И.Балжинням: Тэр хүн хамт олныхоо өөдөөс шороо цацах учиргүй

    М.Амбага доктороо, бид таныг ийм муухай загнана гэж бодсонгүй шүү

М.Амбага доктороо, бид таныг ийм муухай загнана гэж бодсонгүй шүү-
Г.Жамъяан /МУСГЗ/

- “Монос Фарм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал И.Балжиннямтай ярилцлаа.


- Ажил бие сайн биз дээ? “Монос”-оор ямар ажил өрнөж байна?

- Ажил бие сайн. Монос групп маань нилээн өргөжиж олон түмний зүгээс талархал хүлээж байгааг та хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж л байгаа  байх. Өнөөдрийн байдлаар 10 гаруй салбар 800 гаруй хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Бүх аймагт бөөний худалдааны салбартай, төв хөдөөд 30 гаруй эмийн сангаар үйлчилж байна. Эмийн үйлдвэр, Гоо  сайхны үйлдвэр,  барилгын Монос констракшн, Монос дээд сургууль, Эм судлалын хүрээлэн гээд биеэ даасан томоохон салбарууд ажиллаж байна. Сүүлийн үед нээсэн нэг шинэ зүйл бол Монос-Хүнс хэмээх хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр бүтээгдэхүүнээ худалдаалж эхлэлээ. Чацарганы ундаанаас эхлээд элэг хамгаалах, бөөр хамгаалах дархлаа сэргээх ундаанууд, витаминтай чихэр, үрэл, тайвшруулах цай, цэвэрлэх цай гэх мэтчилэн олон нэрийн бүтээгдэхүүнээрээ хүн арддаа үйлчилж байна.

- “Монос” Констракшнаа жаахан тодруулах уу?

- Барилгын манай салбар юм. Монос группийн хэмжээний бүх барилга байгууламжийг барьж байна. Манайх толгойтод эмийн үйлдвэртэй байсан. Одоо ТЭЦ 4-ийн өмнө 4 га газар том үйлдвэр барьж байна.  Эмийн энэ үйлдвэр маань 10 гаруй тэрбум төгрөгөөр босох юм. 50%-ийг нь барьчихаад байна. Дэлхийн жишигт нийцсэн том үйлдвэр маань ирэх жил ашиглалтанд орно. Монголын эмийн үйлдвэр хангамжийн асуудалд томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байгаа юм. 96 айлын орон сууц барьж байна. Ажилчиддаа зориулж байгаа юм.

- Танайх Эм судлалын хүрээлэн лаборатортой. Байгалийн цэвэр зүйлсээр бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн. Үүнээс заримыг сонирхуулах уу?
- Манай Эм судлалын хүрээлэн олон академич, доктор, профессоруудтай, 30 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай. ОХУ, Солонгос, Чех, Монголд цол хамгаалсан шижигнэсэн олон залуу эрдэмтэдтэй. Хүрээлэнгийн маань харъяанд эмийн ургамал тарималжуулах 2 ботаник цэцэрлэг, 2000 орчим амьтантай вивари ажиллаж байна. Эмийн ургамал тарималжуулах ботаник цэцэрлэгийн нэг нь нийслэлийн Өлзийт хороололд нөгөө нь Дарханы бүрэн толгойд нийтдээ 60 гаруй га газрыг эзлэн оршиж үр өгөөжөө өгсөөр байна. Эмийн ховор ургамал батраш,чихэр өвс, мана зэрэг 100 шахам нэр төрлийн ургамал тариалж туршиж байгаагаас нилээд хэдийг нь эмийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа юм. Ялангуяа улаан номд орсон алтан гагнуур, чихэр өвс, хунчирыг тарималжуулах ажил амжилттай дуусч байна.

- Нөгөө дархлаа сайжруулдаг Салимоныг гаргаж авдаг Загасгалаа тарималжуулж байгаа юу?
-  Загасгал гэдэг бутлаг ургамал бол манай говь нутагт цөөхөн газар багахан хэмжээтэй ургадаг. 3 жил дараалан олон экспедиц гаргаж нөөцийг нь судлалаа. Ботаникийн хүрээлэнтэй хамтарч хийсэн юм. Бүх зардлыг нь Монос гаргасан. Тухайн газрын онцлог ус чийгнээс эхлүүлээд тун өвөрмөц нөхцөл шаарддаг ургамал юм. Янз бүрийн аргаар тарималжуулах гэж оролдлоо. ХАА-н их сургууль, Биотехнологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй эсийн өсгөврийн аргаар тарих гэж оролдлоо. Тун бүтэл муутай байна. Манай эрдэмтэд цөхрөлтгүй судлаж, туршиж байгаа. Үр дүнд хүрнэ гэж л бодож байна.

- Эмийн ургамал тарималжуулах энэ ботаник цэцэрлэг чинь хэр зэрэг хүн бүлтэй том газар байдаг юм?
- Том шүү дээ. 60га гэдгийг та бодоод үздээ. Битүү мод  ургамал жимс ургасан байгаа. Зун очиж үзэж болно. Бид жилдээ 85-90 сая төгрөг зарцуулдаг юм. Олон эрдэмтэд, 3 агрономич, улирлын  40 шахам ажилтан ажилчидтай, байнгын харуул манаатай ажилладаг.

- Монос групп маань мэдээж дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Сүүлийн үед гадаад харилцаандаа олж байгаа амжилтаас сонирхуулна уу? 
- Дэлхийн 40 гаруй улс орны 100 гаруй пүүс компанитай байнгын холбоотой ажиллаж байна. Дэлхийн нэг номерт тооцогддог АНУ-ын Пфайзер компани, хоёр дугаарт ордог Францын Санофи, гуравдугаарт ордог Английн Жи Эс  Кей компани гэхчилэн  олон пүүс компанитай хамтран ажиллаж тэнд гарч байгаа  орчин үеийн хамгийн чухал эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгслийг оруулж ирж байна. ОХУ-ын Санкт Петрбург хотод Фармамед компанитай хамтарч эмийн үйлдвэр барьж байгаа, Москвагийн Агрове компанитай хамтарч шинэ эм хийж байгаа зэрэг аль болгоныг хэлж барах  билээ.

- Нөгөө хавдрын эсрэг эм юу боллоо?
- Манай эрдэмтэд хавдрын эсрэг үйлчилгээтэй эллипин эмийг бүтээхээр олон жил ажиллаж байна. Энэ чухал эмийг бүтээнэ гэдэг их хугацаа,  их  хөдөлмөр шаарддаг ажил. Маш олон төрлийн туршилт хийж урьдчилсан байдлаар сайн үр дүнд хүрэх нь тодорхой болоод байгаа.  Элэг , ходоод, умайн хүзүүний гэх мэт хорт хавдруудыг анагаахад үр дүнгээ өгнө гэж эрдэмтэд маань урам зоригтой байдаг. Хүн дээр албан ёсоор туршаад 2 жил болж байна. Урьдчилсан үр дүн их сайн байгаа шүү. Ирэх жилээс албан ёсны дүн гарна. Үүнээс гадна яс сийрэгжих өвчин, чихрийн шижингийн, дархлааны гээд 10 гаруй төрлийн шинэ эм туршилтийн янз бүрийн шатанд явж байна.

- Би нэг зүйлийг ойлгодоггүй ээ. Энэ далимд асуугаад авъя. Сүүлийн үед гадаадын олон янзын эм тариа орж ирж байна. Бараг л алд дэлэм тайлбартай тэнд өвчин анагаахаасаа гаж нөлөө нь илүү бичигдсэн байдаг. Ийм гаж нөлөөтэй эмийг оруулж ирээд байх нь зөв юм уу?
- Энэ үнэн. Хорыг хороор гэсэн үг бий. Гаж нөлөөгүй эм гэж бараг байхгүй. Гол нь эмзүйн талаас нь маш сайн хянаж түүнийг тааруулах хэрэгтэй юм. Энэ тааруулагч нь эмч, Эмзүйч хоёр. Иймээс эм зүйч, уялдааг сайжруулах зорилгоор Монос эмийн сангуудынхаа дэргэд эмч ажиллуулах болсон. Тэд өвчтөнд ямар эм таарах, сөрөг нөлөө үзүүлж болох талыг нь зааж хугацааг нь хүртэл тохируулж байх зорилготой юм. Химийн гаралтай эмэнд ийм гаж нөлөө  их байдаг учраас бидний тавьж байгаа нэг гол зорилго бол ургамал амьтны гаралтай элдэв гаж нөлөөгүй эм үйлдвэрлэхийг чухалчилж байна. “Монос-Хүнс”-ний бүтээгдэхүүнүүд бол ямарч гаж нөлөөгүй, хүний биед ач нөлөө үзүүлэх цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэдгийг анхаарвал зүгээр дээ.
Эмээ сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд танай групп их ажил хийдэг гэж сонссон юм байна?
Энэ бол бидний ажлын нэг чухал тал. Эрүүл мэндийн увьдас сэтгүүл, эмч сонин гаргаж байна. Эдгээр сонин хэвлэлээрээ дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмээ сурталчлах эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохиодог юм. Жилд 4-5 аймагт эмч, эмзүйчдийн нилээд өргөн бүрэлдэхүүнтэй “Эрүүл мэндийн боловсролын аян” зохион байгуулж заншлаа. Эрүүл аж төрөх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийг яаж зөв зохистой хэрэглэх талаар сурталчилгаа явуулж эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийдэг, эмчилдэг юм.

- Та бид хоёр баахан алба ярьчихлаа. Нэг зүйлийг сонирхмоор байна. Танайд ажиллаж байсан М.Амбага доктор хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдэд сүүлийн үед ярилцлага өгөхдөө их л таарамж муутай “Одоо бол Моносын Салимон хэрэглэгдэхгүй”, “Моносын Салимон гэж байгаа зүйл чинь М.Амбага, Б.Саранцэцэг гэсэн докторуудынх” гэж бичээд байх боллоо. Юу гэж байгаа нь энэ бэ?
- Манай Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар саяхан Солонгос, Тайланд явж биотехнологийн олон улсын хуралд оролцож эллипин бэлдмэлийг 3 төрлийн хорт хавдрын шугаман эс болон эсийн өсгөвөр дээр туршсан дүнгээр илтгэл тавиад ирлээ. Гадаадын эрдэмтэд, бас хурал зохион байгуулагчдаас маш өндөр үнэлгээ авсан. Гэтэл явсан хойгуур нь ийм юм боллоо. Доктор М.Амбага  ямар ч их зав мөнгөтэй юм, хэвлэл, телевиз, интернэт, хэвлэлийн бага хурал гээд бужигнуулж өглөө. Манайхан ч хариу мэдэгдэл гаргасан. Ийм юм болж байгаад бид дэмий л харамсахаас өөр юм хийж чадахгүй байна. Доктор М.Амбага, доктор Б.Саранцэцэг хоёр чинь нэг гэр бүлийн эрдэмтэд. Манай Ерөнхийлөгч чинь хүнтэй их эвсэг, олон сайхан эрдэмтэд, багш, жирийн хүмүүстэй хамтарч ажилладаг хүн л дээ. Тэдгээр эрдэмтдийн нэг бол Амбага доктор. Ерөнхийлөгч маань М.Амбага, Б.Саранцэцэг хоёрыг сайн эмч багш, эрдэмтэд гэдгээр нь дотор сэтгэлдээ хүндэтгэж явдаг юм билээ. 1996 онд Л.Хүрэлбаатар Ерөнхийлөгч маань гудамжинд явж байгаад Амбага доктортой таарчихсан гэдэг. Тэгэхэд М.Амбага доктор ардын эмнэлэгийн хүрээлэнгээс халагдчихлаа гээд нилээд гундуухан явсан гэдэг юм. Ерөнхийлөгч маань сэтгэл засах үг хэлээд манай компанид очоод ажиллачих. Би Моносынхоо зохион бүтээх төвийг эрдэм шинжилгээний төв болгох гэж байгаа.  Хамтарч ажиллая гэсэн мань хүн дуртай зөвшөөрч манайд ирсэн юм билээ. Тэгээд эрдэм шинжилгээний төвийн захирал, зөвлөх, Монос дээд сургуулийн захирал зэрэг албыг 10 гаруй жил хашсан л даа. Манайд ирснийхээ дараахан бас л:“Эхнэрийг маань ардын эмнэлгийн хүрээлэнгийнхэн гадуурхаад байна” гэхэд нь нь Л.Хүрэлбаатар ерөнхийлөгч маань санаа зоволтгүй ээ, манайд аваад ир гэснээр эхнэрээ лаборанттай нь авчирсан, бүгд Моносоос  цалинжиж байсан. Амбага докторт хуучин ажиллаж байсан газрын  цалингаас нэлээд дээгүүр цалин тогтоож чадлаараа л хандсан байх. Харин 1998-2000 оны хооронд Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байхад нь  зөвлөх гээд ажил хавсруулж анагаах ухааны хүрээлэнд авч байсан цалингийн нь 40%-иар цалин өгч байсан. Түүнийгээ л “би бага цалин авч байсан” гэж хүн болгонд яриад, бичээд явдаг болов уу. 2009 онд тооцоо хийж үзэхэд эхнэр, хамаатнуудынхаа  хамт Моносоос 146,6 сая төгрөгийн цалин авсан байдаг юм. “Аргагүй” гээд ирэхээр нь ерөнхийлөгч маань  30,6 сая төгрөг урьдчилаад олгож л байсан. Хүн сэхээд ирэхээрээ хүний ач тусыг мартах юм даа. Манайд ирэхдээ 2 өрөө байртай л хүмүүс байсан байх. Одоо бол  жиптэй бол жиптэй, Туулын хөвөөнд 2 давхар байшинд орчихсон, бараг тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө бүхий дээд сурууль, эмнэлэгтэй, 2-3 компанитай амьдрал нь дэвжиж дээшилсэн л дээ.  Энэ бүхэн бол тэр 2 эрдэмтний оюуны их хөдөлмөрийн үр шим гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ Монос групп манай хамт олны ачлал хайрыг мартмааргүй л юм даа.

- Салимон, Нефромон, зэрэг эмийг эхнэр бид хоёрын бүтээл л гэсэн байна билээ?
- Үнэн юмыг хичнээн харлуулах гээд хар болчихдоггүй юм л даа. Монгол улсын шинэ бүтээлийн патент олгосон хувь энэ байна. “М.Амбага, Л.Хүрэлбаатар, И.Цацрал, С.Нарантуяа, Б.Саранцэцэгт энэхүү патент олгов” гээд хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гарын үсгээ зурсан байгаа. Патентанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр 20 жил хүчинтэй гээд заачихсан бий. 2006 оны 12 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, доктор М.Амбага хоёрт Монгол улсын Төрийн шагнал хүртээсэн байгаа. Тэр зарлигт “Эм зүйн ухааны салбарт эх орны ургамал амьтны гаралтай, түүхий эдээс гарган авсан Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэлүүд бүтээлийн хамтын зохиогч доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатар, доктор, профессор Миеэгомбын  Амбага нарт” гэж тэмдэглэсэн байгаа. Гэтэл Амбага доктор өнөөдөр энэ эмнүүдийг чинь эхнэр бид хоёр бүтээсэн юм гэж шуугиан тариад гүжирдээд байх хэрэг байна уу. Бүр манайд ирэхээсээ өмнө бүтээсэн гээд. Тэр  нь Салорид гэдэг шахмал эм юм. Манайхны хамтарч хийсэн эм огт өөр спиртэн ханд. Бүх судалгаа шинжилгээ шинээр хийгдсэн. Энэ талаар Амбага, Саранцэцэг хоёртой 11 эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл хамтарч нийтлүүлсэн ерөнхийлөгч маань гэрчлэх байх. 1998 оноос хойш шүү. Бид тэвчээртэй хүлээсэн. Л.Хүрэлбаатар ерөнхийлөгч маань “эр улс шиг эвлэрье, юу нь болохгүй байна яриад шийдье” гэж  олон удаа санал тавьсан юм билээ. Огт хэрэгсэхгүй улам л мугуйдаж зүтгээд байх юм. Ер нь ярьвал их юм бий. Олон гэрээ бичгийг хууль зөрчиж засварласан, ерөнхийлөгчийн гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан гээд ярих хэрэгцээ гарвал манайхан ярих л байх. Гол нь арван хэдэн жил гэдэг бол бага хугацаа биш. Хамтарч сайн сайхан явсан хүмүүс. Нас, хугацаа хоёр байна. Дахин маргалгүй эвтэй найртай явах  юмсан гэж манай “Монос” группийн ерөнхийлөгч  Монгол Улсын Төрийн шагналт, Эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар уужуу тайван сэтгэлээр хандаж байна билээ.

- Ярилцсанд баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)