Сансрын нисэгч С.Рязанскийтэй хийсэн сонирхолтой ярилцлага

Бага байхад чи ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухад би балетчин болно гэж хариулдаг байлаа. Өөр ямар мэргэжилтэй болмоор байна гэж шалгаавал сансрын нисэгч гэнэ. Та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ? Биднийг хүүхэд байхад сансарт аялах тухай мөрөөддөг байлаа. Гэтэл орчин үеийнхэн маань утсаа гөлөрсөн, утаснаасаа илүүг хүсэхгүй байх нь элбэг болсон шиг санагдах юм.

Ямар ч байсан сансрын нисэгч болъё гэж боддоггүй байлаа. Биологич, судлаач болохыг мөрөөддөг байсан. Сонирхолтой газруудаар аялахыг хүсдэг байлаа. Амьдралын эрхээр сансар огторгуйтай холбогдсон доо. Мэдээж хүн төрөлхтөн энэ гараг дээрээ мөнхөд суугаад байхгүй, сансарт аялна. Энэ бол цаг хугацааны л асуудал. 

Миний хувьд сансрын нисэгч, эрдэмтэн Константин Феоктистовыг хүндэлдэг. Феоктистов сансарт ниссэн анхны цэргийн биш хүн. Амьдралын зам номдоо “Одоогоор сансарт нисэж байгаа ч хүн сансарт байхыг л судлаад байгаа биш шинжлэх ухааны дорвитой судалгаа хийхгүй байна” гэжээ. Энэ тухай та юу гэж боддог вэ?

Харамсалтай нь сансарт хийж байгаа шинжлэх ухааны туршилт судалгааг олонд таниулж хүргэх ажил үнэхээр дутмаг байна. Одоогийн байдлаар сансрын станц дээр нэг зэрэг 400 орчим туршилт хийж байна. ОУ-ын сансрын станц дээр Оросын хувийн компанид үйлдвэрлэсэн анхны биопринтер ажиллаж байна. Энэ нь сансарт хүний эрхтнийг ургуулах боломж бүрдсэн гэсэн үг. Мөн зарим төрлийн хорт хавдрыг эмчлэх эм гаргаж авах туршилтуудыг хийж байна. Энэ бүхнийг олонд хүргэхгүй байна л даа.

Феоктистовын номд үүнээс гадна сансрын нисэгч ихэнх цагаа цэвэрлэгээ, ариутгал, засвар үйлчилгээ зэрэг механик ажил хийж өнгөрүүлдэг. Хүний оюун санааг үр өгөөжтэйгээр ашиглах тал дээр ямар ч ахиц дэвшил гарсангүй гэсэн байх юм.

Энэ бол тухайн үеийн байдал. Мир хөтөлбөрийн хүрээнд гэхэд маш олон туршилт хийсэн. Валерий Поляков 200 гаруй туршилт хийснийхээ ихэнхийг нь өөрөө боловсруулсан. Би эрдэмтэн. Тиймдээ ч сансарт олон эрдэмтэн нисээсэй гэж хүсдэг. Эрдэмтэд механик ажил хийхээс гадна бодит байдалд туршилтуудаа боловсруулж, газар дээрх удирдлагын тусламжтайгаар хийх боломжтой.

Таны хэлж буй туршилтуудаас онцгой үр дүнд хүрсэн, амьдралд хэрэгжсэн туршилт судалгаа бий юу?

Мир станцын сансрын нисэгчдэд зориулаад Оросын эрдэмтэд оцон шувуу гэх өмсгөл боловсруулсан. Энэ нь биеийг тэгшлэх зориулалттай өмсгөл юм. Өмсгөлийг боловсруулж байсан багийн эмч энэ өмсгөл саажилттай хүүхдүүдэд их хэрэгтэй юм гэдгийг ажиглаад хүүхдэд зориулсан тийм өмсгөл хийсэн. Энэ өмсгөл Оросын патенттай, Израиль, Герман зэрэг орнууд худалдаж авдаг. 

Одоогийн сансрын нисэгчид Гагарин, Леоновын үеийнхнээс юугаараа ялгаатай вэ?

Хариуцлага 100 дахин нэмэгдсэн. Урьд нь эрүүл мэндийн шалгуурыг нэгд тавьдаг байсан бол одоо эрүүл мэнд, дээр нь нэмээд тархины чадварыг давхар шалгаж байна. Яагаад гэвэл орчин үеийн станц дээрх төхөөрөмжийг ажиллуулахад сансрын нисэгч шинжлэх ухааны бараг бүх салбарын наад захын мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Газраас өгсөн даалгавар, туршилтуудыг гүйцэтгэхээс гадна туршилт судалгааны явцад ажиглаж тогтоосондоо дүн шинжилгээ хийж тайлагнах чадвартай байх ёстой. Туршилтаа нарийн ажигласны үндсэн дээр дэвшилтэт технологи боловсруулахад шууд нөлөөлөх боломжтой. Түүнээс гадна таны сонирхож байгаа гэрэл зургийн тухайд гэвэл бидэнд сэрүүлэгтэй цаг байдаг. Дэлбэрч байгаа галт уул, эргэлдэж байгаа салхи шуурга дээгүүр нисэж өнгөрөхөд сэрүүлгээ дуугарахаар тохируулаад, дугармагц нь тэр бүхнийг зургийн хальсанд буулгадаг. Анхны нислэгээрээ би 65 000 зураг дарсан, хоёр дахь нислэгээрээ 250 000 зураг дарсан. Гараг дэлхийгээ тээр дээрээс харахад сэтгэлд ямархан мэдрэмж төрдгийг хүмүүст багахан ч гэсэн мэдрүүлье л гэж бодсон. Дээрээс харахад үнэндээ бид эх дэлхийнхээ газарзүйг огт мэддэггүй юм байна л гэж бодсон доо.

Та сансарт нисэх гэж олон жил зүтгэсэн. Яг ямар шат дамжлагыг дамжин байж сансарт ниссэн тухайгаа ярьж өгөөч.

Би сансарт нисэхээр шийдээд 10 жилийн дараа ниссэн. Хамгийн гол нь нөхцөл нь бүрдэж өгөхгүй байлаа. Анх 2003 онд сансрын хөтөлбөрт хамрагдсан юм. Би хэдийгээр сансрын анагаах ухаанаар докторын зэрэг хамгаалсан ч цаанаасаа эмч мэргэжилтэй эрдэмтэн хүн бэлтгэхээр төлөвлөсөн байлаа. 2005 онд Америкчууд Шаттл хөтөлбөрөө хааж, манай сансрын хөлгүүдэд нисэх эрдэмтдийн суудлыг олон жилээр нь урьдчилаад худалдаж авсан. Союз хөлөг 3 суудалтай. Голынх нь цэргийн ахлагчийнх, зүүн нь хөлгийн инженерийнх, баруун нь эрдэмтэн судлаачийн суудал. Тэр суудлыг америкчууд авчихсан болохоор надад мэдээж боломж гараагүй. Гэсэн ч эрдэмтэн хүн хөлгийн инженер болж болно, эрдэмтэн ч гэсэн адилхан хүн гэдгийг батлахыг хүссэндээ газар дээр хийж байсан туршилтуудад идэвхтэй оролцож эхэлсэн. Үр дүнд нь нэг туршилтын үеэр намайг ажиглаад, би сансарт нисэх бүх шалгалтуудаа хөлгийн инженерийн хувиар ахиж өгөөд нисэхээр болсон доо. Энэ хугацаанд 10 жил өнгөрсөн байдаг.

Гэтэл сансарт жуулчилж байгаа хүнийг хагас жил бэлддэг шүү дээ. Та 10 жил бэлдсэн байна. Тэгээд нисэх нисэхгүй нь бас баталгаагүй...

Сансарт хамгийн удаан хугацаанд, 438 хоносон Валерий Поляков гэхэд 18 жил бэлдсэн. Би түүнтэй уулзаж байсан. Сүүлдээ тэсгэл алдаж, бага сага уух болсон гэж билээ. Гэхдээ л тэр ниссэн шүү дээ. Би ч ялгаагүй хүн, шантрах үе байлаа. Найзууд маань нэгэнт тогтолцоог өөрчилж чадахгүй хойно чамайг нисгэхгүй, больсон нь дээр гэж байлаа. Хөлгийн инженерийн шалгалтдаа тэнцсэн ч 2 долоо хоногийн дараа намайг багаас хассан. Биологич хүн хөлгийн инженер болно гэж юу байсан юм бэ гэж хандсан л даа. Тэгэхээр нь төлөвлөгөөний хэсгийн ахлагчтай уулзаад одоо яах вэ гэж асуутал “Мэдэхгүй. Чам заах сургах юм даанч алга” гэсэн. Би ч “Тэгвэл амаръя даа” гэлээ. Арван жил амраагүй болохоор амралт маань хуримтлагдсан байсан. Харьж ирээд майхан, пүүгээгээ ачиж аваад Крым руу давхичихсан. Гэтэл сар гаруйн дараа “Сергей, чамайг нисэх багт оруулсан шүү” гэсэн мессеж ирдэг юм байна. Би ч давхиад ирсэн дээ. Ингэж л ниссэн. 

Олон хүн бэлддэг ч нэг, хоёр нь л сансарт нисдэг. Тэгэхээр хамт бэлтгэл хийж байсан дадлагажигч нар өрсөлддөг л байж таарна.

Тэгэлгүй яах вэ, өрсөлдөөн их ширүүн. Шалгалт бүрийн дараа биднийг рейтингээр нь жагсаадаг. Одоо 37 хүн бэлтгэл хийж байна. Эдний 11 нь сансарт ниссэн. Бусад нь нисэх ээлжээ хүлээж байна. Зарим нь нисэж чадахгүй. 

Эрдэмтэн, цэргийн мэргэжилтэй сансрын нисэгчид хоорондоо өрсөлддөг үү? Зөрчилддөг үү? Цэргийнхэн давамгайлдаг уу?

Цэргийнхэн давамгайлах тохиолдол бий. Ер нь цэргийн сансрын нисэгч багийн ахлагч байдаг. Миний хувьд анхны эрдэмтэн ахлагч. 40-тэйдээ анх ниссэн. Хөлгийн инженер маань америк хүн, 50 настай, усан цэргийн хурандаа цолтой, Иракт байлдаж явсан, хөлгийн хоёр дахь инженер маань 60 настай итали хүн, Италийн тусгай албанд алба хааж байсан, нисэхийн инженер байлаа. Бүгдээрээ л салбартаа манлайлагч. Эднийг зангидахад хамгийн гол нь амьдрах хүсэл чухал. 

Та хүүгээ бага байхад ниссэн шүү дээ. Санаж байв уу?

Саналгүй яах вэ. Хүү маань хоёр нислэгийн хооронд төрсөн. Хоёр настай байхад нь сансраас видео дуудлага хийхэд “Аав аа” гэж нэг даллачихаад л гүйгээд явчихна. Хүүтэйгээ ярьмаар байвч хүүхдийн занг яах вэ. Гэлээ ч эр хүний нэг тийм зөрүүд зан байдаг. Би чадна, үзүүлээд өгнө гэсэн зандаа хөтлөгдөж өөрийгөө барьж, тэр бүхнийг давсан даа.

Таны тухай уншиж байхад 758 удаа шүхэртэй үсэрсэн байх юм. Сансрын нисэгчид ийм олон удаа үсрэх шаардлагатай гэж үү?

Энэ нь нэг ёсны стресст өртөхгүй байхад сургадаг. Бид зүгээр ч нэг үсэрдэггүй. Онгоцноос үсрээд бугуйндаа зүүсэн дэлгэц дээр гарч байгаа бодлогыг шүхэр дэлгэгдэхээс өмнө бодож, хамгаалалтын малгайд суулгасан диктафонд хэлж бичүүлдэг дасгал хийдэг. Дасгалаа бодохын зэрэгцээ өндрөө хянана. Сэтгэлзүйчид тэр бичлэгээр өгсөн даалгаврыг хэр гүйцэтгэв, хэр сандрав, зохисгүй үг хэдийг хэрэглэв, стресст хэр зэрэг өртөв гэдгийг нь дүгнэнэ. Америкчууд ийм дасгал хийдэггүй. Оросууд сэтгэлзүйн хувьд хамаагүй бэлтгэлтэй байдаг.

Ийм бэлтгэл Ангараг-500 төслийн хүрээнд хийгдэж эхэлсэн, тийм ээ?

Тийм ээ. Бид одоогоор Ангараг руу нисээгүй ч ийм нислэгт бэлтгэх учиртай.

Ангараг руу нисэх шаардлагатай гэж үү?

Шаардлагатай байлгүй яах вэ. Нэгд энэ бол хүн төрөлхтний дараагийн нэг алхам, хоёрт ийм нисэлг техникийн хувьд бололцоотой болсон, гуравт ерөөсөө ийм нислэгийн үрээр байгаа технологио илүү хөгжүүлж сайжруулах боломжтой. Жишээ нь, цацраг туяанаас хамгаалах арга, шинэ материал, эмийн бэлдмэл, микробиологийн хамгаалалт, хог устгах технологио боловсронгуй болгох ач холбогдолтой. Одоо бид хогоо бөөгнүүлж ачаад, тэр нь агаарын нягт бүсэд ормогцоо шатаж устдаг технологитой байна. Харин Ангараг дээр хогоо устгах биореактор хэрэг болно. Одоо хүртэл ийм төхөөрөмж гараагүй л байна.

Заавал Ангараг руу нисэж байж энэ технологи хөгжинө гэж үү?

Хүмүүсийн сэтгэхүй хааяагүй ийм болчихлоо л доо. Энд хөгжүүлье гэхээр хөрөнгө оруулагч олддоггүй, Ангараг дээр гэхээр жигтэйхэн сонирхоно, нэр хүндтэй гэж үзэж байна. Ангараг руу нисэхгүй байж бололгүй яах вэ. Гэсэн ч үр өгөөж нь их болохоор хөрөнгө оруулалт хийж байна. Америкийн Аполло төсөлд оруулсан 1 доллар бүр эргээд төсөвт 6 долларын ашиг авчирсан гэдэг. Ангараг руу нисэхэд оруулсан 1 доллар 10 доллар болж эргэж ирнэ гэж тооцож байна.

Энд нэг сонирхолтой тоо баримт байна л даа. Хүн төрөлхтөн сансарт ниссэнээс хойш 50 америк эмэгтэй сансарт ниссэн бол Оросоос ердөө 4-хөн эмэгтэй нисэж. Энэ талаар та юу гэж боддог вэ?

Нэг сонирхолтой юм ярья. Америкийн сансрын нисэгчдийн багт бэлдэх хүмүүсийг элсүүлдэг мэргэжилтнийг би таньдаг юм. Тэр “Сергей, надад төдөн эр, төдөн эм, төдөн хар, төдөн цагаан, төдөн шар арьстан элсүүл гэсэн шаардлага тавьдаг ч ухаантай хүн элсүүл гэж шаарддаггүй нь сонин шүү” гэж билээ. Тэгмэгц Орост ч бас байдал муугүй юм байна шүү гэж бодсон. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижилхэн шаардлага тавьдаг. Шаардлагад нь нийцэх хэцүү, тэр үнэн. Гэхдээ ерөөсөө хүйсээр ялгаварладаггүй. Эмэгтэйчүүдийн шаардлагыг сулруулбал харин ялгаварласан болно шүү дээ. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү прагматик, эрчүүд шиг нисэх нисэхгүй нь тодорхойгүй байхад бэлтгэлийн багт орох өргөдөл өгөх нь ховор. Бодит байдал дээр эрчүүдээс 200 дахин цөөн эмэгтэй өргөдөг өгдөг. 

Оросын ШУА-иас Оросын сансрын нисэгчид сансарт үрийн шингэний дээж өгөх туршилтад оролцохоос татгалзсан тухай мэдэгдсэн нь нэлээн шуугиан тарьсан. Энэ тухай ярьвал... Би хувьдаа сансарт ниссэн хүн газар дээрх удирдлагаас тавьсан бүх л шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж бодсон л доо.

Дэлхийн био ёсзүйн хуулиар хүн боол биш. Хүссэн үедээ учир шалтгаанаа тайлбарлалгүйгээр өөр дээр нь хийж байгаа туршилтаас татгалзах бүрэн эрхтэй. Нисэхээс өмнө ийм, ийм туршилт хийнэ гэсэн жагсаалт өгдөг. Энд нь оролцоно, энд нь оролцохгүй гээд татгалзах боломжтой. 

Гэхдээ Ангараг гаргийг колоничлоно гэж ярьж байгаа энэ үед хүний нөхөн үржихүйн асуудал хурцаар тавигдаж байгаа шүү дээ.

Шинжлэх ухааны үүднээс урагт сансар, жингүйдэл сөргөөр нөлөөлөхгүй харин цацраг туяа маш аюултай нөлөөлөх нь тогтоогдсон. Ургийн нэг эс туяанд өртөж устлаа гэхэд тэр нь гар хөл, ямар нэгэн эрхтэн байна. Хамгийн гол нь ургийг сансрын цацраг туяанаас хамгаалж чадахгүй байна. Ийм туршилт хийсэн маш олон тохиолдол бий. Ураг ерөөсөө амьгүй болж байсан.

Сансрын жуулчлалын тухай та юу гэж боддог вэ. Жуулчлал хөгжвөл сансар судлалд сөргөөр нөлөөлөх үү?

Сансар судлалын хувьд Сар, Ангараг гаргийн тойрог замд чиглэн хөгжих хандлагатай байна. Сансрын жуулчлалын компаниуд тийшээ зүтгэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл ашиг багатай. Харин дэлхийн тойрог зам дээр жуулчдад зориулсан тодорхой хэмжээний амин орчинтой байгууламж байгуулахад боломжийн ашигтай ажиллана.

Энд Илон Маскийн тухай ярихгүй өнгөрч болохгүй нь...

Манай Королёвын багийнхан хүртэл цагтаа хүн Ангараг гараг дээр нисэж очно гэж мөрөөддөг байсан шүү. Илон Маск сайн пиарчин л даа. Сайн ярьдаг боловч одоогоор сансар судлалын салбарт барин тавин хийчихсэн юм алга. Нэг сонирхолтой юм хэлэхэд ОУ-ын сансрын станц руу сансрын нисэгчтэй хөлөг онгоц хөөргөж байхад тав зургаахан сэтгүүлч ирдэг байтал Ангараг-500 төслийн хэвлэлийн бага хуралд зуугаад сэтгүүлч ирсэн юмдаг. Таньдаг сэтгүүлч маань “Энэ чинь Ангараг шүү дээ” гээд инээж билээ.

Технологийн хувьд хүнийг Ангараг гарагт хүргэх боломжтой ч эргүүлж авчрах боломжгүй гэдэг. Таны хувьд ийм нөхцөлд Ангараг руу нисэх үү?

Тэр бол Ангараг-1 төслийн хүрээнд яригдсан зүйл л дээ. Энэ төслийн хүрээнд дорвитой хийсэн юмгүй. Ер нь сэтгэл судлаачид хүн хэрвээ Ангараг руу эргэж ирэх боломжгүй нөхцөлтэй нисэхийг зөвшөөрч байвал амьдралын зорилгоо алдсан, сэтгэл зүйн хүнд асуудалтай нь тодорхой гэж үздэг. Хэвийн биш үзэгдэл юм даа.

Та ОУ-ын сансрын станцын төслийг өндөрлөх хэрэгтэй гэж хэлж байсан. Энэ станц хэр удаан ажиллах бол?

Энэ их хэцүү асуудал. Станцыг орлох юмтай болсон цагт энэ төслийг хаах хэрэгтэй. Станцыг алсдаа ашгийн чиглэлийн шинжлэх ухааны судалгаанд ашиглавал дээр. Америкчууд нисэгчтэй сансрын хөлгөө боловсронгуй болгомогцоо энэ төслөөс гарах нь тодорхой. Тэд одоо яриад эхэлсэн Сарны тойргог замын станцаа хөгжүүлж эхэлнэ. Оросын хувьд ОУ-ын сансрын станцын төсөл явуургүй болсон.

Ярилцсанд баярлалаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (3)

  • (103.229.120.79)

    2019-11-28

    бясалгагчид аз жаргалыг дотроос нь хайдаг

  • (103.229.120.79)

    2019-11-28

    аз жаргалыг дотроосоо хай гэдэг

  • (103.229.120.79)

    2019-11-28

    сансарын нууцийг дотроосоо хай гэж эртний даяанчид хэлдэг шашин бол юмийг дотроос нь хайдаг шинжлэх ухаан юмийг гаднаас нь хайдаг