Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэгийн клиникийн Өдрийн эмчилгээний багийн их эмч Б.Соёлмаатай ярилцлаа.

-Архидалтаас үүдэлтэй асуудал нийгэмд асар их байна. Архидалт багасч байгаа гэж аман дээрээ ярих боловч хэлбэр нь өөрчлөгдөөд байгаа бололтой. Чухам ямар байгааг та бүхэн л бодитой хэлэх хүмүүс шүү дээ?

-Зуны долоо, наймдугаар сард манай тасгийн ачаалал бага зэрэг багасдаг. Багасдаг гэхээр хүмүүс энэ үед архи хэрэглэхгүй байна гэж ойлгож болохгүй. Хүмүүс уламжлалт байдлаар зуны улирлын зугаалга, баяр наадам, даншиг, ургийн баяр, хөдөө гадаа аялах зэргээр суурин байдаггүй учир одоохондоо ачаалал бага байгаа юм. Энэ сараас эхлээд манай тасгийн жинхэнэ ид ачааллын үе эхэлдэг юм. Ялангуяа баяр ёслолын дараа, шинэ жил, Цагаан сар, Мартын найман, цэргийн баяр, наадам зэрэг уламжлалт баяраар олон хоног архи уусан, уусны улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон, архины цагаан солио гэдэг өвчтэй хүмүүс маш ихээр ханддаг. Дэлхий нийтийн хэмжээнд архины хэрэглээний түвшинг янз бүрээр гаргаж ирдэг. Тухайн жилдээ борлуулагдсан архи согтууруулах ундааны хэмжээгээр тооцох нь бий. Бас тухайн жилд хичнээн хүн архины солиорол өвчнөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бэ гэдгийг харгалзан үзэж архины хэрэглээ өсч, буурч байна уу гэдгийг тогтоодог арга байдаг.

Манай орны хувьд аман тоогоор буурч байгаа гэдэг боловч архидах байдал нь өөр чиглэл рүү шилжиж байна уу даа гэж бид харж байгаа. Гудамж, талбайд ил архидан согтуураад явахгүй ч баар, цэнгээний газар, найр, хуримд очих нэрийдлээр ахуйн орчиндоо архидан согтуурах нь их байна. Ажлын байран дээр архидах нь хууль дүрэм хэрэгжиж байгаатай холбоотойгоор харьцангуй багассан болов уу. Гэвч ахуйн архидалт буурахгүй байна. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр гэмт хэрэг, гэмтэж бэртэж байгаа хүмүүсийн тооноос харагддаг. Өвчнүүдийн суурь дандаа архитай холбоотой байдаг.

-Намрын дунд сарын шинийн 17-ныг дөхөөд ирэхээр бэр гуйх зан үйл болно. Дараа нь хурим, найр гэж өргөн дэлгэр найрлацгаана. Энэ нь хэдийгээр ёс уламжлал, зан заншилтай холбоотой ч архидалтыг гэр бүл, ураг садны хэмжээндээ хүлээн зөвшөөрцгөөж, аав ээж нь үр хүүхдийнхээ дэргэд, үр хүүхэд нь аав ээж, өвөө эмээгийнхээ дэргэд албан ёсоор шахуу архи ууж суудаг. Энэ зан үйлээ монголчууд хэрхэн өөрчлөх ёстой вэ?

-Энэ бол хүмүүсийн ухамсартай шууд холбоотой. Дээрээс нь тухайн газрын соёл, уламжлалт зан заншил, тухайн хүмүүсийн архи хэрэглэх ухамсар, соёлтой холбоотой. Бусад орны найр, хуримыг харж байхад ширээн дээр дарс байдаг ч манайхан шиг согттолоо ууж харагддаггүй. Бэр болох хүнээ гуйх гэж ирсэн хүмүүсийг согтоож унагааж, архийг маш их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглүүлж гаргана гэдэг бол бүдүүлэг. Үүнийг аль аль талдаа бодууштай зүйл байгаа юм. Шинээр гэр бүл болж байгаа, цаашид улам олон жил хамтдаа сайхан амьдрах залуу хосын хурим, найрыг архиар эхлүүлж байгаа утга илэрхийлнэ. Бэр гуйх гэж ирсэн худуудаа архидуулж, согтууруулахаар тэр хүмүүс нь бөөлжинө, хордоно, маргааш нь янз бүрийн асуудал гарна. Тэр хүмүүс эрүүл мэндээрээ хохироод үлдэнэ. Хоёр, гурав хоног бие нь сулраад өвдөж хэвтэнэ.

Магадгүй зарим нь эмнэлэгт хүргэгдэнэ. Амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарсан шүү дээ. Ингэж бодохоор, ийм байдлаар эхлүүлсэн найр тэр залуу хосын цаашдын амьдралд таатай нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж аливааг ихэд бэлгэшээдэг мөртлөө хурим найр хийж буй хосынхоо амьдралыг архиар угтдаг. Энэ бол бүдүүлэг, ухамсар дорой байгаагийн илрэл.

-Ямар нэг найр, цайллага, арга хэмжээн дээр сөнч, хөтлөгч гэж “албан тушаал”-тай хүн гаргаад ирнэ. Тэр нь хүмүүст архи хүчээр шахаж уулгах үүрэгтэй. Бэр, хүргэний талыг хооронд нь өрсөлдүүлж архиар шахна. Хэрэв уухгүй гэвэл “Чи эзнийг нь голоод байна уу, эдийг нь голоод байна уу. Тэрийг, энийг хүндэлж байгаа бол уух ёстой” гэж дарамталдаг. Уг нь үүнд үйлчилдэг хууль байдаг юмсан?

-Найр, хуриман дээр архи байлаа гэхэд соёлтой хэрэглэх ёстой. Түүнийг уух нэг нь ууна биз. Уухгүй нэгэндээ тэгж шахаж ерөөсөө болохгүй. Сүүлийн үед арай гайгүй болсон байх гэж бодож байна. Гэхдээ хөдөө гадаа, зарим аймгийн, зарим сумын ёс заншил гэж бий. Хүнийг архиар шахна гэдэг миний бодлоор шүү, архи үндсэндээ харилцааны хэрэглүүр нь болчихоод байна. Хүмүүс яагаад тойрч суугаад архи уугаад байдаг вэ гэхээр жаахан нээлттэй болох гэж тэгдэг байхгүй юу. Архи уухгүй байхаар л үг гарахгүй, юм дуугардаггүй юм байна л даа. Монгол хүмүүс чинь дотогшоогоо зантай. Нээлттэй биш. Тэгэхээр л “Дуугүй дүмбийгээд суугаад байх юм” гээд хүмүүст архи уулгаж байж үгийг нь гаргана гэнэ. Тэгэхээр л өнөө дуугүй байсан хүн нь нээлттэй болоод хамаг юмаа яриад хоорондоо их сайхан харилцаа үүсгэнэ. Энэ бол зөвхөн тухайн үедээ архи уусны нөлөөнд тархи, сэтгэц нь жаахан өдөөгдөөд хөөрлийн байдалд орохоороо л яриа үүсгэж эхэлж байгаа юм. Тэр байдлыг л ашиглах гэж архиар хэтэрхий их шахдаг.

Нөгөө талаараа энэ айл их бэл бэнчинтэй, их мундаг том олон шил архи авсан гэдгээрээ нөгөө талдаа баярхах хандлага үзүүлж байгаа юм болов уу гэж бодож байна. Үндсэндээ архийг хэрэглэх нэг шалтгаан нь хүмүүсийн хоорондын харилцааг нээлттэй болгох. Ажлаа бүтээхийн тулд тухайн хүндээ архи уулгана. Тэр хүн нь архи уугаад хөөрөөд тэр хүмүүстээ нээлттэй ярих нь байна шүү дээ. Нээлттэй байцгаах гэж л тэгж архины хэрэглээ бий болгоод түүгээ хэтрүүлээд, дээрээс нь ёс заншил гэдэг нэрийдлээр уудаг.

Магадгүй тэр шахуулж байгаа хүн зүрх муутай, янз бүрийн суурь өвчтэй, тархины цус харвалтын суурь болохыг үгүйсгэхгүй. Тэр хүн магадгүй хурим найраас хэдэн сарын дараа амь насаа алдвал яах вэ. Гэмтэж бэртвэл яах вэ. Эрүүл мэндээрээ хохирвол хэн ч төлж чадахгүй шүү дээ. Архиар шахаад байсан сөнч, хуримын хөтлөгч, шахаад байсан хүмүүс нь төлөхгүй. Тэр хүний эрүүл мэндийг юугаар ч нөхөж чадахгүй. Тэгэхээр ар араа бодолцоод, улс орон хөгжиж байхад хүн нь бас хөгжих ёстой. Уламжлалт бүдүүлэг зан заншилаа болих хэрэгтэй.

-Шинэ залуу хүүхэд анх ажил дээр гарангуут хуучин ажилчид нь архиар шахацгаана. Архи уухаараа “Эрүүл мэндийн төлөө”, “Аз жаргалын төлөө” гэж үг хэлж тулгана. “Аз жаргалаа хундаганы ёроолдоо үлдээх нь үү” гэж дуустал нь уулгах гэнэ. Энэ мэтээр хамт олон, найз нөхдийн дунд дарамтанд орж уугаад байвал архинд орох уу?

-Тэгэлгүй яахав. Хамт олон дунд “Архидалтын бичил орчин” гэж үүсдэг. 100 хүнтэй байгууллага байлаа гэхэд, 100 хүн бүгд архи хэрэглэхгүй л дээ. Тэр дунд 10-20 хувь нь ч юм уу, тийм тооны уух дуртай хүмүүс байж байдаг. Үндсэндээ архины хамааралтай. Эсвэл архины хэтрүүлэн хэрэглээтэй. Архи уух сэтгэлзүйн болон биеийн нөхцөл байдал тэр хүмүүст үүсчихсэн байдаг байхгүй юу. Тэрийгээ тэдгээр хүмүүс нууна.

Гаднаа их гоё биеэ авч явна, цэвэр цэмцгэр хувцаслана. “Би архи уух дуртай учраас энэ хүнийг архиар шахаж байна” гэж хэлэхгүй. Өөртэйгөө ханьсуулж хамт архи уухын тулд, өөрийгөө “Энэ байгууллага доторх ганц архичин” нь гэж хэлүүлэхгүйн тулд бусад хүмүүсийг уруу татаж архи уулгаж байна гэсэн үг. Тэгээд ажилд дөнгөж орж байгаа хүмүүсийг уруу татаж “Манайд ажилд орсон бол ингэх ёстой, тэгэх ёстой. Ийм ийм шалгуур давах ёстой. Архи дааж сурах ёстой” гэх арга хэрэглэнэ. Үндсэндээ тэр шахаад байгаа, архи уулгах гээд байгаа хүн өөрөө хамааралтай хүн л байж таардаг байхгүй юу. Ганцаараа уугаад байж болохгүй учраас өөртөө бичил орчин үүсгэж байна шүү дээ. Хамт шоуддаг, хамт архи уудаг орчин үүсгэх гээд байгаа юм. Тийм болохоор тэр “Ёроолд нь аз жаргалаа үлдээх гээ юү” гэх зэрэг үг хэллэгүүдийг гаргасан байгаа юм.

-Түүнээс биш архины хундаганы ёроолд аз жаргал байна гэж байхгүй?

-Байхгүй. Этилийн спирт бол зүгээр химийн бодис шүү дээ. Этилийн спирт нь хүнийг бага тунгаар сэтгэцийн хөөрлийн байдалд оруулна, их тунгаар ухамсрыг доройтуулна, балартаж тэр хүн согтоод унтана гэдэг чинь төв мэдрэлийн систем нь дарангуйлагдаад тэр хүн юу хийж байгаагаа мэдэхгүй болчихно. Маш бага тунгаар бага зэрэг хөөрлийн байдал үүсгэдэг. Үүнийг хүмүүс мэдрэх гэж, мэдрүүлэх гэж “Аз жаргалаа ёроолд нь үлдээх нь үү” гэж хэлж архи уулгадаг. Энэ бол архи уудаг хүмүүсийн байнга өөрсдийгөө хамгаалдаг механизм байхгүй юу. Их гоё үгээр тэрийгээ хэлж байгаа. “Муухай спирт, химийн бодис. Энийг уувал хордоно” гэж хэлэхгүй байгаа биз дээ. Архиар шахуулсан хүнд сүүлд нь ямар нэг зүйл болвол шахсан хүмүүс нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, эргэж ч ирэхгүй. Гэхдээ “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалт байдаг шүү дээ.

-Олны танил хүмүүс өөрт тохиолдсон явдлаа ярихаараа архи уусан тухайгаа ярьдаг. Байгууллага дотроо ярьж суухаараа хэзээ, яаж архидаж шоудсанаа инээдэм, наргиа болгож ярьж инээлдэж, архи даадаг нэгнээ магтдаг. Энэ нь зарим залуу хүнд архи уух сэдэл төрүүлж, “Би архи ууж байж л эдний нэг хэсэг, хамт олныхоо нэг нь болох юм байна” гэсэн зүйл бодогдуулдаг байж мэдэх юм?

-Тэгж ярьж байгаа хүмүүст өөр, эрүүлээр мэдэрсэн мэдрэмж байхгүй байна гэсэн үг. Архи уудаг хүмүүс эрүүлээр сайхан наргих, хошигнох чадваргүй болчихдог. Заавал тэрийгээ хэрэглэж байж, үг яриа нь ихэснэ, алиа хошин зантай болоод ирнэ. Эрүүл үедээ тэр хүн юу ч ярихгүй, юу ч дуугарахгүй. Үндсэндээ тэр хүн нээлттэй биш. Архи уухаараа л жаахан задарч, яриа хөөрөө ордог. Тэрийгээ л их таатайгаар бусдад ярьж байхгүй юу. Химийн бодисоор өөрийгөө түр зуур тийм байдалд оруулж байна гэсэн үг. Мансуурсан үеийнхээ юмыг л яриад байгаа нь тэр. Хүн эрүүлээр сайхан баярлах ёстой, найз нөхөдтэйгөө зугаалах ёстой, эрүүл сайхан мэдрэмжээ гаргаж байх ёстой байхгүй юу. Эрүүл байхад инээдтэй, адал явдалтай юм зөндөө л тохиолдоно шүү дээ. Согтуу байсан үеэ илүү дөвийлгөж яриад байна гэдэг бол дуртай л хүний шинж дээ.

-Архи уухгүй байх шалтгаантай хүмүүс бий шүү дээ. Гэтэл “Чи яагаад архи уухгүй байгаа юм” гэж шалтгааныг нь заавал олон хүмүүсийн дунд хэлүүлж, шүүдэг. Архи уухгүй байгаа шалтгааныг нь ингэж хэлүүлнэ гэдэг хувь хүний нууцтай холбоотой асуудал байх аа?

-Хүнд өөрийн гэсэн орон зай байх ёстой. Хувийн нууц байх ёстой. “Би уухгүй” гэсэн бол тэр хүнд архи өгөхгүй өнгөрөөх ёстой. Тэр хүнд ямар ч шалтгаан байж болно. Уух хүсэлгүй байж болно. Бие хаа нь өвдөж байж болно. Эм ууж байж болно. Янз бүрийн ажилтай байж болно. Уухаараа тэр хүн янз бүрийн асуудал үүсгэдэг ч байж болно. Тийм болохоороо тухайн хүн “Би уухгүй ээ” гэж соёлтой татгалзаж байхад тэрийг нь адилхан соёлтой хүлээж авах хэрэгтэй. Архиар шахаад байгаа хүний архидах хэв маяг нь тэнд байгаа бүх хүнийг хамруулж архи уулгаж согтоох тийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Архиар шахаад байгаа хүн нь архинд хамааралтай хүн байдаг.

Архи уудаггүй, уумааргүй байгаа хүн тухайн орчны уур амьсгалыг эвдэхгүйгээр “Би уухгүй ч гэсэн уусан юм шиг та нартай харьцана аа” гэж хошин маягаар инээж хөхрөөд “Намайг шахсаны хэрэггүй” гэж эвтэйхэн ойлгуулаад ундаа, шүүс уугаад өнгөрөөвөл зүгээр. Манай цуглаанд явдаг архинаас гараад олон жил болсон хүмүүс бий. Арав, арван таван жил архи амсаагүй хүмүүс байдаг. Тэд бусадтай л адилхан баяр ёслолыг тэмдэглэнэ. Бусадтай л адилхан дуулж, хуурдана. Тэд эрүүлээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гаргаж чаддаг. Тийм чадвартай болчихдог байхгүй юу. Түүнээс биш “Би архи уудаггүй” гээд хүмүүсийн дунд дуугүй доошоо хараад суухгүй. Адилхан яриа хөөрөө үүсгээд суухаар хүмүүс шахаад байхгүй. Үнэндээ хүмүүс уухгүйгээр баярлаж болно, хөөрч болно гэдгийг хүмүүс мэддэггүй.

-Та бид хоёр Монголын нийгэмд архитай холбоотойгоор үүссэн, зан үйл болж тогтчихсон үйлдлүүдийн тухай ярилаа. Тэгэхээр энэ зан үйлүүдээ хэрхэн зөв болгож, засах вэ?

-ДЭМБ-аас архисах, архинд донтохыг өвчин гэж үздэг болсон. Спиртийн хэрэглээндээ хяналт тавих чадваргүй болчихсон хүмүүсийг л хэлээд байгаа юм. Түүнээс биш багахан хэрэглээтэй, хааяа нэг дарс шимдэг зөв зохистой хэрэглээтэй хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Хүн болгоныг хавтгайруулаад архичин гэж цоллоод байх нь мэргэжлийн хүний хувьд зохисгүй. Тийм хүмүүс байлаа гэхэд тэр зохистой хэр хэмжээндээ соёлтой хэрэглэж сураасай.

“Бүх нийтээрээ битгий уу” гэж хэлж болохгүй л дээ. Жимсний дарсан шүүс мэтийг соёлтой хэрэглээгээр хоол ундны дараа бага зэрэг хэмжээгээр хэрэглэж болно. ДЭМБ-аас гаргасан зохистой хэр хэмжээ гэж бий. Зохистой хэмжээгээр хэрэглэж чадахгүй хүмүүс спиртээс татгалзаж амьдраарай. Болж өгвөл дээр дурдсан зан үйлүүдийг засаарай. Бид архийг идээний дээж гэж нэрлэдэг ч дөрөө мялаахдаа, янз бүрийн сайхан зан үйл хийхдээ дандаа сүү өргөдөг, сүү дусаадаг биз дээ.

Түүнээс биш хол явж байгаа хүний араас архи өргөөд, дөрөөн дээр нь архи дусаадаггүй. Тэгэхээр идээний дээж гэдэг нь худлаа байгаа биз. Тэгсэн хэрнээ хурим найр болохоор архийг илүү дээд, идээний дээд гэж үзээд байдаг нь архинд дуртай, уух дуртай хүмүүсийн л өөрсдийгөө хамгаалсан нэг механизм байхгүй юу. Архи маш олон өвчний суурь болдог. Дотрын өвчин, ходоодны шарх, элэгний өвчнүүд, нойр булчирхай, чихрийн шижин, бөөрний хурц өвчнүүдийн суурь нь архи байдаг.

-Архи огт уухгүй байх биед муу юм гэнэ лээ. Хүний биед спирт дутагддаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-“Архи уугаад байгаарай. Бие чинь сайжирна шүү. Аав ээжийнхээ дэргэд байхдаа л архи ууж сур. Архи даагаад сурчихвал хожим нь ажил дээр гарахад хамт олонтойгоо хурдан ойлголцоно” гэж үр хүүхдүүддээ хэлдэг ганц ч эцэг эх байхгүй. Хор холбогдлыг нь мэдэж л байна шүү дээ. Тэгсэн хэрнээ архи хүний биед сайн, дутагддаг гэж ярьдаг чинь буруу л ойлголт. Архийг их ч бай, бага ч бай уухад хортой.

Эцэг эхчүүд үр хүүхдээ сургахдаа “Архи битгий уу, тамхи битгий тат” гэж болгоомжлуулдаг атлаа ажил дээрээ очоод өөрийнхөө хүүхэдтэй адилхан хэн нэгэн айлын хүү, охиныг “Чи архи уу” гэж шахаад байдаг. Өөрийнхөө хүүхдүүдэд битгий архи уу гэж захиад, гаднаас орж ирэхээр нь ам хамрыг нь үнэрлээд хяналт тавиад байдаг. Тийм байтлаа дөнгөж ажилд орж байгаа хүүхдийг “Архи ууж сур” гэж шахдаг. Цаад, наадхыг нь ер боддоггүй. Үүнийг л сайн бодож, ухамсартай байх хэрэгтэй.

Л.Гансаруул
ӨДРИЙН СОНИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • (66.181.186.36)

    2022-11-24

    Chi yag arhichin dontoi eruul bish

  • (66.181.186.36)

    2022-11-24

    Nohoi mal ingej baihaar uhrech

  • Зочин (202.179.26.213)

    2019-09-22

    Хэнтийн Чойном гээд нэг согтуу буриад пизда тэгэж орилсоор байгаад галзуурч үхсэн

  • s (202.179.24.95)

    2019-09-22

    mongol arhinuud talin haraas l myashuudee

  • 888 (202.9.42.15)

    2019-09-22

    Odooni arhi dontuulagch ihtei gedeg UNEN shuu. Hyatad spirtend yalanguya ih bdag gej bga yum. Teriig ni manai arhinii uildveruud buteegdhuunii uuriin urtgiig buuruulah zorilgoor avch heregleed TSEWER ULAAN BUUDAIN spirt.UNDESNII UILDWERLEL gej zarlaad bgaa yum daa. Neg hyatad tanai arhi muu,uusni daraa zaaval dontuuldag, dahin uulgadag,Tanai arhiig uusnaas manai budaani arhi zugeer gej yarij bsan. Tuunees gadna negent l taaruulj uuj chadahgui bol ogt uuhgui baisan ni deer dee gej helmeer baina.

  • (202.179.25.107)

    2019-09-22

    haayaa haaya 1 steroid shahahch saihan shuu

  • (202.179.25.107)

    2019-09-22

    hamgiin hortoi har tamhishuudee

    2019-09-22

    Nohoi mal ingej baihaar uhrech

  • Зочин (103.212.116.127)

    2019-09-22

    Архийг гаргаж авдаг аргаар нь цагаан идээний охь гэсэн утгаар идээний дээж гэж нэрлэсэн биз ээ. Түүнээс биш уухын тулд тэгэж нэрлээгүй хэрэг. Юмыг буруу эргүүлж буруу мэдэрсний гэм их. Идээний дээж гэдэг нь идээний дээд гэсэн үг огт биш. Дээж гэдэг нь амсах төдий байх зүйл, дээж болгож тавих гэсэн утгатай байсан болов уу. Ийм зүйлийг буруу ухаарсан хэрэг. Тиймээс л дөч хүрээд дөнгөж амс гэсэн өвөг дээдсийн захиасыг зөрчсөн гэм тархсан даа.

  • (178.85.140.24)

    2019-09-21

    Bi.arihnaas.garaad.12-r.jil.bolj.baina.Odool.eleg.chin.saina.baina.gesen.ug.sonsoloo.tegeed.oilgoh.heregtei.iim.l. hortoi.eddee.Zaluusaa.odoo.bie.tat.arhinaas.garah.gedeg.sanaanii.asuudal.Bi.mash.ih.uudag.baisan.Neg.l.Odor. uuhaa.bolii.geedel.shuud.garsan.sonin.baigaa.biz.Nadaas.asuudag.Arhinaas.gargadag.em.uusnuu.gej.olon.hun. asuudag.20-garui.jil.uusan.Yamarch.emchilgee.avch.uzeegui.arhinaas.gargadag.saina.em.baidag.l.baiha.bi. medehguil.dee.Arhinaas.bolih.yumsan.gej.olon.jil.boddog.baisan.ch.Neg.l.odor.ene.arhiig.uuhaa.bolii.geedel.bolson. Menii.bodhod.neg.eh.tom.yumand.buu.bod.zugeer.l.zugeer.l.uugaad.yah.yum.Tamhinaas.l.garj.jadahgui.baigaa. basl.neg.odor.garh.baihdaa.Ergeed.bodhod.tom.yumand.betgii.bod.zugeer.l.mash.jeriin.asuudal.ch.besh.zugeerl. uugaad.yah,yum.be.Menii.Bodhod.tamihnaas.garhaas.amarhan.baiha.Garna.gej.boono.asuudal.uuhaa.l.bolchih.

  • irgen (31.165.225.30)

    2019-09-21

    yag ynen ideenii deed bish shyydee, hor…ooriigoo bolon niigmiin gai , hor

  • VODK@ (122.16.220.200)

    2019-09-21

    Arkhia baga shaaj, airgaa ih shaa, uhaan medrelee aldtalaa, tasarch unatlaa arhidahaa bolitsgoo muu teneg novshnuudaa!!!!!

    2019-09-21

    Chi yag arhichin dontoi eruul bish

  • (202.9.45.23)

    2019-09-21

    xor ixtei bolson odoonii arxi ilvv ix dontuulagchtai bvv xergel

  • (103.212.118.112)

    2019-09-21

    ДЭЭД БИШ ДЭЭЖ ГЭЖ ҮЗДЭГ.