Г.Чулуунбаатар: Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлт үүссэн нөхцөл байдалд хариулт өгч чадсан

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн өдөр тохиох гэж буйтай холбогдуулан ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.ЧУЛУУНБААТАРТАЙ ярилцлаа. 

-Монгол Улс 19 жилийн шинэ Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ удаагийн өөрчлөлтийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-1992 оны Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлсний дараахнаас энэ хуулийг өөрчлөх шаардлага байна, засаглалын хэлбэрийг эргэж харъя, эрх мэдлээ хуваарилсан байдлыг нягтлах шаардлагатай гэх яриа өрнөж эхэлсэн. Энэ тухайд олон ч төрлийн судалгааг явуулсан байдаг. Ингээд энэ удаагийнхаас өмнө 2-3 удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад хэлэлцэн шийдвэрлэж чадалгүй буцсан. Миний бодож байгаагаар энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нэлээд нухацтай, судалгаатай, олон түмэнтэйгээ зөвлөлдөж ярилцсанаараа хүлээн зөвшөөрөгдөх талаасаа сайн болсон. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Энэ бол тухайн үедээ улс төрд үүссэн ноцтой гацаанаас үүдсэн өөрчлөлт байсан. Эдгээрийн 3-4-ийг гарцаагүй өөрчлөх ёстой байсныг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нэг мөр шийдлээ. Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн өөрчлөлтөөс хэдэн зүйлийг онцолж хэлье. Тухайлбал, парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишигт бодитоор ойртуулж чадлаа. Энэ бол Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг бие даан бүрдүүлэх боломжтой болсон явдал. Үүнийг парламентын засаглалтай бүх оронд байдаг нийтлэг зарчмын дагуу хийсэн том алхам гэж үзэж болно. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвт УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд үндэслэл, тооцоогүй зардал нэмэхийг Үндсэн хуулиар хориглосон. Үүгээр өнгөрсөн хэдэн жилийн турш гажуудал болж газар авсан “тойргоо услах” нэрийн дор хийдэг хууль бус асуудлыг нэг тийш болголоо. Мөн “Давхар дээл” гэж ярьдаг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байх тухайд ахиц гарлаа. Тухайлбал, Засгийн газрын дөрөв хүртэлх сайд УИХ-ын гишүүн байж болно гэж оруулсан. УИХ-ын хяналтын чиг үүргийг дээшлүүлж, энэ чиглэлийн дэд хороо байгуулахаар тусгалаа. ШЕЗ-ийн томилгооны системд өөрчлөлт орууллаа. Ерөнхийдөө олон жилийн турш ярьсан гол асуудлуудыг ямар нэгэн хэмжээнд зохицуулж чадсан өөрчлөлт болсон гэж үзэх боломжтой. Миний хувьд 2015 онд ажлын хэсэгт орж ажилласан.

 

Засгийн газрын шийдвэрээр Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх, нэмэлт өөрчлөлт оруулбал ямар хүрээний асуудлыг хамрах талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг байгуулсан үеэс энэ асуудалд тасралтгүй оролцсон. Судлаачийн хувьд энэ удаагийн өөрчлөлт үүссэн нөхцөл байдал, шаардлагад хариулт өгч чадсан гэж хэлнэ. Хамгийн гол нь энэ өөрчлөлтийг хэрэгжүүлээд гарах үр дүн нь манай оронд буй болоод байсан зохисгүй үзэгдлүүдийн шалтгаан Үндсэн хуульдаа байсан уу эсвэл өөр зүйлд үү гэдгийг харуулах байх.

 

 

-Тогтолцооны гажуудал, засаглалын хямрап үүссэн гэж олон жил ярьсан. Ийнхүү Үндсэн хуулиа өөрчилснөөр энэ тухайд хэдий хугацаанд бодит ахиц гарах бол?

 

-Өөрчлөлт хийгээд Үндсэн хууль сайжрах нь нэг асуудал. Гагцхүү болж бүтэхгүй байгаа зүйлсийн шалтгааныг Үндсэн хуультай холбон үзэх нь өрөөсгөл. Миний бие  Ажлын хэсэгт ажиллаж байхдаа ч хэлж байсан. Хэвлэлд ярилцлага өгөхдөө ч хэлдэг. 1992 оноос хойш буюу сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын нийгэм, тэр дундаа улс төрийн харилцааны системд үүссэн болж бүтэхгүй зүйлс Үндсэн хуулиас болсон гэхээсээ илүү түүнийг хэрэгжүүлэх явц, дагаж гаргасан хуулиуд, тухайн хуулийг  хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хүмүүсээс шууд хамаарч байгаа гэж би хувьдаа үздэг. Ерөөсөө тэр хүмүүсийн ажилдаа хандах хандпага, ур чадвар, ёс суртахуун, боловсрол хүмүүжлээс гадна улс төрийн ноён нуруу зэргээс хамаарсан алдаа гажуудал гараад байгаа болохоос яг Үндсэн хуулийн заалт, зохицуулаптаас үүдсэн алдаа завхрал маш бага гэдгийг би судлаачийн хувьд итгэлтэй хэлсээр ирсэн. Одоо ч тэр итгэл үнэмшил хэвээрээ.

 

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН НЬ АЛТАН ҮСГЭЭР БИЧИГДЭХ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ

 

Шинэ Үндсэн хуулийн үндэс суурь нь анхдугаар Үндсэн хууль болж таарна. Үе үеийн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал өнөөдрийн шинэ Үндсэн хуульд тусгалаа хэр олсон байдаг юм бэ?

 

-Монголчуудын түүхэн үйл явцын өвөрмөц давталт гэж бий. Тухайлбал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны хувьсгалын зарим шинж нь чанарын өөр түвшинд давтагдсан гэж хэлж болохоор байдаг. Ер нь эртний сонгодог философичдоос  эхлээд Германы аугаа их сэтгэгч Гегель нарын том сэтгэгчид хөгжлийн ийм жам ёсыг онцолсон байдгийг дашрамд хэлье. Ер нь Монгол дахь үндсэн хуульт ёсны түүхэн хөгжлийг яривал 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлтийн тухай гээд 1992 оны шинэ Үндсэн хуулийн тухай ярих ёстой.

 

Үндсэн хуулийн үзэл санаа төрийн байгууламжаараа, төрт ёсны үнэт зүйлсээрээ, нийгмийн харилцааг зохицуулах суурь зарчмынхаа нэлээд олон зүйлээр эдгээр Үндсэн хуулийг дамжиж уламжлагдсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, анхдугаар Үндсэн хуульд суурь үндэс нь бий болоод 1940, 1960 оны Үндсэн хуульд уламжлагдаад 1990 он руу орж ирсэн үзэл санаа, зарчмууд бий гэсэн үг. Ингэхдээ мэдээжээр хэт улстөржсөн, үзэл суртлын хатуу хязгаарлалт, захиргаа хүнд суртлын дэглэмээс шалтгаалсан хүчин зүйлийг 1990 оны Үндсэн хуулиар өөрчилсөн.

 

Суурь үзэл баримтлал нь орчин үеийн ардчилсан Үндсэн хуулийн жишгээр өөр болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Харин шинэ Үндсэн хуулийг орчин үеийн ардчилсан орнуудын нийтлэг жишгийн дагуу боловсруулсан. Ингэхдээ 1990-1992 оны хоорондох зурвас үе бол Монголын төрт ёсны түүхэн уламжлал, ялангуяа бүгд найрамдах ёсны үзэл санааг уламжилж ирсэн дөрвөн Үндсэн хуулийн дэвшилт үзэл санаа, зарчим буюу Монгол Улсыг хүнд төрөлхтний хөгжлийн жишиг рүү чиглүүлж байсан тэр үнэт зүйлс юу байсан бэ. Түүнээс большвизм, комитернийн үзэл суртал, сталинизмын хүчтэй нөлөөллийг хэрхэн ялгаж салгах вэ, гажуудал, гуйвуулга, догматизмыг яаж арилгах вэ, өнөөдрийн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хандпагыг тодорхойлж буй үнэт зүйлээс юуг нь авах вэ гэх мэтийн олон асуудалд хариулт хайсан улс төрийн төдийгүй шинжлэх ухаан, танин мэдэхүйн эрэл хайгуулын зурвас үе байсан. Энэ үед хийсэн судалгаа, хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн зэрэг олон талт үйл ажиллагааны үр дүнд 1992 оны Үндсэн хууль төрж мэндэлсэн. Чухам ямар үзэл санаа, зарчмууд өвлөгдсөн бэ гэхээр юуны өмнө Үндсэн хуульд хүмүүнлэг үзлийн суурь санаа бүрэн тусгалаа олсон. Бүгд найрамдах ёсны суурь зарчим уламжлагдсан.

 

 

Монголын ард түмний болон төр ёсны үнэт зүйлс тусгагдаж баталгаажсан гээд тоочвол бага биш жагсаалт гарна. Бас юуг шинээр тусгасан бэ гэвэл бас урт жагсаалт гаргаж болно. Ер нь үзэл санаа, зарчмаа өвлөх нь ухаант хүмүүний жам ёс юм даа. Хураангуйлаад хэлбэл, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульт ёсны тулгуур үзэл санаа 1924 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй уламжилж ирсэн гэж баттай хэлж болно.

 

 

-Олны нэрлэж заншсанаар улс тунхагласны баярын өдөр удахгүй тохионо. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсаа тунхаглах үйл явц хэрхэн өрнөсөн юм бэ?

 

-Монгол Улсын XX зууны түүхийн  эхэнд болсон содон томоохон үйл явдлын нэг. 1924 онд улсын анхдугаар их хурлыг хуралдуулж, анхдугаар Үндсэн хуулиа батлаад Бүгд найрамдах улсыг тунхаглах үйл явц гэнэтхэн гараад ирсэн тохиолдлын үзэгдэл биш. Хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн голдирол руу Монгол Улс нэгдэн орсон XIX зууны сүүлч, XX зууны зааг үеийг бүхэлд нь хамарч байсан өөрчлөлтийн үйл явцын бодит тусгал болсон үзэгдэл байсан. Энэ утгаараа Монголын төрийн сурвалжит түшээд шинэ цагийг мэдэрч, өөрчлөлтийг санаачилж явуулах эрмэлзэлтэй төрийн болон улс төрийн зүтгэлтнүүд, тухайн үеийн уламжлалт болон шинээр төрж байсан сэхээтнүүдийн бодлого үйл ажиллагаа, түүнээс гадна хамгийн гол нь нийгмээ өөрчлөх гэсэн тэр үеийн монголчуудын хамтын хүсэл зориг нь дээрх түүхэн үйл явцыг нөхцөлдүүлсэн гэж хэлж болно. Уламжлал талаасаа гэвэл монголчууд Манж чин улсын эрхшээлд байсан 200 гаруй жилийн дарлалаас салахын тулд хоёр зорилго дэвшүүлж байсны нэг нь үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, нөгөө нь нийгмээ өөрчлөн шинэчлэх. Энэ үзэл санаа тухайн үеийн нийгмийн бүх давхаргыг бүхэлд нь хамарсан байсан. Үүний анхны үр дүн нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал. Улмаар тусгаар тогтнолоо сэргээж, Богд хаант Монгол Улсыг байгуулаад хоёр шатлалтай парламентын танхимын үндсийг тавьж байв. Богд хаант төрийн байгууламжийн тогтолцоо нэг хэсэг үргэлжилсэн.

Нөгөөтэйгүүр Монголын шилдэг сэхээтнүүд номын мэргэд нийгмээ өөрчлөх үйл явцыг өргөн хүрээнд харж байв. Ингэх явцад үзэл санаа, бүтээлч сэтгэлгээний идэвхтэй эрэл хайгуул өрнөж, Бүгд найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар их хурлыг хуралдуулах бэлтгэл ажлыг хангаж, урьдач нөхцөлийг бүрдүүлж чадсан. Түүхэн үйл явцын хувьд 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал мандаад ардын засаг төрөө байгуулчихсан, шинэ нийгмийг цогцлооход чиглэсэн хэд хэдэн цогц арга хэмжээг хэрэгжүүлчихсэн  байсан.

 

Юуны өмнө хамжпагын харилцааг халж, нутгийн захиргааг шинэчилчихсэн, засгийн эрх мэдлийг ард түмний гарт шилжүүлэх үйл явцыг үндсэндээ эхлүүлчихсэн байсан үе. Үүний дүнд анхны хоршоодыг байгуулсан, банкны системийг шинэчилсэн, эдийн засагт бие даасан бодлого явуулах үндсэн баримт бичиг гаргачихсан байлаа. Энэ бүхэн нь ардын хувьсгалын эхний 2-3 жилийн үр дүнд бий болсон бодитой өөрчлөлт, цоо шинэ үзэгдэл байсан төдийгүй цаашид улсынхаа хөгжпийг баталгаажуулах түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Энэ бүхний үндсэн дээр 1921-1924 онд арваад орны Үндсэн хуулийг судлах орчуулах, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг Ардын намын шийдвэрээр зохион байгуулж их ажил хийсэн түүхэн баримт бий. Ингээд эцсийн дүнд нь 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурлыг хуралдуулаад Бүгд найрамдах засгаа тунхагласан. Ийнхүү Монгол Улс Бүгд найрамдах улсаа тунхаглаж түүнийгээ Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулсан. Монгол Улс түүхэндээ анх удаа олон улсын жишгийн дагуу бичмэл Үндсэн хуультай болсон. Товчхондоо, улсын анхдугаар их хурал, анхны Үндсэн хууль бол гэнэтийн санамсаргуй алхам биш, гаднын тулгалт заавар ч биш гагцхүү Монголын ард түмний шилдэг төлөөлөгчид углуурга суурьтай судалж, төрт ёсныхоо дэвшилт уламжлалыг өвлөж залгамжилсан үзэл санааны суурин дээр цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч ойлгосон ард түмний хүсэл тэмүүллийн үр дүнд бий болж өрнөсөн түүхэн үйл явцын бодит тодорхой үр дүн байсан юм.

 

-Энэ түүхэн үйл явцын ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ. Энэ өдөр бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон нь ямар утга агуулгатай юм бэ?

 

-Улсын тусгаар тогтнол гэдгийг өргөн хүрээнд харах учиртай юм. Монголчууд эзэнт гүрний үед дэлхийн талыг эзэлсэн, дэг журмыг тогтоож байсан түүхтэй. Төр ёсны уламжлалаараа хүн төрөлхтний түүхэнд үлгэр жишээчээр, бодитоор хувь нэмэр оруулсан ард түмэн шүү дээ. Гэвч Манжийн дарлалын 200 жилийн туршид тусгаар тогтнолоо алдаж, энэ гайхамшигт уламжлал бүдгэрсэн байдаг. Тиймээс үндэсний тусгаар тогтнолоо сэргээх үйл явц 1911 болон 1921 оны хувьсгалын үр дүн болон Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа батлан дэлхий дахинд тусгаар тогтнолоо баталгаажуулсан явдпаар баталгаажсан юм.

 

Гол ач холбогдол нь 1924 оны анхдугаар их хурал бол дэхий дахинд хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлж байсан бүгд найрамдах ёсны үзэл санааг Монгол Улсад авчирч хэрэгжүүлж чадсанд оршиж байгаа болно.

 

Бүгд найрамдах засаглал бол суурь агуулгаараа сонгож байгуулдаг улс төрийн засаглалын зарчим шүү дээ. Энэ зарчмын үзэл санаа хэлбэр, агуулгын хувьд янз бүрийн онцлогтой байсан хэдий ч XX зууны туршид уламжилсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Та бидний сайн мэддэг Үндсэн хуульд зааснаар “Монгол Улс парламентын бүгд найрамдах улс”. Энэ үзэл санааны үндэс суурийг 1924 онд тавьжээ. Үндсэн хуулийг батална гэдэг улсынхаа хөгжлийг урт хугацаанд бодлогоороо, хуулиараа баталгаажуулсан явдал. Үндсэн хуулийг баталснаар монгол хүний эх орноо хөгжүүлж, тусгаар тогтнолоо баталгаажуулах гол баталгаа нь нийтийн зөвшилцлийн суурин дээр үүсэн бий болдог. Улмаар Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл Монголын нийгэмд аажмаар соёолж бэхжих үндэс нь анхдугаар Үндсэн хуулиа баталснаар эхэлсэн. Одоо алхам алхмаар бэхжиж байна. Нөгөөтэйгүүр бүгд найрамдах ёсны үзэл санааны хүрээнд төрийн байгууламжийн орчин үеийн загварт шилжих бодит алхмыг хийсэн. Өөрөөр хэлбэл, хаант юмуу диктатур, дарангуйллын төр биш хэлбэрийн хувьд ардчилсан бүгд найрамдах улсын шинжтэй төрийн байгууламж энэ үеэс бүрдэж бий болсон. Улсынхаа нийслэлийг албан ёсоор Улаанбаатар гэж Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулсан. Эдийн засаг болон нийгмийн харилцааг нийт ард түмний ашиг тусын тулд тодорхойлж чадсан. Энэ бүхний дүнд XX зууны төгсгөлд мөхөж буй гэж тооцогдож байсан ард түмэн цэцэглэн хөгжиж буй улс болох эхлэлийг тавьсан гэх мэтээр анхдугаар Үндсэн хуулийн заалт, томьёолол тус бүрээр нь алдаа оноо, сургамжийг ярьж болно. Дүгнээд хэлбэл, Монгол Улсын түүхэнд үл мартагдах алтан үсгээр бичигдсэн түүхэн чухал үйл явдал болсон гэж хэлж болно.

 

 

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • (192.82.68.4)

    2019-11-22

    даяарчлалын засгын газрыг 2020 онд байгуулаарай

  • irgen (202.21.118.174)

    2019-11-22

    uuruuguu buucuulsun hulchgaruudiin jishee baina.ene hun uls olon tymendee yu byteesen hyn beeee

  • zochin (103.57.95.32)

    2019-11-22

    Энэ хүн үнэн л хэлсэн байгаасаа даа