312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан 8.8 хувиар нэмэв

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2016 онд:
- 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга

- 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга

- 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ.  Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Товч мэдээ

-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав. Махны экспортыг нэмэх, нөөцийн мах бэлтгэх, аймаг, сумдад байгуулах арьс, шир, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэх, төсөл хэрэгжүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэхийг сайд Ч.Улаанд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгох талаар судалж шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. 

-  Монгол Улсын 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах болон аймаг, нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлав. Худалдан авах ажиллагааг /tender.gov.mn/ цахим системээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүн, гэрээг тухай бүр цахим системд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)