Төрийн нурууг төрд бэлтгэгдсэн хүн л түшнэ

Өврийн сайхан хангай нутгаас Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнгээс эхтэй улс төр, нийгмийн  олон сайхан зүтгэлтэн Монгол төрийн гал голомтод цучил нэмэхээр тус нутгийг онож төрсөн байдаг. Бүр эртнээс яривал алтан ургийн нэгэн сонгодог эд эс Өндөр гэгээн Занабазар гээд ярихаар энэ нутагт өөрийн гэсэн нэг онцлог бий.

Авшиг ихтэй уул, усны нөмөр нөөлөг нь их хэдий  ч буруу зөрүү яваа нэгэнд хатуухан байдаг ч тал бий. Аливаа зүйлийн гэрэл нь их байх тусмаа сүүдэр нь том байдаг гэх нь зүгээр ч нэг тэнэмэл үг биш байх. Тийм дээ ч ухаалаг хүмүүс гэрэл сүүдрийн зохицлыг тохируулан аж төрдөг нь биз ээ. Тэр тусмаа төрийн нуруу түшилцэж яваа хүнд энэ хамгийн чухал зүйл байж таарна.

Өврийн сайхан хангай нутгаас өдгөө төрийн нуруу түшилцэж яваа олон сайхан улстөрчид бий. УИХ-ын гишүүн, нэрт хуульч Д.Лүндээжанцан, УИХ, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар гээд дурдвал цөөнгүй. Орчин цагийн улс төр өөр болж байгаа ч Монгол төрийн нуруу хэзээ ч өөрчлөгдөж, бас хазайж болохгүй учраас ард түмэн ч зөв хүнээ илгээх шаардлага тулгарч байгаа юм. Тэгвэл Өвөрхангай аймгаас УИХ-д С.Чинзориг хэмээх нөхрийг илгээсэн нь нүдээ олсон зүйл байжээ гэдгийг юу юунаас харж болно.

Энд хоосон хуурай магтаал нэгийг ч дэлгэх гэсэнгүй. Өнөөдөр төрд, ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалд ямар ч туршлагагүй хоосон цэцэрхэгчид олон болсон учраас үүнийг бичиж суугаа хэрэг. Гэхдээ хэн нэгнээр, ямар нэгэн нутаг усаар төлөөлүүлж байж миний хүргэх гэсэн санаа танд ойлгогдох учраас Засгийн газар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор төлөөлүүлж байгаа болохоос биш хэн нэгнийг онцлох гэсэнгүй. Шаардлага ч алга. Тэгэхээр энэ нийтлэлийн төлөөлөл маань нутаг устай байх нь ойлгомжтой учраас Өвөрхангай аймгийг дурдахаас өөр аргагүй.

Өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө буюу 1986 оноос аймгийнхаа захиргааны Төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан залуу өдгөө хал үзэж халуун чулуу долоосон төрийн хүн болжээ. Уг нь тэр 2012 онд Өвөрхангай аймгаас УИХ-д нэрээ дэвшүүлсэн ч тангараг өргөж чадаагүй. Үнэн хэрэгтээ олон мянгаар тоологдох саналын давуу байсныг учир мэдэх нэгэн ч хэлж байсан, тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч баримттай дэлгэж байсан. Гэтэл маргааныг тойргийн шүүхээс салган, нийслэлийн Хан-Уул дүүрэгт шийдвэрлэсэн нь ялалт өөр талд гарсан байдаг. Энэ тухай энд дурдах нь илүүц хэрэг биз ээ.

Хэдийгээр Өвөрхангайн ард түмэн С.Чинзоригийг сонгосон ч Хууль тогтоох хамгийн дээд байгууллагад суулгаагүй нь авшиг ихтэй уул усны зохирол, Өндөр гэгээнээс эхтэй ихэс дээдсийн сануулга байсан байхыг үгүйсгэхгүй. Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай, өөрийн гэсэн дэг жаягтай. Хэн ч мөрдөхгүй байж болох ч заавал цаанаасаа мөрдүүлдэг бичигдээгүй ёсон гэж бий. Тиймдээ ч тэр энэ л бичигдээгүй хуулийг дагасан байх. Дагахаас ч өөр аргагүй зүйл. Гэхдээ ямар учраас, ямар шалтгаанаар гэдэг нь цаг хугацааны нэгэн орон зайд заавал мэдэгддэг. Хэн ч таашгүй ийм л учир шалтгаанаар тэр Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх, Хөдөлмөрийн сайдаар ажиллав. Эртний танил салбараа өөд нь татахын төлөө ажилласан. Амжилт ч олсон.

Дээр дурдсанчлан ихэс дээдсийн сануулга, уул усны дохио түүнийг өөр юунд ч анхаарахгүйгээр салбарт нь ажиллуулахаар илгээсэн ч юм билүү, хэн мэдлээ. Салбар гэснээс Монгол Улсын их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн С.Чинзоригийн мэргэшсэн гэж болох салбар нь нийгмийн хамгаалал, хөдөлмөр хэмээх хамгийн өргөн цар хүрээг хамардаг том салбар. Учир нь тэр 2000-2008 он хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар найман жил ажилласан байдаг. Зах зээлийн нийгэм, улс төрийн энэ ороо бусгаа цагт сайдын албыг найман жил залгуулна гэдэг тэр бүрий хүнд тохиох зүйл биш. Ардчилсан нийгмийн түүхэнд сайдын албыг найман жил залгуулсан хүн С.Чинзоригоос өөр байхгүй. Найман сар ажиллаад бууж л байна, гурван жил ажиллаад бууж л байна. Дөрвөн жил тасралтгүй ажилласан сайд ч энэ цагийн түүхэнд тун ховор.

Энэ нь түүний нэг зүйлдээ тууштай байдаг, ажилдаа үнэнч, аливаа зүйлд улс төрийн зорилгоор бус ханддаг гэдгийг л шууд харуулж байгаа хэрэг. Товчхондоо зөв хүн гэсэн үг. Өнөөдөр төрийн албыг шат шатанд залгуулсан хүн тун ховор. Улс төрд ура хашхирч зогссон нөхөр шууд л сайд болж байна. Түүнд төрийн бага, дунд шатанд алба хашсан ямар ч туршлага байхгүй. Энэ л манай нийгмийн хамгийн том алдаа. Тэгвэл тэр аймгийн анхан шатны байгууллагад мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн даруйд хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан гэхээр яах аргагүй туршлагын далай. Ерөөсөө аймаг орон нутагт ийн ажиллаж байсан хүн л тухайн орон нутгийн иргэд, байгууллагын амьдрал, нөхцөл байдлыг хамгийн сайн мэддэг.

Түүнээс улс төрийн шалтгаар өндөр авсан нөхөд тэр дор байгаа анхан ба дунд шатны зовлонг огт ойлгодоггүй юм. Туршлага бүхий С.Чинзориг шиг нөхөд Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдох нь улс орны амьдрал, иргэдийн ахуйд заавал эерэг тусгалаа өгч байдаг сайн талтай. Тухайлбал, Засаг захиргааны эрх зүйн байдлын тухай хууль ороод ирлээ гэж үзэхэд туршлагагүй нөхөд бол тэнгэрээс харж байгаад нэг их гоё үг өгүүлбэртэй хууль батална. Тэд цүнх барьж ура хашхирч явсаар хууль тогтоогч, сайд болсон учраас баг, сумын төвд ямар зовлон байдгийг мэдэх бүү хэл төсөөлөх ч үгүй. Харин С.Чинзориг шиг аймаг, орон нутгийн анхан, дунд шатанд бүхий л албыг залгуулж байсан нөхөр бол сумын засаг захиргааны нэгж ямар байх ёстой юм. Багийн статус ямар байх ёстой юм гэдгийг амьдрал дээрээс нь шууд харж чаддагт хамаг учир бий. Тиймээс өнөөгийн хууль тогтоох байгууллагад ийм төлөөлөл олон байгаасай гэж сонгогч олон ч хүсдэг болжээ. Миний хувьд ч үүнийг бичих болсон шалтгаан нь энэ.  

Улс төр, төрийн өндөр дээд алба хашихад төрийн албаны туршлагаас гадна улс төрийн туршлага яах аргагүй хэрэгтэй. Тэр тусмаа улс төрийн ороо бусгаа энэ цагт заавал хэрэгтэй зүйл төдийгүй гэрэл сүүдэр шиг зэрэгцэж явахаас өөр арга алга. Тийм дүрэм цаасан дээр бичигдээгүй ч улс төрийн амьдралд мөрдөгдөж ирснийг нуух юун. С.Чинзоригт төрийн албаны туршлагаас гадна улс төрийн туршлага ч бий. Тэрээр аймаг орон нутгаас улс төрийн карьераа эхлүүлж, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, МАН-ын Нийгмийн бодлогын хөгжлийн газрын дарга гээд улс төрийн арвин туршлагатай нэгэн гэхээр яах ч аргагүй орчин цагийн төрийн өндөр дээд албанд тохирох хүн.

Ийм л нэгэн дүр өнөөгийн Монгол төрийн гал голомтыг маналцаж, Монгол төрийн нурууг түшилцэж явна. Өдгөө нийгмийн ачааны хүнд яах аргагүй жараад оны нөхдийн нуруун дээр иржээ. Цаг хугацааны орон зай, нийгмийн шаардлага гэдэг бол энэ. Тэдний хувьд яах аргагүй мэдлэг боловсрол, туршлагаа ухааны бяраар “зодож” хийдэг насандаа ирсэн. Ерөнхий сайд асан Думаагийн Содном нэгэнтээ “Би чинь Улсын төлөвлөгөөний комисст 53-тай залуухан хархүү гялалзаж явлаа” хэмээн инээж суусан. Тэгэхээр С.Чинзоригийн үеийнхэн өдгөө 50 насны босгоор алхсан аливаа зүйлийг хүчээр бус ухаанаар, онол практик хослуулан зөв шийдлээр хийдэг насандаа иржээ. Үүнийг би дүгнээд байгаа юм биш, үг хэл, үйлдэл нь харуулаад байгаа юм. Өнөөдрийн УИХ-д С.Чинзоригийн үеийнхэн буюу жараад оныхон гэх МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гээд олон нөхөд бий. Эднийг яах гэж дурдаад байгаа бэ гэхээр бүгдээрээ л тухайн цагийн шаардлагаар ажил амьдралаа эхлүүлж, хоёр нийгэм дамжин төрийн алба залгуулж явсан туршлагатай хүмүүс. Энд С.Чинзориг ч юм уу хэн нэгнийг магтах гэсэнгүй. Гагцхүү төрд ийм хүмүүс хэрэгтэй цаг нь болжээ гэдгийг С.Чинзоригоор төлөөлүүлэн та бүхэнд сануулах л гэсэн хэрэг. Төрийн нурууг төрд бэлтгэгдсэн хүмүүс л түшнэ гэдгийг сануулах гэсэн юм.

В.Нэргүй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.131.243.186)

    2020-01-16

    энэ арай биш шүү.НЭг амаараа шимтгэл нэмэхгүй бол тэтгэвэр тавих мөнгөгүй боллоо гэнэ.тэгснээ насаараа шимтгэл төлөөгүй хүмүүсийг хэдхэн төг төлүүлээд тэтгэвэрт гаргана.Цугласан шимтгэлийн асар их мөнгийг дампуурч байгаа банкинд алдана.Тэгж байгаад авдаг юм гэхэд хэчнээн хүүгээр өсөх боломж алдана.Долоон уулын цаагуур далд ороосой гэмээр гүлдгэр...

  • Ккк (203.169.50.110)

    2020-01-16

    Чин зориг гэх уймрааг төрд бэлтгэгдсэн гэх үү

  • Ойдаа (66.181.185.79)

    2020-01-16

    ИЙМ ТЕРД БЭЛТГЭГДСЭН ХУН ЯГ ОДООГИЙНХ ШИГ Л БАЙНА.ХАРИН УКНЭЭС ЕЕР БОЛ ЮУ ЮМ

  • зочин (202.131.251.156)

    2020-01-16

    кинон дээр ингэдэг билүү яасан хамаа шаах гэж байгаа шаалгуулцана уу гэдэгтэй утга нэг байна да

  • ХЭДЭЭР БИЧДИЙН. (202.179.26.221)

    2020-01-16

    ХН ... ЗАВААРСАН ЮМ БИЧИХИЙН. ЧИХЭР НЬ ИХДЭЭД НЯЛУУРСАН ХАР ЦАЙ ШИГ Л БИЧЛЭГ БОЛЖ.

  • зочин (202.21.108.167)

    2020-01-16

    Уг нь ерөнхий утгаараа бол санал нэгдэж байгаа ч ТӨР+ХуВИЙН албыг зэрэг хашдаг, төрөөс тэр бумтан төрөөд байгаад лгол асуудал шүү дээ?Нөгөө бэлтэгсэн гээд байгаа "НӨӨЦ" хүчнүүд төрийн өмчийг хулгайлаад, түрүүвчээ зузаалаад харин тэднийг"ОГТЛОХ" хайч буюу сахилга бат сахиулах хууль үйлчилэхээргүй болгосонд л байна шүү дээ!

  • Цэгмэд (202.179.26.179)

    2020-01-16

    Үнэн юм бичсэн эрхэм хүмүүн таныд баярлалаа,