Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин Сайд З.Батбаяр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль дээр ажиллав

Сургуулийн захирал МУГБ Ч.Ганбилэг сургуулиа танилцуулсны дараа Элчин сайд оюуны хөгжлийн бэрхшээл, Дауны хам шинж, аутизм, тархины саажилттай  хүүхдийн сургалтын орчин, тэдэнтэй багш нар ямар аргаар, хэрхэн ажиллаж боловсролын үйлчилгээ үзүүлж байгааг үзэж сонирхлоо.

1960-аад оноос БНУАУ-д монгол оюутнуудыг тусгай хэрэгцээт боловсролын багшаар бэлтгэдэг байсан ба 1980-аад оны дунд үеэс энэ үйл ажиллагааг тасраад байсан юм. Сүүлийн жилүүдэд Унгар улсын Засгийн Газрын тэтгэлгээр жил бүр 200 оюутныг тодорхой заасан мэргэжлээр шалгаруулан сургадаг болсон бөгөөд үүн дотор бакалаврын түвшинд тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлээр элсэлт авахаар тусгасан байдаг юм байна.

2019 оны 5 дугаар сард 55 дугаар сургуулийн 5 багш Унгар улсын Хөгжлийн бэрхшээлтэй Иргэдийн Холбооны урилгаар тус улсад туршлага судлахаар очиж тус улсын ЭЛТЭ их сургуулийн тусгай сурган сэтгэл судлалын факультет, аутизмтай хүүхдийн тусгай сургууль, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны үндэс суурь нь тавигдаж байсан бол цаашид бусад тусгай сургуулиуд болон орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш нарыг зохион байгуулалттайгаар богино хугацааны туршлага судлах аялалд хамруулах боломжтой боллоо.

Элчин сайд З.Батбаяр тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг Унгар улсад тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшүүлэх, туршлага солилцуулах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай холбож өгөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах аян өрнүүлэх талаар цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

 

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)