Улаан ”зангиатай” урилгагүй зочин орохыг хориглоно

  Дэлхий нийтээр чив чимээгүй аялах улаан зангиатай урилгагүй эрхмийн тухай би бодож сууна. Тэр анх Монголд ирэхдээ зочид буудалд байрлаж, "Ганц худаг"-ийн хорих ангиар дамжаад явсан. Гэхдээ цагаан сэтгэлтэй монголчуудад хар мөр үлдээсэн нь хамгийн их аюул дагуулж байна. Тэр улаан зангиат манай улсын 117 дахь хүнтэйгээ уулзжээ. Гэхдээ сүүлийн нэг сарын дотор таван хүнтэй уулзаж амжсан нь бүр ч аймшигтай. Түүнийг ХДХВ, ДОХ гэдэг нэрээр нь уншигч Та мэднэ.
Дэлхий нийтээр чив чимээгүй аялах улаан зангиатай урилгагүй эрхмийн тухай би бодож сууна. Тэр анх Монголд ирэхдээ зочид буудалд байрлаж, "Ганц худаг"-ийн хорих ангиар дамжаад явсан. Гэхдээ цагаан сэтгэлтэй монголчуудад хар мөр үлдээсэн нь хамгийн их аюул дагуулж байна. Тэр улаан зангиат манай улсын 117 дахь хүнтэйгээ уулзжээ. Гэхдээ сүүлийн нэг сарын дотор таван хүнтэй уулзаж амжсан нь бүр ч аймшигтай. Түүнийг ХДХВ, ДОХ гэдэг нэрээр нь уншигч Та мэднэ. Өглөө ажилдаа гарахдаа гэрээ цоожилж хөрөнгөө хамгаалдаг атлаа гэнэтийн тохиолдолд хүслээ цоожилж бие, эрүүл мэндээ хамгаалж яагаад чаддаггүй юм бол. Саяханы судалгаагаар залуус нэг зүйлээс их айдаг болсон нь ажиглагдсан. Тэр нь юу вэ гэхээр цусны шинжилгээ өгөхөөс. Залуус өөртөө яагаад ийм итгэл муутай байна вэ? Өөрсдийнхөө эрүүл гэдэгт яагаад итгэж чадахгүй байна вэ гэсэн асуулт үүнээс урган гарч ирж байна. Нийслэлд залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс учраас 20 дээш насныхан кафе, бар гэх мэт газар оройг өнгөрөөх нь элбэг. Тэр дундаа оюутан охидууд хэн нэгэнтэй танилцаж, уух пиво, идэх хоолныхоо мөнгөө төлүүлэхийг хүсдэг болсон нь нууц биш. Энэ бол шоуны эхлэл. Харин өрнөл нь шөнө зочид буудалд, төгсгөл нь маргааш өглөө автобусны буудал дээр болдог. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөртөө таалагдсан хүнтэй бэлгийн харьцаанд ордог. Харин бэлгэвч болон бусад аюулгүй байдлаа хамгаалах зүйл хийсэн эсэх нь заримдаа тодорхой бус байдаг. Үүнээс үүдээд зарим нь хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчин тусах ч тохиолдол бий.
Саяхан СХД-т байрлах эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт 23 настай охин сарын дотор хоёр ч удаа жирэмсэн болж үр хөндүүлэхээр иржээ. Гэвч ерөнхий эмч нь зөвлөгөө өгөөд буцаасан байна. Ийнхүү охидууд хэвлийдээ бүрэлдэн тогтнох үрээ "хүсээгүй жирэмслэлт" нэрээр устгасаар л байх уу. Тэд эрүүл биедээ өвчин хуримтлуулж буйгаа ч мэдэхгүй эсвэл мэддэг хэрнээ хориг тавьж чадахгүй яваа нь харамсалтай юм. Ийм явдлаас болоод бид цусны шинжилгээ өгөхөөс татгалзаж байна уу. Ямартай ч монгол хүний удмын санг цэвэр байлгах үүднээс өөрсдийнхөө эрүүл энхийн төлөө цусны шинжилгээ өгье. Үүнд санаа зовох зүйлгүй. Ганцаараа очоод л өгчихье. Цусны шинжилгээ өгснийхөө дараа Та өөртөө бүрэн итгэлтэй болно.
Мөн уул уурхайн салбарт ажиллагсад ХДХВ, ДОХ-оор өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг нь тогтоогдсон. Учир нь тэнд ажиллагсад явуулын хүн ам гэсэн бүлэгт хамрагддаг учир эрсдэл өндөр гэж үздэг байна. Явуулын хүн ам гэдэгт эх орондоо гэрээсээ хол хөдөлмөр эрхлэгч болон гадаадаас ирэн ажиллаж байгаа иргэд хамрагддаг гэнэ. Энэ бүлгийн хүмүүс гэр бүлээсээ хол байдаг, мөнгө ихээр олдог, архи уух, бэлгийн харьцаанд орох гэж багагүй мөнгө зарцуулдаг зэрэг нь ХДХВ-ээр өвчлөх магадлалыг ихэсгэдэг байна. Манайд уул уурхай түлхүү хөгжиж байгаа энэ үед Азийн хөгжлийн банкнаас дэд бүтэц, уул уурхайн салбарт зориулан ХДХВ, ДОХ-оос сэргийлэх төслийг хэрэгжүүлээд нэг жил болж байна. Энэ онд л гэхэд гадаадаас 15536 иргэн манайд ажиллах зөвшөөрөл авсан. Үүний 4984 уул уурхайн салбарт ажилладаг. Тэгэхээр хаа ч явсан бид эрүүл мэндээ хамгаалах л үүрэг, хариуцлагатай гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна.
Өнөөдөр ХДХВ, ДОХ-ын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байна. Энэхүү чимээгүй дайныг бид "улаан зангиатай эрхэм" гэж нэрлэх нь нэг талаараа зохимжгүй ч байж болох юм. ДОХ бидний дайсан биш. Тэр аймшигтай өвчин ч биш. Харин хүн төрөлхтөн эсрэгээрээ ДОХын дайсан байж болох юм. Сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан олон сайн мэдээ тархаж байна. Тухайлбал, Ретровирусийн эсрэг эмчилгээнд гарсан сүүлийн үеийн амжилтын ачаар ХДХВтэй хүмүүс илүү удаан, эрүүл амьдрах боломжтой болоод байна.
2009 оны эцэс гэхэд дунд болон бага орлоготой орнуудын 5.2 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээг хүлээн аваад байгаа юм. ДЭМБ-ын зүгээс гишүүн орнуудтайгаа өвчний тархалтыг бууруулах, өвчлөлийн нөлөөллийг багасгах тал дээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай улсад Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг саяхан УИХ-аар хэлэлцлээ. Үүний үр дүнд ХДХВ буюу ДОХ-оос иргэдийг хамгаалах, өвчилсөн иргэдийн хүний эрхийг хамгаалах боломж бүрэн нээгдэж байгаа юм. Манай оронд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 117 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 80 хувь нь сүүлийн таван жилд бүртгэгджээ. Энэ нь сүүлийн жилд халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагийн дохио.
Тиймээс төр засгийн зүгээс халдвар цаашид нэмэгдэхгүй байх. Халдвар авч өвчилсөн иргэдийн хүний эрхийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, эрх ашгийг хамгаалах, хийж болох ажлыг нь нарийвчлан зааж эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Ийнхүү хүн бүр "Улаан зангиатай урилгагүй эрхэм"-д боломж олгохгүй бол дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ хэмээх зүйлийг мартаж болох юм.


ХДХВ/ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээлэл, хэрхэн сэргийлэх болон эмчилгээний арга замуудыг тусгасан 10 баримт.


БАРИМТ 1
ХДХВ (хүний дархлаа хомсдолын вирус) нь дархлаа тогтолцооны эсүүдэд халдварлаж тэднийг устгах юмуу үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Халдварын улмаас дархлаа тогтолцооны давшингуй доройтол бий болох бөгөөд биемахбодийн халдварыг зайлуулах болон өвчин эсэргүүцэх чадвар муудна. ДОХ (дархлалын олдмол хомсдол) гэдэг нь ХДХВ-ийн илүү гүнзгийрсэн шатыг хэлэх бөгөөд 20 болон түүнээс дээш оппортунист халдвар юмуу ХДХВ-ийн халдвартай холбоотой хорт хавдар бий болдогоор тодорхойлогдоно.

БАРИМТ 2
ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн харьцаа (үтрээгээр болон хошногоор) юмуу халдвартай хүнтэй аман секс хийх, халдварлагдсан цус сэлбэх, халдварлагдсан зүү, тариур болон бусад хурц багажуудыг хэрэглэх зэрэгт дамжина. Мөн түүнчлэн жирэмсэн, төрөх үед болон хөхөөр хооллох зэрэгт эхээс хүүхдэд дамжиж болно.

БАРИМТ 3

Дэлхий даяар ХДХВ/ДОХ бүхий 33,4 сая хүн амьдарч байгаагийн олонх нь дунд болон бага орлоготой орнуудад байна. 2008 онд ойролцоогоор 2,7 сая хүн шинээр вирусийн халдвар авчээ.

БАРИМТ 4
ХДХВ/ДОХ нь өнөө үед үхэлд хүргэх тэрүүлэх халдварт алуурчин болоод байгаа ба 27 сая илүү хүнийг үхэлд хүргээд байна. Ойролцоогоор 2 сая орчим хүн жил бүр ХДХВ/ДОХ-ын улмаас нас бардаг. БАРИМТ 5 Хавсарсан, ретровирусийн эсрэг эмчилгээ нь ХДХВ вирус биемахбодид олшрохоос сэргийлдэг. Хэрэв ХДХВ вирусийн нөхөн төлжилтийг зогсоовол биемахбодийн дархлааны эсүүд удаан амьдрах чадвартай болох ба халдвараас биеийг хамгаалах боломжтой болно.

БАРИМТ 6

2009 оны эцэс гэхэд дунд болон бага орлоготой орнуудын 5,2 сая хүн ретровирусийн эсрэг эмчилгээг хүлээн аваад байгаа юм. 2003 оны мөн үеийнхээс 12 дахин нэмэгдсэнийг илтгэнэ. Энэхүү өсөлтийг үл харгалзан ретровирусийн эсрэг эмчилгээний дэлхий нийтээрх хүртээмж бага байсаар байна. ДЭМБ-ын 2010 оны эмчилгээний удирдамжаар илүү олон хүмүүсийг ХДХВ-ийн эмчилгээнд хамрагдуулж ойролцоогоор 10-15 саяд хүргэхээр төлөвлөөд байгаа юм.

БАРИМТ 7
2008 оны байдлаар 2 сая илүү хүүхэд ХДХВ/ДОХ-той амьдарч байна. Африкийн Сахар орчмийн бүсэд амьдарч байгааг хүүхдүүдийн ихэнх нь өөрсдийн ХДХВ эерэг эхээс жирэмсэн, төрөх үед болон хөхөөр хооллох үед халдварлагдсан байдаг. Өдөр бүр бараг 1200 орчим хүүхэд ХДХВ-ээр шинээр халдварлагдаж байна. Ретровирусийн эсрэг эмчилгээ авч буй хүүхдүүдийн тоо 2005 онд 75000 байснаас 2009 онд 355000 болж нэмэгдээд байна.

БАРИМТ 8

Эхээс хүүхдэд дамжих дамжилтаас бараг бүрэн сэргийлэх боломжтой боловч ихэнх хөгжиж буй бага болон дунд орлоготой орнуудад урьдчилан сэргийлэх интервенци бага хэвээр байгаа юм.Хэдий тийм ч ахиц, дэвшил гарсаар байна. 2008 онд ХДХВ-тай амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийн 45% нь эхээс хүүхдэд вирус дамжих дамжилтаас сэргийлэхийн тулд ретровирусийн эсрэг эмчилгээ авч 2004 оны 10% гэсэн үзүүлэлтээс өсчээ.

БАРИМТ 9

2007 онд 450000 илүү үхэл ХДХВ-тэй амьдарч буй хүмүүст сүрьеэ тохиолдсоны улмаас бий болсон байна. Энэ нь тухайн онд ХДХВ-ийн улмаас нас барсан ойролцоогоор 2 сая үхлийн дөрөвний нэгтэй бараг тэнцүү байгаа юм. ХДХВ болон сүрьеэг хоёуланг нь тээж амьдарч буй хүмүүсийн ихэнх нь Африкийн Сахар орчимд (дэлхий даяарх тохиолдолын 80%) байгаа ба тэдгээрийн дөрөвний нэг нь Өмнөд Африкт байна.

БАРИМТ 10

ХДХВ-ийн дамжилтаас сэргийлэх зарим түлхүүр арга замууд:
• Тохиолдолын сексээс татгалзах юмуу бэлгэвч хэрэглэх зэрэг аюулгүй бэлгийн зан үйлтэй болох
• Бэлгийн замаар дамжих халдварыг шинжлүүлж эмчлүүлэх, ХДХВ зэрэг
• Тарилгаас зайлсхийх хэрэв тариулахаар бол үргэлж шинэ, нэг удаагийн зүү, тариур хэрэглэж байх
• Ямар нэг цус юмуу цусан бүтээгдэхүүн таньд хэрэгтэй болбол ХДХВ-ийн шинжилгээтэй эсэхийг шалгаж байх.

В.НЭРГҮЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)