МҮХАҮТ-ын удирдах зөвлөийн гишүүдэд илгээх ил захидал

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ХХ дугаар Их Хурал 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болж Ерөнхийлөгчийг сонгосон. Их хурлаас сонгогдсон О.Амартүвшин Ерөнхийлөгч өөрийн мөрийн хөтөбөрийг хэрэгжүүлэх хүнийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд санал болгож, түүний их сургуулийн найз, “Увс хүнс” архи, ундааны үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан хүнийг Удирдах зөвлөлийн гишүүн Та бүхэн нэг саналын зөрүүтэй сонгож байсан өдөр саяхан.  МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл ээлжит бус хурал хуралдуулж доорх үндэслэлээр 60 жилийн түүхт Танхимыг “дүүрсэн” удирдлагаас эртхэн аврах шаардлага тулгараад байна:

1.      МҮХАҮТ нь 60 жилийн түүхтэй 100 гаруй ажилтантай том айл. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой байгууллага юм. Тус байгууллагын ажилтнуудыг “хууччуул” нэрийдлээр гадуурхан, ганц нэгээр халсаар эцэст нь 2019 оны 8 сарын 16-ны өдөр Танхимд олон жил үр бүтээлтэй ажилласан үлдсэн 10 гаруй ажилтанг шалтгаангүйгээр хомроглон халсан явдал нь байгууллагын ой санамжийг арилгаж байгаа явдал боллоо.  Ийнхүү Танхимын ажлыг доголдуулах, улмаар өөрийн намын кадрыг ажилтай залгуулах гэсэн явцуу, явуургүй ажиллагаа сүүлийн хагас жилийн хугацаанд ил, далд явагдсаар ирлээ.

2.      Нийтийн албыг танилын алба болгож өөрийн гар хөл хийж байсан, намын ажлаас өөр төрийн болон тогтсон ажил эрхэлж байгаагүй хүмүүсийг аажмаар Танхимд ажилд авч өөрийн архины компани мэт арга барилаар ажиллуулж байгаа нь нууц биш.  Ингэхдээ Танхимын ажилтнуудыг “тэнэг”, “хохь чинь шүү”, “хална шүү” гэх мэтээр байнга дарамталдаг. Гүйцэтгэх захирлын ажлын арга барилаас нь дүгнэхэд боловсролгүй, удирдах ажлын туршлагагүй, хувь хүний зан араншингийн доголдолтой, бүдүүлэг гэх зэргээр тус өндөр албан тушаалд огт таарахгүй хүн байна.

3.      Танхим нь Компанийн засаглалын сургалтыг явуулдаг, компанийн захирлуудаас шалгалт авч гэрчилгээжүүлдэг атлаа өөрийн дотоод засаглал огт үгүй, хүний нөөцийн бодлого үгүй, аливаад субектив ханддаг, шударга бус байдал газар авсаар байна. Ажилтнууддаа зах зээлийн хамгийн бага цалинг олгосон атлаа ажилдаа ирдэггүй таван зөвлөхийг өндөр цалинтай гэрээлсэн байна. Академийн захирал нь мэргэжлийн бус, Арбитрын захирал нь хуучин ажлаа хүлээлгэж өгөөгүй шалтгаанаар зургаан сар үндсэн ажлаа хийгээгүй байна.

Иймд зарчимгүй “дүүрсэн” захирлаас эрт дээр нь Танхимыг аврах цаг болжээ гэдгийг Та бүхэн мэргэн ухаандаа тунгаан, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж Удирдах Зөвлөлийнхөө эрх, үүргээ хэрэгжүүлэн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсэж байна.

 

Хууль бусаар халагдсан МҮХАҮТ-ын ажилтнуудын төлөөлөл.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)