Ардчилсан хувьсгалын 33 жил 33 их ололт, амжилт

Тэртээ 33 жилийн өмнө Монголд оронд өрнөсөн үйл явдлыг Итар тасс, CNN, BBC, Асейшетид Пресс агентлаг дамжуулахад Африкийн ногоон ширэнгэ, Арабын элсэн цөл, Антарктидыг хүртэл цуурайтан Монголыг мэддэггүй нь мэдэж, мэддэг нь бахархаж байсан* гэж Ардчилсан хувьсгалын нэгэн лидер өгүүлсэн байдаг. Тэр цагаас хойш 33 жил өнгөрөхөд Монголын нийгэмд асар олон өөрчлөлт шинэчлэлт эрчимтэй өрнөж, үнэт зүйлүүд төлөвшин тогтжээ.

Ардчиллыг үнэлэх үнэлэмж, хэмжих хэмжүүр, тэдгээрийг илэрхийлж тодорхойлох асар олон аргачлалууд шинжээчид боловсруулан гаргасан нь бий. Эдгээрийн дотроос хүний эрх, чөлөөт сонгууль, оролцоо, ил тод байдал, иргэдийн хяналт зэрэг ухагдахууныг ардчиллын үнэт зүйлийн нэн тэргүүний хэмжүүр болгож болох юм. Өнгөрсөн 33 жилд Ардчилсан хувьсгалын үр дүнд төлөвшсөн 33 ололт, амжилтыг энэ өгүүлэлд онцлохоор төлөвлөв. Мэдээж хэрэг 33 бүү хэл 300 үнэт зүйл, ололт амжилтыг нэрлэж болно.

Нэг. Хүний эрх, эрх чөлөө.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хэлбэршүүлсэн эрх чөлөөний загварчлалаар Монгол улсад бүх хүн тэгш эрхтэй, аливаа хэлбэрээр ялгаварлагдахгүй, адил боломж, эрх, эрх чөлөөг эдлэхээр тунхаглагдлаа. 1992 оны шинэ Ардчилсан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд хүний баталгаатай эдлэх, эрх чөлөөг зүйлчлэн заасан байна. Манай Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх**.

Манай улс хүний эрхийг хуульчлан баталгаажуулсан хэм хэмжээний хэлбэрээрээ Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнууд дотроо “эрх чөлөөний арал” хэмээн өргөмжлөгддөг.

Хоёр. Тусгаар тогтнол.

Халхын өндөр гэгээн Занабазар Манжийн хаанд 1636 онд дагаар орсноос хойш 1990 он хүртэл 354 жилийн дараа Монголчууд өөрсдөө хэний ч зааваргүйгээр өөрөө бие даан шийдвэр гаргах эрхтэй болов. 17 дугаар зуунаас эхлэн Халхын хэрэгт Манжийн төр, 20-р зууны эхэн үед Дундад иргэн улсаас нөлөөлж байсан бол 1920-оод оноос Зөвлөлт гүрний удирдлаганд шилжсэн. Ийнхүү өмнөд ба умард хөршийн нийслэл Бээжин ба Москвагаас бид бүхний эрхийг шийддэг байсныг 1990 онд эцэс болгож Зөвлөлтийн 120 мянган цэрэг, цэргийн анги нэгтгэлүүд, тагнуулын обьект, цөмийн цохилтын бай болох цөмийн зэвсэглэлүүдийг, цэргийн шүүхтэй нь хамт гаргаж, ЗХУ-н бүрэн эрхт төлөөлөгчийн газруудыг татан буулгаж нутаг дэвсгэрээ чөлөөлснөөр Монголчууд өөрсдийн эрхээ өөрсдөө шийдэж бүрэн эрхт тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан юм.

Гурав. Монгол улсын Үндсэн хууль.

Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төсөлд нийт давхардсан тоогоор 900 гаруй мянган иргэд, байгууллагаас саналыг нь авч, хэд хэдэн үе шаттайгаар хэлэлцэн, Ардын Их Хурлын 12 дах удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаанаар батлав. Уг бичиг баримт нь дэлхий дахинаа Ардчилсан чиг баримжаатай хэмээгдэх 62 орны Үндсэн хуулиас харьцуулсан судалгаа хийж, манай улсын Ардчиллын онцлогт тохирох ололт амжилтыг нь авч тусган, энэ цаг үеийн олон улсын эрх зүйн баримт бичиг, НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бүрэн нийцсэн, хүний эрхийг баталгаажуулж,Монголчуудын уламжлал, язгуур эрх ашгийг дээдэлж, үндэсний эв нэгдэл тусгаар тогтнолыг тунхагласан 6 бүлэг, 70 зүйлтэйгээр 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан нь Ардчилсан хувьсгалын ололт амжилтын хамгийн том, хамгийн чухал улс төр, хууль эрх зүйн баримт бичиг болсон юм.

Дөрөв. Нээлттэй, төвийг сахисан гадаад бодлого.

БНМАУ гадаад харилцааны хувьд ЗХУ-тай өөрөөс нь бусад улстай харилцах хүсэлтээ заавал Москвагаас асууж, ихэнхдээ тэр оролдлого нь бүтэлгүйтдэг байв. Социалист чиг баримжаатайгаас бусад оронтой харилцах эрхгүй, тэр бүү хэл нээлттэй ертөнцийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийг унших, сонсох хориотой байв. 1989 он гэхэд ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 улс, түүн дээр Лаос, Вьетнам, Энэтхэг, Чили, Куба, Умард Солонгос зэрэг 20 орчим оронтой харилцаатай байсан бол гуравдагч хөршийн бодлогыг дэвшүүлснээр өдгөө дэлхийн 184 оронтой харилцаа тогтоож ихэнхид нь дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулаа нээж улс төр, эдийн засаг, соёлын өргөн харилцаатай байна. 2015 онд Монгол улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын хувьд төвийг сахисан орон байхаа илэрхийлсэн*** билээ.

Тав. Төрийн байгууламжийн шинэ тогтолцоо.

Нам төвтэй, төрд үйлчлэх коммунист нийгмийн элемент болсон иргэдийн зорилго нь нийтийн төлөө зүтгэх явдал байв. Харин 1992 оноос хойш иргэн төвтэй төртэй болж намыг төрийн дээрээс буулгаж засаглалын гадна талд гаргав. Нам бол үзэл суртлаар зааварлан удирдагч биш төрийн хүний нөөцийг бэлдэх үүрэгтэй институти болсон юм. Шинэ төрийн байгууламж нь Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлж, засаглалын үндсэн 3 салаа мөчир Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн харьцангуй ялгааг зааглан салгаж, чиг үүргийг нь тодотгон,Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлогийг гаргаж ирсэн. Нэг намын тогтолцоон дах эрх мэдлийн төвлөрлийг задлаж, авторитари диктатурыг устгав.

Зургаа. Парламентат ёс.

Олонхийн засаглалыг хэрэгжүүлэх сонгодог хувилбар төлөөллийн ардчиллын загвар анхны парламентыг 1992 оны сонгуулийн үр дүнд байгуулав. Хэдий коммунист нам эл сонгуульд үнэмлэхүй ялсан ч парламентын ардчилалын загварыг сонгуулийн аргаар иргэд өөрсдөө хэрхэн төлөвшүүлж болох сонгодог жишээг үзүүлсэн юм. Эдүгээ түүнээс хойш парламентын 7 удаагийн/1992,1996,2000,2004,2008,2012,2016/ ээлжит, мөн цөөн тооны нөхөн сонгууль амжилттай явагдаж давхардсан тоогоор 540 шахам парламентчыг Монголын ард түмэн УИХ-д сонгожээ.7 удаагийн парламент 1992-1996 онд 1, 1996-2000 онд 4, 2000-2004 онд 2, 2004-2008 онд 2, 2008-2012 онд 2, 2012-2016 онд 2, 2016-аас өнөөг хүртэл 2, нийт 15 Засгийн газрыг байгуулж, 300 орчим сайдыг томилсон гэх тоон үзүүлэлтийг бүтээсэн ба нэг парламент дунджаар нэг чуулганаар 38 орчим хууль тогтоомж тогтоол баталж 12 удаагийн ээлжит болон ээлжит бус нийт 20 гаруй чуулганаар давхардсан тоогоор 3000 шахам шийдвэр гаргаж, өдгөө хууль зүйн мэдээллийн цахим сан Legal-info сайтад 704**** хууль, гэрээ, 1900 гаруй тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна. Парламентат ёс бол Ардчилсан хувьсгалын нэн чухал ололтын нэг юм гэдгийг тодотгох нь зүйтэй.

Долоо. Шүүх засаглалын хараат буй байдлын үндэс.

Хуучин социалист эрх зүйн бүлийн орнуудын жишиг загвараар Шүүхийн салбар Засгийн газарт харьяалагддаг, Засгийн газрыг намын дарга удирдана. Шүүх яамны үйл ажиллагаанд Засгийн газраар дамжуулж намын төв хороо шууд оролцох систем үйлчилж байв. 1992 оны Үндсэн хуулийн 3 дүгээр бүлэгт Шүүх эрх мэдлийг тусад нь бататган хуульчилж өгснөөр Шүүхийн хараат бус бие даасан байдал бүрэлдэх суурь үндэс нь тавигдав. Монгол хүн шударга шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөх боломжтой болов.

Найм. Төрийн албан хаагчийг намаас тусгаарлав.

МАХН-д элсэхгүй бол олигтой ажилд орох боломжгүй байлаа. Учир нь намд хэдий чинээ үнэнч зүтгэнэ, тэр хэрээр албан тушаал дэвшүүлдэг спойл зарчим юм. Ардчилсан хувьсгалын он жилүүдэд төрийн жинхэнэ албыг намаас зааглаж салгалаа. Ингэснээр төрийн жинхэнэ албан хаагч нь иргэдэд алагчлалгүй үйлчлэх хуулийн үүрэг хүлээх болсон юм.

Ес. Орон нутгийн өөрөө удирдах ёсны суурь бүрэлдэв.

Орон нутгийн иргэд өөртөө хамаарах асуудлаар шийдвэр гаргах эрхийг зөвхөн өөрсөддөө хадгалж үлдэх эрхийг нь Үндсэн хуулийн дөрөвдүгээрбүлэгт шат шатны ИТХ, ИНХ-ын эрх, үүргийн үндсийгбататган, улмаар Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулж тодотгон дэлгэрүүлснээр иргэд өөрсдөө орон нутагтаа хамтын шийдвэрээ гаргажасуудлаа шийддэг зарчим одоо нэгэнт төлөвшжээ.

Арав. Олон намын тогтолцоо.

Ганцхан удирдагч намтай, ганцхан удирдагчийг тахин шүтдэг дарангуйллын диктатурыг халж олон намын тогтолцоог бий болгов. Ардчиллын анхны жилүүдэд үүссэн эвсэл хөдөлгөөнүүд идэвхижин улмаар нам болон өргөжиж 1992 оны сонгууль гэхэд МоАН, МСМН, МСДН, МҮДН, МШАН болон бусад намууд бүрэлдэн 70 жил ноёрхсон МАХН-тай нэгэн зэрэг өрсөлдөхөөр сонгуулийн хороонд бүртгүүлжээ. Өдгөө УДШ-д 34***** улс төрийн хүчин бүртгэлтэйгээр төвийн бүс болон орон нутгийн өнцөг булан бүрт салбар, үүрээ нээж тэдгээрийн гишүүнчлэлийн тоо хагас саяас хол давсан байна.

Арван нэг. Чөлөөт сонгууль.

Намаас зөвшөөрсөн нэг хүн нэр дэвшээд, ганцаараа өрсөлдөөд, иргэд 99.99 хувиар санал өгч ялдаг байсан хэлбэрийн сонгуулийг халав. 1992 оны анх удаа улс төрийн олон нам сонгуульд оролцов. 1996 онд 10 гаруй нам, 2000 онд 20 шахам намын 700 гаруй нэр дэвшигчид, бие даагчид өрсөлдсөн. Мөн түүнчлэн энэ хугацаанд сонгуулийн можиратор болон пропорацианал системийг жижиг ба томсгосон тойргуудад, мөн хосолсон хувилбараар явуулж чөлөөт сонгуулийн багагүй туршлагыг хуримтлуулаад байна.

Чөлөөт сонгуулийн үр дүнд өмнө дурдсан парламентын 7 удаагийн сонгуульд 540 орчим гишүүнийг, 5 Ерөнхийлөгч/1993 онд П.Очирбат, 1997 онд Н.Багабанди, 2005 онд Н.Энхбаяр, 2009 онд Ц.Элбэгдорж, 2017 онд Х.Баттулга/ийг, мөн аймаг Аймаг, Нийслэлийн ИТХ-д ойролцоогоор давхардсан тоогоор 5580 орчим төлөөлөгч, сум, дүүргийн ИТХ-д 7 удаагийн сонгуулиар давхардсан тоогоор ойролцоогоор 51000 орчим төлөөлөгчийг, 1530 баг 120 гаруй хороон дээр мөн 7 удаагийн сонгуульд давхардсан тоогоор 11500 орчим ИНХ-ын дарга, мөн тооны баг, хорооны Засаг дарга нарыг, үүнээс 4 дахин олон ИНХ-ын тэргүүлэгч нарыг сонгосон байх тооцоог Засаг захиргааны нэгжийн тоонд тулгуурлан гаргаж болох юм.

Арван хоёр. Хувь хүний өмчийн эрхийн баталгаа.

Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хувийн өмчийг баталгаажууллаа. Иргэн хүн аливаа өмчийг шударгаар олж авах, түүнээ өмчлөх, захиран зарцуулах эрх нь хуулиар хамгаалагдаж, хувийн өмчид халдахыг хуулиар хориглолоо. Мөн оюуны бүтээл туурвих, түүнийгээ бүртгүүлэх, бусдад шилжүүлэх эрхийг ч олгов. Оюуны өмч, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, өв залгамжлал, хөрөнгийн эрхийн бүх хууль тогтоомжийг баталж хувь хүний өмчийн эрхийг бүхий л талаар баталгаажуулсан нь Ардчилсан нийгэм дэх хүний эрхийн маш том баталгаа болж чаджээ.

Арван гурав. Өмч хувьчлалт.

Малыг малчдад, орон сууцыг эзэмшигчдэд нь, газрыг тариаланчдад шилжүүллээ. Эрт дээр үеэс уламжилж ирсэн ардын аж ахуйтныг малаас нь салгаж нийгэмчлэн, элдэв социалист нормоор дарж, өөрсдөө ч мах сүүгээ цадталаа идэх эрхгүй, ноос ноолуураа ашиглах боломжгүй байсан малчид маань буурлынхаа буяныг өөрсдийн дураар эдлэж өсгөн, ашиг шимийг нь хүртэх болов. 300 шахам хөдөө аж ахуйн нэгдлийн бүх малчин өрх өөрийн гэсэн малтай болов.

Арван дөрөв. Малчин өрхийг татвараас чөлөөлөв.

Малчин өрхийн ам бүлийн тоонд мал сүргийг хонин толгойд шилжүүлсэн итгэлцүүрээр татварын хөнгөлөлт үзүүлж, улмаар малчин өрхөд ногдуулах малын хөлийн татварын хэмжээг тэг болгов. Ингэснээр малчин өрхийг татварын дарамтаас чөлөөлөх, амжиргааг дэмжиж өрхийн эдийн засгийг тэтгэх, улмаар уламжлалт мал аж ахуйн салбараа бодлогоор дэмжсэнээр Монгол малын тоо толгой богино хугацаанд үнэмлэхүй ихээр өсөв.

Арван тав. Монголын малын тоо толгой 70 саяд дөхөж ирэв.

Зөвлөлт холбоот улс БНМАУ-ыг мах бэлтгэлийн гол ханган нийлүүлэгчээ хэмээн тооцож Монголыг малыг 200 саяд хүргэх төлөвлөгөөг Москвагаас шамдуулж байсан билээ. Яаж ч хичээгээд социализмын он жилүүдэд 26 саяас давж чадаагүй мал сүргийн тоо 2001 онд 33 сая, 2010 онд 53 сая, 2018 оны жилийн эцсийн тооллогоор 67 сая болж өссөн бөгөөд энэ оны сүүлд 80 саяас давах төлөвтэй байна. Энэ амжилт бол Ардчилсан хувьсгалын он жилүүдэд малчид ба малын хөлөөс авах татварт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж, үндэсний уламжлалт ардын аж ахуй “мал төрийн хамгаалалтанд байна”****** гэсэн бодлого барьсны үр дүнд үүссэн эдийн засгийн хамгийн үнэтэй эрхэм ололт юм.

Арван зургаа. Газар өмчлөв.

Эдийн засаг-үйлдвэрлэлийн тулгуур капитал бол газар гэдгийг Марксист эдийн засагчид хүртэл нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч коммунистууд газрыг төрийн хатуу мэдэлд байлгадаг. Харин чөлөөт зах зээл газрыг хувьд шилжүүлснээр үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхижүүлж, эдийн засгийн өсөлтийг авчирна гэж үздэг. Монгол улс иргэдээ өмчтэй, нийгэмдээ чинээлэг суурь давхаргыг бий болгохын тулд иргэн бүртээ үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг хуулиар нээж өгч 2002 онд МУ-н иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр өдгөө нийслэлд 90 мянган хашаа байдгаас түүнийг 100% өмчлүүлж, дээр нь дахиад 100 мянган иргэнд шинээр газар өмчлүүлсэнээр зөвхөн нийслэлд 190 мянган иргэнгазар өмчлөөд байна. Хөдөө орон нутагт ч мөн адил газар өмчлүүлэх ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

Арван долоо. Банкны тогтолцоог шинэчлэв.

Зөвхөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн механизмыг санхүүжүүлэх үүрэгтэй тооцооны кассуудын тогтолцоог өөрчилж шинэчлэв. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэдэг төв банк, санхүүгийн системийн чөлөөт тоглогч арилжааны банк гэсэн шатлалтай болсоноор хадгаламжийн хүү өсч үр дүнд нь иргэдийн хадгаламж эрс өсч өнөөдөр нийт хадгаламж 3.4 их наяд төгрөгт хүрч, 715 мянган өрхийн дундаж хадгаламж 2.5 сая төгрөг болсон ба 27000 өрх дунджаар 54 сая төгрөгний хадгаламжтай байгаа нь олон улсын дунджаас дээгүүрт тооцогдоно.

Арван найм. Шашин шүтэх, эс шүтэх эрх нээгдэв.

1930-аад оны хэлмэгдүүлэлтээр 17000 гаруй ламыг шийтгэснээс 14000 орчмыг цаазалж, 700 гаруй сүм хийдийг нурааж шатаан, тоолж баршгүй шашны урлагийн бүтээл бурхан тахил, ном судар, соёлын өвийг устгаж, хурааж авсан байдаг. Энэ бол хэлмэгдлийн дөнгөж эхлэл бөгөөд шашны салбарыг хамарсан хэсэг нь.

Улмаар Буриад зон олонд “геоноцид” буюу “төрлөөр устгах” “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”-ийг үйлдсэн. Мөн хэлмэгдүүлэлт хүрээгээ тэлж цэргийн салбар, улс төрийн салбар, боловсрол соёл-утга зохиолын салбар, малчдыг хүртэл хамарчээ.

Арван ес. Цагаатгал.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдав.

Энэ их хэлмэгдүүлэлтэд өртөж хохирсон хүмүүсийг цагаатгах боломжийг Ардчилсан хувьсгал эхлүүлж хэрэгжүүлэв. Цагаатгалын комисс 31210******* хүнийг цагаатгасан ба одоо ч цагаатгах ажил үргэлжилж байна. Төр нь иргэнээ хөнөөсөн энэ аймшигт үйлдэлд Монгол улсын төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 80 жилийн дараа хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Харин цуст хэлмэгдүүлэлтийг гардан үйлдсэн улс төрийн хүчин, түүний залуу халаа, үзэл баримтлал, байр суурийг залгамжлан хамгаалагчид өнөөдрийг хүртэл дуугүй суусаар.

Хорь. Ард түмний соён гэгээрэл, чөлөөтэй бүтээж туурвих эрх

Хилийн чандаас оруулж ирж буй номны хавтсыг нь хүртэл хуулж шалгадаг байв. Зөвхөн Марксизм, Ленинизмын онолын үзэл суртлыг цээжлэхийг шаарддаг, түүнээс бусдыг уншихыг хатуу хориглодог хаалттай ертөнцийн цонхыг нээхэд утга зохиол, шинжлэх ухаанд өөрчлөлт дэвшлүүд гарч ирлээ. Ард түмэн Хэнтийн хүү Ренчингийн Чойномын эрх чөлөөг хүсэмжилсэн хориотой шүлгүүдийг нь нас барснаас нь арав гаруй жилийн дараа бүрэн эхээр нь уншиж, Чинагийн Галсан, Мэнд-Ооёо, Урианхай нарын бүтээл Нобелийн утга зохиолын номинацид нэр дэвшиж, НҮБ-ийн цэргийн шинжээч Д.Эрдэнэцогт олон улсын багийнхантайгаа хамтран химийн зэвсгийг хорогдуулах чиглэлээр хийсэн ажлаараа энхтайвны Нобелийн шагнал хүртэв. Модернист шүлэгч Баатарын Галсансүх, сэтгүүлч Төрмөнх нарын Нохойн орон кино олон улсын кино наадмуудаас 20 гран при хүртлээ. Мөн Баабар тэргүүтэн соён гэгээрүүлэгчид, олон арван паблишингийн компаниуд, Д.Чойжамц, Г.Пүрэвбат, Х.Баасансүрэн нарын шашны соён гэгээрүүлэгчид төрөн гарав.

Монголын их дээд сургууль ба түүнийг төгсөгчдийн тоо хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээрээ нэлээд өндөр түвшинд гарч ирлээ. Энэ бол нээлттэй, чөлөөт нийгмийн үр дүн юм.

Хорин нэг. Чөлөөт хэвлэл.

Нээлттэй нийгмийн хамгийн том цонх. Өнөөдөр өдөр тутмын 10 орчим сонин, 70 гаруй тв, 100 гаруй мэдээллийн сайт, олон зуун сонин сэтгүүл ажиллаж, дөрөвдэхч засаглалын үүргээ эрчимтэй гүйцэтгэж байна. Ардчилсан хувьсгалыг үгүйсгэн бичдэг зарим чөлөөт хэвлэлд Ардчилсан хувьсгал өөрөө чөлөөтэй эрхийг нь олгодог.

Хорин хоёр. Үндэсний соёл уламжлалаа дээдлэн сэргээв.

Айх айдасгүйгээр “Цагаан сар”-ын үндэсний уламжлалт баяраа тэмдэглэдэг болов. Цагаан сараа Майн баяраар сольж, цагаан сахалтай өвгөд, Чингэсийнхээ хөргийг хойморт залдаг байснаа болиод Лениний зургийг өлгөдөг болсон байв. 1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын Нууц товчооны 750 жилийн ой”-г өргөн дэлгэр тэмдэглэснээр Монголын ард түмэн Үндэсний түүхэн уламжлалаа сэргээн дээдэлж буйн илрэл томоохон бэлэгдэл арга хэмжээ болсон юм.

Хорин гурав. Зах зээлийн эдийн засгийн зарчимыг төлөвшүүлэв.

Зөвлөлтийн зээлээр тэжээлгэж байсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг тартагтаа тулав. ЗХУ-ын зүгээс БНМАУ-тай олон улсын худалдааны жамаар харьцаж байна гэх боловч дотооддоо 1 рублийн үнэтэй барааг Монголоос 39 копекоор авч, Монголд 1 рубль 56 копекоор зарж байв. Энэ нь эдийн засгийг туйлдуулан хуримтлалгүй болгож 1986-1990 он гэхэд Монгол улс жил тутам 506 сая шилжих рубль буюу тэр үеийн зарласан ханшаар 704 сая ам долларын зээл тусламж авч******** “их өр” гэгч хуримтлагдав.

Ардчилсан хувьсгалын эхний он жилүүдэд умард ба өмнөд хөрштэй чөлөөт худалдааны бодлого барьж импортын татварыг тэглэв. Төрөөс хатуу тогтоосон тарифуудыг чөлөөлөн, шударга өрсөлдөөнд шилжүүлж, үнэ чөлөөлөх чиглэлээр Засгийн газрын зүгээс оновчтой зохицуулалтыг хийснээр хөшиж зогссон эдийн засаг чөлөөт зах зээлийн зарчмаар урагшлан хөгжих үндэс суурь нь тавигдав. Оросоос хараат бус болсноор гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлж, Алт хөтөлбөр зэрэг уул уурхайн төслүүдийг хөдөлгөх алхмуудыг хийснээр үндэсний эдийн засаг бие даан сэргэв.

Хорин дөрөв. Хүний хөгжил ба Монгол хүний оюун санааны ололт, чадавхи.

Хүний хөгжлийн индексийг тооцох олон улсын аргачлал нь нарийвчилсан төрөл бүрийн шалгуураар 0-1 хүртэлх бутархай оноо өгч дүгнэдэг. 1990 онд Монгол хүний хөгжлийн дундаж 0,6-аас доош үзүүлэлттэй буюу үлгэн салган тэг дунд нь байж. Харин 2015 онд 0.735 болж өссөн бол 2019 оны байдлаар 0.8-ийг давжээ. Энэ бол 30 жилийн хугацаанд хөгжлийн хэмжүүрийг 80 хувьд хүргэсэн үнэмлэхүй амжилт юм. “Энэ үзүүлэлтээрээ Герман 0.926 оноогоор дэлхийд 4-р байрт, Норвеги 0.949-р 1-т явж байна”*********, нийгмийн стресс, дарамтгүй Монгол залуучууд эрчимтэй хөдөлмөрлөвөл эдгээр тархинуудыг гүйцэхэд 20 жил хангалттай.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол хүний хөгжлийн үзүүлэлт үнэмлэхүй дээшилснээр Монгол хүмүүс олимп, дэлхийн аварга болж, Дэлхийн дуурийн урлагийн тайзыг эзэгнэж, Японы мэргэжлийн сумод дараалан аваргалж байна. Жудоч Найдангийн Түвшинбаяр, мэргэн буудагч Отрядын Гүндэгмаа, ширэн нударгатан Сэрдамба, Бадар-Ууган, алтан гургалдайн цээл хоолойт Ариунбаатар, ёкозүна Дагвадорж, Даваажаргал, Бямбадорж, Ананд нар болМонгол “хүний хөгжил”-ийн үзүүлэлтийн сонгодог жишээ юм. Гэхдээ зөвхөн спортын салбарынхны жишээг энд түлхүү дурьдсаны учир нь шинжлэх ухаан судалгааны салбарынхныг хоёрдугаарт тавьсных биш гэдгийг дурьдууштай.

Хорин тав. Монгол хүний амьдралын чанарын ахиц.

Өнөөдөр Монгол хүн хэрэглээндээ дунджаар 214 нэр төрлийн барааг*********** хэрэглэж, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ/facebook, twitter, linkedin, instagramm гэх мэт/ний хэрэгслээр өндөр хурдны интернэт ашиглан гадаад орчинтой цаг алдалгүй шууд холбогдож, дэлхийд тэргүүлэх технологийн компаниудын брэндийг амьдрал ахуйдаа хэрэглэж байна. Тухайлбал Toyota-ийн автомашин, apple, huawеi, Samsung-ийн гар утас, компьютерүүд, Microsoft-ийн программууд Монгол хүний өдөр тутмын хэвийн хэрэглээ болжээ. Монгол хүний жин 1980-аад оноос хойш 15 кг-аар нэмэгдэж, биеийн тамир, эүүл мэнд хэвийн зохих түвшиндээ ирж сайжирсан,5 өрх тутамд 1 орон сууц ногдож, 3 хүн тутмын нэг нь автомашин унаж, 1 хүн 2 гар утас хэрэглэж байгаа хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлж байна.

Хорин зургаа. Хүүхдийн мөнгө.

Хүн амын өсөлтийн бодлогыг дэмжиж хүүхэд бүрт Засгийн газраас мөнгөн тэтгэмж олгодог болов. Социализмын он жилүүдэд Зөвлөлтөөс Монголын малыг өсгөхөд хэт анхаарч, хүнийг нь орхигдуулж байв. Одоо хүртэл ОХУ-д Тува, Алтайн БНУ-д эм мал тутамд рублиэр урамшуулал өгдөг ба харин алслагдсан энэ бүс нутгийн ард түмэн, хүүхэд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал орхигдсоноос хойд хөршид бослого тэмцэл өрнөөд байгаа билээ. Хүүхдийн мөнгө олгож эхэлснээс хойш төрөлт нэмэгдэж, хүүхдийн эндэгдэл буурч, бага насны хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал багассан байна.

Хорин долоо. Монгол улс ба “Цөмийн зэвсэггүй бүс” статус.

1992 онд Монгол улс Цөмийн зэвсгээс ангид бүс нутаг болохоо зарлав. Уг асуудлаар 1998 онд НҮБ-аас дэмжсэн шийдвэр гаргасан бол, 2012 онд Монгол улс цөмийн зэвсгээс ангид байхаа зарласан 20 жилийн ойгоор Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 орон/ОХУ, БНХАУ, Их Британи, АНУ, Франц/ууд хамтарсан тунхаглал батлав. Хамтарсан тунхаглалаар МУ-д цөмийн аюул учирсан тохиолдолд Аюулгүйн зөвлөлийн орнууд туслах, мөн улмаар ОХУ, БНХАУ-ууд олон улсын эрх зүйн хүрээнд МУ-н цөмийн зэвсэггүй бүсийг хамгаалах үүргээ санаж биелүүлэхээ амласан нь бидний хувьд батлан хамгаалах бодлогоо гадаад аюулгүй байдлын хувьд баталгаажуулсан хамгийн том ололт амжилт юм.

Хорин найм. Цаазын ялгүй Монгол улс.

2012.01.05-ний өдөр Иргэний болон улсын төрийн эрхийн пактад нэгдэн орох тухай хуулийг Монгол Улсын Их Хурал баталсанаар Монгол улс цаазын ялаас татгалзсан 97 дах орон болов. Энэ үйл явдал Ардчилал, хүний эрхийн талд баттай зогсож буйн илэрхийлэл болсон юм. Эмнести Интернэшл олон улсын хүний эрхийн байгууллага мэдэгдэлдээ: Цаазаар авах ял шийтгэлтэй 58 биш 57 орон байдаг гэж бичигдэх боллоо гэсэн бол Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс: Цаазаар авах ялыг үгүй болгох санаачлагыг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цуцалтгүй тэмцэж, биелэлтийг нь ажил хэрэг болгосон МУ-н Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид талархал илэрхийлж байна*********** гэжээ.

Хорин ес. Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны тухай хууль.

Ардчилал оролцоогоор амилан босч, ил тод байдлаар амьдардгийг Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд биеэрээ мэдэрлээ. Төсөв, санхүүгийн шийдвэрийг зөвхөн төрийн өндөр албан тушаалтнууд гаргадаг байсан бол орон нутгийн иргэд өөрсдөө гаргаж, түүнийхээ зарцуулалтыг хянадаг иргэдийн оролцоотой, ил тол ардчилал Орон нутгийн хөгжлийн сан болон Шилэн дансны тухай хуулиар амилан амьдарлаа. Энэ бол ардчилал улам бүр нарийвчлагдаж байгаагийн, магадгүй Скандиновын орнуудын оролцооны загварчлал руу дөхөж буйн илрэл мөн байж болох.Энэ органик хууль бол өнгөрсөн хугацаанд Монголын Ардчилал өөрийн “лаборатори”-даа гаргаж авсан унаган “бүтээгдэхүүн” нь, хамгийн хэм хэмжээлэг ололт маань байж болно. Энэ бол улам бүр шинжлэн судалж, сайжруулан хөгжүүлэх ёстой үр хөврөл мөн.

Гуч. Шинэ цагийн Ардчилсан МОНГОЛ ХҮН.

Ардчиллын үнэт зүйлсийн үнэ цэнэ, түүний үр шимээр амьдрал ахуйгаа өөд нь татаж яваа Монгол хүн энэ улсын хамгийн үнэт баялаг. Аюулгүй байдлаа хуулиар хамгаалуулж, хийж бүтээх бүх эрх чөлөө нь нээлттэй, оюун санааны хүлээснээс тавигдаж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн бие хүн-иргэнийг төлөвшүүлсэн нь Ардчилсан хувьсгалын топ/best/ололт юм. Энэ цагийн Монгол хүн боловсрол, сэтгэлзүй, хэрэглээ, хандлага, соёл, өрсөлдөх чадвараараа аль хэдийн “дэлхийн иргэн” болж нэгэнт төлөвшжээ.

1989-1990 онд Монголын Ардчилсан хувьсгалтай хамт мэндэлсэн Монгол хүүхэд өнөөдөр 30 насыг хүрч байна. Энэ үеийнхэн бол Монгол Үндэстний залуу үе. Аль ч улс орны залуу үе бол ямар ч нийгмийг өөрчлөх потенциалыг өөртөө агуулдаг гэж үздэг. Монголын ардчилалд популизм, авлига, коммунизмын үлдэгдэл хог шаарнуудын зүгээс хийж буй ардчиллын эсрэг суртал ухуулга, ялзарсан улс төрчдийн ёс суртахуун гэх мэт бэрхшээл тулгамдаж байгаа ч үүнийг Ардчилсан хувьсгалтай чацуу залуу үе нь засаж залруулж чадна, тэдэнд тийм нөөц, тэдэнтэй тэмцэх зориг, үнэт зүйлийн төлөвшил бий.

1990 онд социалист нийгэм задарсны дараа Монголын ард түмэн амьдралын итгэл үнэмшлийн асар том хоосон орон зайд үлдэж Ардчиллын үнэт зүйлийг ойлгож, эзэмшиж, амьдралдаа амилуулж амжаагүй байх тэр хугацаанд ардчилсан хувьсгалын талаар эерэг бус ойлголтууд нийгэмд нэлээд үлдсэн байдаг. Гэвч Ардчиллыг хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрдөг хэний ч хойч үе Ардчиллын нөхцөлд амьдарна. Харин тэр үед төрсөн, ардчилалтай хамт бойжсон хүүхэд залуус бол нийгэмтэйгээ хамт өсөн хөгжиж чөлөөт нийгмийн үнэ цэнийг ойлгож, ашиг боломжийг нь хүртэж байна. Энэ утгаараа залуучууд бол энэ цаг үеийн эзэд юм. Энэ цаг үеийн эзэд маань ардчиллынхаа үнэт зүйлийг мэдэрсэн, амьдралаараа үнэ цэнийг нь амилуулж яваа. Харин өнөөдрийн нийгмийг зонхилон манлайлж байгаа улс төр, эдийн засгийн элитүүд багагүй “илжирсэн” байна. Эдгээр нөхдийг өөрчилж, хандлагыг өөрчлөн сайжруулахын тулд ухамсрын хувьсгал цаг үе тулан ирж. Ухамсрын хувьсгал хийх арга бол ард түмэн улс төрийн амьдралд нээлттэй боломжоо ашиглан идэвхитэй оролцох явдал юм.

Монголыг өдгөө дэлхий дахинд “Ардчиллын арал”, “Эрх чөлөөний арал”, “Бүс нутаг дах “аюулгүй байдлын арал” хэмээн үнэлж, ардчиллын жишээ болгож, туршлага судлахаар тэд зорин ирцгээж байна.

Ардчилсан хувьсгал Монгол орны ч, Монгол хүний ч амьдралын тэнхлэгийг өөрчилж, түүхийг эргүүлж, шинэ нийгэм, шинэ цагийн эхийг тавьсан гэж Д.Бямбасүрэн гуай өгүүлжээ. Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой бол нийт Монгол үндэстний хотол түмний баяр мөн.

Эх сурвалж:

  • *Зам бартаатай ч үйлс ариун. 2000 он. Ардчилсан намын сонгуулийн штаб. Р.Амаржаргал
  • ** Ардчиллаас ухрах зам байхгүй. 2004 он.Д.Бямбасүрэн/МУ-н 17 дах Ерөнхий сайд, Др, проф/
  • ***Википедиа чөлөөт нэвтэрхий толь
  • ****www.legalinfo.mn хууль зүйн мэдээллийн цахим хуудас
  • *****УДШ-ийн цахим хуудас
  • ******Монгол улсын Үндсэн хууль
  • *******Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын цахим хуудас
  • ********Ардчиллаас ухрах зам байхгүй. 2004 он.Д.Бямбасүрэн/МУ-н 17 дах Ерөнхий сайд, Др, проф/
  • *********Монголын Ардчиллын үнэт зүйлийн талаар - өгүүлэл. 2019. Петэр Шаллер. www.baabar.mn
  • **********ҮСХ-ны статистик мэдээллийн 1212.nm цахим хуудас
  • ***********Хүний эрхийн Үндэсний комиссын цахим хуудас

Бусад эх сурвал:

  • Ардчиллын алдаа оноотой он жилүдд 2010 Ш.Одонтөр
  • Цонх сэтгүүл 2003 он 10 сар.
  • Ардчиллын үнэт зүйл ба дархлаажуулалт 2003 он С.Ламбаа
  • Хүний хөгжлийн сангийн тухай хууль
  • Төсвийн тухай хууль
  • Шилэн дансны тухай хууль

Судлаач Ц.Чойжамц

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай