэл хагацлыг үзэж л байна. Хорвоо гэдэг хатуу. Төрснөөс дутахааргүй нөхөд маань үгүй боллоо. Өндөр наслах нэг талдаа хэцүү юм. Би энэ жил 70-тай. 70 насанд ирэхэд хамгийн эмзэглэмээр зүйл нь төрөл саднаасаа ялангуяа дүү, хүүхдийнхээ хойно орох хэцүү байдаг юм байна. Дээр нь олон жил нөхөрлөсөн найзууд маань цувраад яваад өгөхөөр ганцаардах юм. Ялангуяа баяр, гунигаа хуваалцах үед айхавтар дурсагдах юм даа, нөхөд минь. “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” кинонд “Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч хайлна” гэдэг. Энэ үгийг одоо л ойлгож байна даа.

 

-Нөхөд гэснээс ахмад уран бүтээлчийн хамтарсан “7 дугаар тусгай тасаг” кинонд та дүр бүтээлээ. Нөхөдтэйгөө олон жилийн дараа хамтран ажиллахад сайхан байв уу?

 

-Киночид Монголын кино урлагийн түүхэнд ахмад уран бүтээлчид хамтарсан гурав дахь тохиолдол гэж үзэж байна лээ. Дөрвөн сайхан анд нөхөртэйгөө хамт кинонд тоглох сайхан байлаа. Хүүхэд, залуус ч биднийг жигтэйхэн хүндэлж, хайрласан. Энэ хүндлэл, хайрыг нь ч бид хайраар хариулах хэрэгтэй. Тэгэхгүй бид мундаг, атаман өвгөчүүл гээд байж болохгүй биз дээ. 

 

-Шинэ уран бүтээлийн санал ирсэн үү? 

 

-Одоохондоо чимээгүй л байна. Уран бүтээлд тоглох санал ирвэл чадлаараа үзнэ. Чадахгүй юм байвал “Ах нь барахгүй нь” гэж хэлнэ.

 

-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

 

-Сүүлийн үед монгол хэл, монгол ёс заншил гаднын соёлын урсгалд өртөж байна. Зүрх шимширмээр болдог. Монголчууд төрөлхийн сониуч ард түмэн. Аливаа зүйлийг дуурайхдаа бич лугаа адил. Солонгосын олон ангит кинонууд манай хүүхэд залуусын сэтгэхүйг эвдэж эхэлсэн. Орчуулгын модон хэлтнүүд янз бүрийн хэллэгийг Монголд оруулж ирлээ. Сүүлийн үед хамгийн өндөр боловсролтой УИХ-ын гишүүд хүртэл монгол хэлээ хугалж, нугалахын үлгэр жишээ болж байна. Монгол хүн хэзээ ч “давхар дээл” гэж ярьдаггүй. Үстэй, сэгсүүргэн, хурган дотортой дээл гэж ярьдгаас биш “давхар дээл” гэдэг үг монгол хэлэнд байгаагүй юм. Би үүнд л их харамсч явдаг. Үүнийг дээр, доргүй бодох цаг нь болж.

 

Соёлын довтолгоон 1960-аад онд Монгол орныг мундаг өөрчилсөн юм. Түүн шиг эх хэлний соёлын довтолгооныг эхлүүлэх цаг болсон байна. Үүнийг сэтгүүлчид та нар уриалж, давалгаалаад өгөөч гэж хүсье. Эх оронч хүн гэж ярихдаа биш хийж бүтээхэд гол зүйл оршдог.

 

Эх орноо хайрлаж байгаа бол эхлээд эх хэлээ хайрлаж, хамгаалах ёстой юм.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.21.117.178)

    2019-07-19

    Ene hunii buteesen dur barag baihgui sh dee Yund ni gaviyat egsen yum bol Goltsuu tuslah dur l baihaa Enenees olon saihan dur buteesen jujigcnided ene tsoloo egeh heregtei