Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг нэр дэвшүүллээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж байгаа гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой заасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэж хэлсэн. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв.

Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ,  ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа аж. 

    Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар нөхөн томилуулах талаарх Улсын Их Хурлын даргын саналыг дэмжив. Иймд энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)