Ч.Тунгалагтуяа Асралт хайрханд авирна

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг, ОХУ-ын уулчидтай хамтран мөнх сарьдаг Саяаны оргилд Монгол, Тувагийн тэргэнцэртэй хоёр охины хамт авирахаар болжээ. Цанын спортын тамирчин тува охин Аюуна цанаар гулгаж явахдаа нуруу нугасны гэмтэл авсан хэдий ч мөнх сарьдаг Саяаны нурууны оргилд гарах мөрөөдлөө Оросын уулчдад хэлснээр энэ гайхамшигт үйл явдлын анхны санаачилгыг гаргажээ.

 

Монголын талаас хөгжлийн бэрхшээлтэй зураач Ч.Тунгалагтуяа энэхүү авиралтад оролцохоор бэлтгэлээ базааж байна.

 

Саяаны нуруу нь Монгол, Оросын хилийн зааг дээр оршдог бөгөөд хоёр орны уулчид тэргэнцэртэй охидын хамт өөр өөрийн нутгаас зэрэг авиралт хийж, оргил дээр хоёр талаасаа уулзалдана. 

 

Уулын спорт хатуу дүрэм, чанд шаардлагатай спортын төрөл бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр дундаа тэргэнцэртэй хүнийг аюул, эрсдэлгүйгээр оргилд гаргахад маш их бэлтгэл, зохион байгуулалт, төлөвлөлт, санхүүжилт шаардлагатай байгаа тул зохион байгуулагчид болон оролцогчийн зүгээс нэлээд хичээн ажиллаж байгаа аж.

Арга хэмжээний туршилт, сорилт болгож энэ сарын 13-нд Ч.Тунгалагтуяа Монголынхоо уулчдын хамтаар Асралт хайрханд буюу 2800 м өндөрт авирна.

 

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)