Б.Буджаргал: 10 өдөр 10 шөнө Монголоо бодож л гүйдэг

Ультра марафон буюу олон өдрийн уралдааны дэлхийн аварга Б.Буджаргалтай ярилцлаа. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлээд байгаа юм.

-Сая та БНХАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Тэмцээн хэд хоног үргэлжлэв. Сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-БНХАУ-д болсон олон улсын улсын уралдаанд дэлхийн 7.6 тэрбум хүнээс шигшигдсэн сайн тамирчид оролцлоо. Тэмцээн зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй үргэлжилсэн. Миний хувьд дөрөв дэх удаагаа алтан медаль хүртээд ирлээ. БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөхөд амар байсангүй.

-Марафоны тамирчдаараа дэлхийд алдартай АНУ-д зохион байгуулагдсан олон өдрийн уралдаанд таны хувьд удаа дараа амжилттай оролцож байсан?

-АНУ-д болсон ультра марафонд дөрвөн удаа түрүүлсэн. Олон улсад Монголынхоо нэрийг дуудуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхдээ баяртай байдаг юм. Би 5000 м-ыг 50 хоног туулах тэмцээн дээрээ “Агуу Үндэстнийг Дэлхийд Таниулах” төрийн бус байгууллагатай хамтарч Монгол брэндүүдээ Дэлхийн зах зээлд гаргаж сурталчлах ажил өрнүүлж байна.

-Дэлхий нийтийн соёл болж байгаа марафон гүйлт нь МЭӨ 490 онд Фэйдифидэс гэдэг цэрэг Марафон тосгоноос Афинд 42,198 км гүйж ялалтын мэдээг хүргэснээс үүдэлтэй байдаг. Одоо цагт 10 өдөр 10 шөнө гүйнэ гэдэг санаанд багтахгүй юм. Хүнээс их тэвчээр гарна биз?

-Монгол үндэстэн бол хүн төрөлхтний түүхэнд агуу түүхийг бүтээсэн шүү дээ. Өнөөдрийн монголчууд ч хүн төрөлхтний түүхийг салбар салбартаа бүтээж яваа. Цаашид ч агуу түүхийг бүтээх болно гэдэгт би итгэж явдаг юм. Дэлхийн нэртэй философич Хегел “Агуу түүхийн санамжтай ард түмэн агуу түүхээ дахин бүтээдэг” гэж хэлснийг үзвэл монгол үндэстэн дахин сэргэн мандаж хүн төрөлхтний хөгжил дэвшилд дахин түүхийн агуу хуудсыг бүтээнэ гэдэг итгэдэг.

-10 өдөр гүйхдээ юу идэж, уудаг вэ?

-Би нэг аяга ч ус уугаагүй. Зөвхөн жимс идэж, жимсний шүүс уусан.

-Өдөр шөнөгүй гүйдэг Дэлхийн ультрамарфонд спортын төрөлд дөрвөн удаа түрүүлсэн байна. Таны амжилтын нууц юу бол?

-Ультрамарфон нь мэргэжлийн спорт. Тиймээс мэргэжлийн бус хүн хамаагүй оролцож болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.Миний нууц гэвэл монгол үндэстний бүтээсэн агуу түүх сэтгэлийн тэнхээ болж монгол хүн болж төрсний хувьд хийх ёстой зүйлээ хийж, авах ёстой алдар цолоо авч байна гэж боддог. Монгол хүн олимп, дэлхийн аварга болсон ч нулимс асгаруулаад зогсож болохгүй гэж боддог юм. Хийх ёстойгоо л хийж багаа мэт энгийнээр хүлээж авах хэрэгтэй. Агуу Монголын үр садын ёс зүй байх ёстой гэж боддог. Саяхан БНХАУ-д болсон олон өдрийн марафонд түрүүлэхдээ нэг их баярлаж сэтгэл хөдлөөгүй ээ. Болдог юм болдгоороо л болж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Ультрамарфонд гүйхдээ монголчуудын түүхийн агуу гайхамшгийг дотроо магтан дуулж, ирээдүйн монголчуудын бүтээх гайхамшгуудыг иж бүрнээр нь төсөөлж мөрөөдөж, бясалгалын өндөр түвшинд ордог учир махан биены зовуурь аяндаа үгүй болж, сэтгэлийн амар амгалан аз жаргалын мэдрэмжийг их авдаг учраас Монголын сайн сайхан намайг ажилтанд хүргэж байдаг.

- Гүйлтийн спорт хүний биед ямар тустай юм бэ?

Б: Гүйлтийн спортыг Монгол үндэстний соёлын аж үйлдвэрийн салшгүй нэгэн хэсэг болгон хөгжүүлэх шаардлагатай гэж боддог. Урт замын гүйлт нь хүнд хатуужил, тэвчээр, зориг, бодох, амьдралыг мэдрэх гэх мэтийн эрдмийг олгодгоос гадна монгол хүн бүр илүүдэл жингүй эрүүл энх амьдрах экологийн эрүүл энх амьдрах арга юм.

Өнөөдөр дэлхийд 2.5 тэрбум илүүдэл жинтэй хүмүүс амьдарч байгаа бөгөөд илүүдэл жингээс үүдэлтэй өвчин эмгэг төрөл зүйл нь олширч төсөв болон хувь хүний эрүүл мэндийн даатгалын зардлыг нь даахгүй болсон олон орон байна. Илүүдэл жингээ багасгах гэж зүйл бүрийн эм тариа, нэмэлт тэжээл цаашилбал, нөхөн сэргээгдэх боломжгүй маш өндөр өртөгтэй мэс засал хийлгэж байна. Хэрэв энэ дэлхийн төрийн тэргүүнүүд надаас зөвлөгөө авбал 2.5 тэрбум илүүдэл жинтэй хүмүүсийг урт замын гүйлтээр бүрэн эдгэрүүлж илүүдэл жин гэдэг нэр томьёог хүн төрөлхтний үгийн сангаас бүрэн устгаж болно гэдгийг би баттай хэлж чадах байна.

-Олон өдрийн уралдааны дөрвөн удаагийн дэлхийн аварга болсон таны хүсэл мөрөөдөл юу вэ?

-Дэлхийн олон өдрийн уралдаанд оролцсон энэ хэдэн жилийн туршид дэлхийн нэртэй банкер, хөрөнгө оруулалтын сангийн захирал, эрдэмтэн, бизнесмэн улстай уулзаж явлаа. Эдгээр дэлхийн түвшний хүмүүстэй ярилцаж явахад тэд надаас бас л таны тавьсан асуултыг асуудаг. Тэдэнд би “Монгол үндэстэн хүн төрөлхтний түүхэнд агуу их хувь нэмэр оруулж ирсэн. Одоогийн болон ирээдүйн монголчууд хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд дахин агуу хувь нэмэр оруулах үндэстэн болж төлөвшихөд өөрийн чадах бүхнээ хийнэ” гэж хариулдаг юм.

-Тэгвэл та Монголын хөгжлийг яаж төсөөлж байна?

-Хүн төрөлхтний хөгжлийг авч явдаг монгол үндэстнийг сэргээн мандуулахын тулд дараах дөрвөн асуудлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй гэж боддог.

Франц үндэстэн үндсэн хууль дээрээ үндэстнээ тодорхойлохдоо “Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөө, эрх тэгш, ахан дүүсэг үндэстэн” гэж тодорхойлсон байдаг. Хүн төрөлхтний агуу түүхийг тээсэн монгол үндэстэн үндсэн хуулиндаа үндэстнээ Монгол үндэстний хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох үнэт зүйлээр тодорхойлох ёстой. “Монгол үндэстэн бол өнөөдрийн дэлхийгээс илүү сайн дэлхийг бүтээхийн тулд хүний дегнити , хүний эрх , эрх чөлөө, эрх тэгш, ахан дүүсэг/эгч дүүсэг, учир, уваа, түүхийн өв,Бунт төлөө нэгдсэн үндэстэн гэж тодорхойлсны дараа хөгжлийн асуудлыг ярих боломж бүрдэнэ.

Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлүүдийг үндэслэж төрөө бүтээх хэрэгтэй. Дээр дурдсан монгол үндэстнийг тодорхойлсон хүн төрөлхтний үнэт зүйлээс харвал Монгол орон үүрд ардчилсан, зах зээлийн эдийн засагтай байж Монголын төр коммунист төр болохгүй, автотариат төр болохгүй бас хаант болон дектатурт төртэй болохгүй байх баталгаа болох юм.

Хүн төрөлхтний хөгжлийг цаашид авч явах монгол үндэстнийг бүтээх асуудал тавигдаж таарна. Дэлхийн олон эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж санал бодлоо солилцож явсны суурин дээр хүн төрөлхтний хөгжлийг орчин үеийн монгол үндэстэн авч явна гэвэл монгол үндэстэн өөрөө дэлхийн санхүүгийн үндэстэн, дэлхийн старт апп үндэстэн болгох хөгжлийн стратегийг монгол хүн бүр өөрийн биеэс эхлэн хийх мөн төр ч тийм болдогтой байх хэрэгтэй.Би ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог.

Монгол үндэстнийг тодорхойлсон нийтлэг үнэт зүйлд тулгуурласан төрийг бүтээх, санхүүгийн үндэстэн болон старт апп үндэстэн болж төлөвшин хөгжих, монгол үндэстний оюуныг бүтээх ажилдаа орох шаардлагатай. Оюуныг бүтээх нь гэр бүлийн хүмүүжил, боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шашны байгууллагууд гар бие оролцож, хөдөлмөрийн хуваарилтад орох нь чухал.

Хүн төрөлхтнийг хөгжүүлэх зорилт тавьснаар монгол агуу хөгжилд хүрэх агуу урамтай болно. Иймийн тулд Монгол хүн бүр ёс зүйн боловсролтой байж ,мэдлэгтэй, эрдэмтэй бөгөөд улс дамнасан санхүүгийн хүчирхэг институтийг бүтээх шаардлагатай.

Би Монголын хөгжлийг дээрх дөрвөөр төсөөлдөг. Аль нь ч дутаж болохгүй.

-Сайхан хүсэл мөрөөдөлтэй юм байна. Та монгол үндэстнийг санхүүгийн үндэстэн болгон хөгжүүлэх тухай тодорхой ярихгүй юу?

-Санхүүгийн эрх чөлөөгөө бүрэн олж авч чадахгүй бол бусад эрх чөлөө оршин тогтнох боломжгүй гэдгийг хүн төрөлхтний түүх баталчихсан юм. Нью-Йорк-д бэлтгэл хийн тэмцээнд орж явахад Нью-Йоркийн санхүүгийн дүүрэгт ажилладаг олон улсын банк, хөрөнгө оруулалтын сангийн захирлуудтай уулзаж санал бодлоо солилцсон явлаа. Тэдний ярьж байгаагаар:

1780-аад оны үед дэлхийн цорын ганц олон улсын санхүүгийн төв болох Лондонд еврэй хүмүүс анх хөл тавьж санхүүгийн бизнес эрхлэн еврэй үндэстэн дэлхийн санхүүгийн үндэстэн болох эхлэлээ тавьсан байдаг. 1860-аад оны үед Америкчууд тэр үеийн цорын ганц санхүүгийн төв болох Лондонд төвлөрч санхүүгийн комунитийг байгуулан АНУ-ын аж үйлдвэрийн хувьсгалыг явуулах санхүүгийн эх үүсвэрийг байгуулсан байдаг.

Дэлхийн алдартай философич “Хүн төрөлхтөн ижил учраас тэдэнд тулгарах асуудал нь ч ижил шийдвэрлэх гарц нь ч ижил байдаг учир түүх давтагддаг” гэж хэлсэн байдаг. Тиймээс монголчууд дэлхийн санхүүгийн үндэстэн болж төлөвшихийн тулд дэлхийн олон улсын санхүүгийн төв болох Нью-Йорк, Лондон, Хон конг, Сингапур, Люксенбург, Франкфурд, Парис, Токио зэрэг хотуудад Монголын санхүүгийн комунити цаашлаад дүүрэг хороодыг байгуулж эхлэх хэрэгтэй байна. Үүнийг хийж бүтээх нь тийм ч хүнд ажил биш. Монголчууд зорилгоо тодорхойлон бие биедээ тусалж цаашид улс дамнасан Монголын санхүүгийн комунитын сүлжээг үүсгэх хэрэгтэй. Ингэж л Монгол Улсыг үсрэнгүй дэвшилд хүргэх санхүүгийн эх үүсгэврийг бий болгож чадна.

Санхүүгийн эрх чөлөөг монголчууд эхлээд олж авахгүй бол бусад эрх чөлөөгөө олж авах боломж байхгүй. Улс дамнасан Монголын санхүүгийн комунитыг үүсгэхдээ бусад үндэстэнд хайлан уусахгүйн тулд түүхээсээ сургамж авч еврей үндэстэн, хятад, япон үндэстнүүдтэй адилхан өөрийн үндэстний дүүргүүдийг тэдгээр санхүүгийн төвүүд дээрээ байгуулах шаардлагатай. Тус дүүргүүд нь орон сууцны хороолол, цэцэрлэг, сургууль, сүм хийд, үйлчилгээний төвүүдтэй иж бүрнээр нь байгуулах хэрэгтэй.

-Таныг ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?

-Бэлтгэлээ хийхээр Таиландыг зорьж байна. Ирэх дөрөвдүгээр сард Нью-Йорк хотод 10 өдрийн гүйлтийн тэмцээнд орно. Дараахан нь зургадугаар сард 5000 км-ийн гүйлтийн тэмцээнд оролцоно. Ингээд есдүгээр сард эх орондоо ирнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Бунжаа (123.211.76.32)

    2020-01-06

    Сэтгэцийн өвчтэй эргүү пиздаа, хэн ч тоохгүй газар үхтлээ гүйдэг нь хэнд хамаатай юм. Хаана ч энэний талаар мэдээлэл алга. тэгэхээр хоосон гүйдэг гсн үг

  • Baharhaj baina aa (202.179.26.208)

    2020-01-06

    "ХИЙХ ЁСТОЙГОО ХИЙЛЭЭ " Ямар мундаг бодол бодож гүйдэг хүн бэ шнэхээр бахархаж байна . Таниас үлгэр авч сайхан МОНГОЛЫНХОО төлөө зүтгэнэ эээ . Би монголоо бодохоор нүднээс нулимс гардаг даа бид яачихсан хүмүүс вэ

  • ЭВИЙ ДЭЭ (202.179.27.20)

    2020-01-06

    ЭЭ... ЭВИЙ ДЭЭ. 5 ӨДӨРТ НЬ БИЕЭЭ БОДОЖ ГҮЙЖ БАЙГААРАЙ ДАА. ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ ШД

  • tungaa (202.9.46.192)

    2020-01-06

    Монголынхоо нэрийг гаргаж танд улам их амжилт хүсэн ерөөе.