Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх нь зарчмын хувьд зөв гэж Зөвшилцлийн ажлын хэсэг үзжээ

Улсын Их Хурлын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх,  судлах ажлын хэсэг үдээс хойш 80 хувийн ирцтэйгээр хуралдав.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дэд дарга, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ажиллаж байгаа юм.  

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)