Гачууртын зам дагуух барилгуудыг дулааны шугамд холбогдоно

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер П.Цэрэнжаргал нар хийв.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2018-2019 онд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөж нийт 23,9 км шугамыг зургаан чиглэлд барьж, Сэлбэ дэд төвд 26,8 МВт-ын чадалтай дулааны эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр Баянхошуу дэд төв, Яармагийн шинэ төв, 1 дүгээр хорооллын арын хэсэг, бичил 7 дугаар хороолол, Гачууртын зам дагуух барилгуудыг дулааны шугамд холбогдоно. Мөн  Зайсан орчмын халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох юм байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа “2018-2019 онд 27 халаалтын зуухны 47 барилгыг төвлөрсөн сүлжээнд холбож ажиллалаа.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвөөр 42000 орчим айл өрхийг 4кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд долоон эх үүсвэрээс хоногт 258900 м3 цэвэр усыг олборлон 17 усан сангаар дамжуулан түгээж байна. Цаашид ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор усан сангууд хоорондын дамжуулах шугамыг шинээр барьж, гэр хороолол болон шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийн бүсэд 4 усан сан, дамжуулах шугамыг барьж байна” гэв.

Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжаар Био комбинат, Шувуун фабрик орчимд усны эх үүсвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслөөр төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин цэвэрлэж дулааны цахилгаан станцуудыг технологийн усанд нийлүүлэх аж.

“Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, шинэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Баянхошууд 6,5 км, Сэлбэ дэд төвд 5 км, Шархадад 8,5 км коллекторуудыг барьж ашиглалтад оруулсан. Цаашид төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаас гадна Туул-1 ариутгах татуургын коллекторууд, Яармагийн гэр хорооллын хэсэгчилсэн бүсэд 5-7 км-ийн ариутгах татуургын шугамыг шинээр барих төслийг хэрэгжүүлэх талаар Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 59,5 км үерийн хамгаалалтын суваг барих төлөвлөлттэй ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)