Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 3 их наяд 806.1 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгажээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаар УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2020-2022 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, 2021 онд 12 их наяд 826.7 тэрбум төгрөг, 2022 онд 13 их наяд 773.6 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2020 онд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг, 2021 онд 14 их наяд 89.7 тэрбум төгрөг, 2022 онд 14 их наяд 502.4 тэрбум төгрөг байхаар тооцож, нэгдсэн төсвийн алдагдал 2020 онд 2 их наяд 74.7 тэрбум төгрөг, 2021 онд 1 их наяд 262.9 тэрбум төгрөг, 2022 онд 728.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 3 их наяд 806.1 тэрбум төгрөг, 2021 онд 3 их наяд 93.4 тэрбум төгрөг, 2022 онд 2 их наяд 975.5 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2020 онд 22 их наяд 89.1 тэрбум төгрөг, 2021 онд 22 их наяд 910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23 их наяд 869.2 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Төсвийн байнгын хороо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг  бэлтгэсэн хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дээрх хуулийн төслүүдийг баталлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)