Б.Жалбаа: Улсын рекордоо шинэчлэх нь миний зорилго

Австри улсын Инсбрук хотод ахмадын өвлийн олимпын III наадам энэ сарын 8-20-нд болно. Уг олимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол Биеийн тамир спортын газарт өчигдөр боллоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, УИХ-ын гишүүн, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны төлөөлөл уг ёслолд оролцож тамирчдад амжилт хүсч, тэдний сэтгэгдлийг сонсов. Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц Инсбрукийн ахмадын өвлийн олимпод Монгол Улсын тугчаар явах спортын мастер Б.Жалбаад төрийн далбааг гардууллаа. Ахмадын өвлийн олимпын III наадамд манай улсаас тэшүүр, шорт трек, хоккей, цанын спортын төрлөөр 36 тамирчин оролцохоор бэлтгэл сургалтаа хангаад байна. Дэлхийн 60 гаруй орны 3000 орчим тамирчин өрсөлдөх уг наадамд оролцох Монголын баг тамирчдын хамгийн ахмад нь 78 настай спортын мастер Б.Жалбаа юм. Тэрбээр олимпын гүйлтийн тэшүүрийн төрлийн 500, 1000, 1500, 3000 метрийн зайд уралдана. 1964 онд Австри улсын Инсбрук хотод болсон өвлийн олимпын наадамд Монголын тамирчид анхлан оролцоход Б.Жалбаа тэшүүрийн төрөлд өрсөлдөж байсан юм. Дэлхийн ахмадын өвлийн II наадам 2015 онд болоход манай улсаас 20 гаруй тамирчин оролцож байв. Канад улсад болсон уг өвлийн олимпоос Монгол Улсын тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Өвлийн олимпын наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр Монгол Улсын спортын мастер Б.Жалбаатай цөөн хором ярилцлаа.

-Та 50 гаруй жилийн дараа Инсбрукийн замд дахин хурд хүчээ сорих гэж байна. Бэлтгэлээ бүрэн базааж чадав уу?

 

-Би 1964 онд Монгол Улсаа төлөөлж өвлийн олимпод оролцож байсан. 56 жилийн дараа ахмад тамирчин болчихсон хойноо Австри улсад хөл тавихаар болсонд туйлын их баяртай байна. Тамирчны хувиар Австри улсыг зорих нь миний зорилго байв. Зорилгоо биелүүлж, хэдхэн хоногийн дараа хилийн дээс алхах гэж байна. Ахмадын өвлийн олимпын гүйлтийн тэшүүрийн 75-79 насны ангилалд өрсөлдөнө. Өнгөрсөн хугацаанд өөртөө тохируулж бэлтгэлээ базаасан. Гэхдээ мөсөн дээрх бэлтгэлээ хангалттай хийж чадаагүй. Учир нь, манай улсад мөсөн гулгуурын зориулалтын талбай байдаггүй.

-Тиймээс та бүхэн хэд хоногийн өмнө БНХАУ-ыг зорьж бэлтгэлээ базаасан юм биш үү?

-Тийм ээ. Мөсөн дээрх бэлтгэлээ Хятад улсад хийсэн. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тухайн үед бэлтгэлээ нэлээд жигдрүүлсэн. Гэтэл түүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн учраас өмнө нь хийсэн бэлтгэл талаар болчихвий гэж эмээж байна. Би бүх зайд уралдахаар мэдүүлчихээд байгаа хүн шүү дээ. 

-Өмнө нь ямар зайд уралдаж байсан бэ?

-500, 1000 метрт уралдаж байсан. Тухайн үед улсын рекордоо бүх зайд шинэчилсэн. Одоо хувийн болон улсын рекордоо шинэчлэх зорилготойгоор олимпод оролцох гэж байна.

-Монгол Улсын тугчаар явах хүндтэй үүргийг та хүлээжээ?

-Маш их догдолж байна. Олимпын тосгонд улс улсын төрийн далбааг мандуулдаг.

 

Анхны олимпод төрийн далбааг мандуулах ёслолд оролцохдоо 22 настай байсан. Гадаад руу явж үзээгүй байсан надад бүх зүйл шинэ санагдаж, эх орноо төлөөлөн олимпод оролцож байгаадаа сэтгэл хөдлөн нулимс унагаж явлаа.

 

 

Харин одоо Монгол Улсын тугийг Инсбрукийн тэнгэрт мандуулах хүндтэй үүргийг биелүүлэхээр явах гэж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

 

 

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)