1-5 настай хүүхдийн хоол


Хоолны зөвлөгөө:
• Эхийн сүүгээр 2 нас хүртэл үргэлжлүүлэн хоолло.
• Xоёроос дээш насанд аажмаар эхийн хөхний сүүнээс гаргаж, гэрийн хоолонд бүрэн шилжүүл.
• Өдөр бүр тогтмол 5 удаа хоолло.
• Өсөлт, хөгжлийг тогтмол хяна.

1. Эхийн сүүгээр 2 нас хүртэл үргэлжлүүлэн хоолло
- Хэрэв хүүхэд хоол сайн иддэг бол 2-оос дээш насанд хөхнөөс нь гаргаж болно.
- Хүүхэд хоол сайн идэж сурснаар өөртөө хэрэгтэй байгаа тэжээлийн бодисуудыг хангалттай авах боломжтой ба улмаар тураал болон халдварт өвчнөөс сэргийлэхэд тус болно.
- Ямар нэг шалтгааны улмаас (цөөн тохиолдолд) 2 нас хүрээгүй хүүхдийг хөхнөөс нь гаргах шаардлага байвал тэднийг хангалттай хооллох нөхцөлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.
2. Хүүхдийг 2-оос дээш насанд эхийн хөхний сүүнээс гаргах
- Хэрэв хүүхдийг хөхнөөс гэнэт гаргавал тэднийг таагүй, баяр баясгалангуй  байдалд хүргэдгийг эхчүүд, асран хамгаалагчид анхаарах хэрэгтэй.
- Хөхнөөс гаргахын өмнө хүүхдэд хоол сайн идүүлж сургах хэрэгтэй ба өдөр бүр 5-аас цөөнгүй удаа олон төрлийн хоолноос тогтмол өгч, нэг удаад өгөх хэмжээг нэмэгдүүл.
- Өдөрт хөхөх тоог аажмаар цөөрүүл. Ингэхийн тулд эхлээд өглөөний хөхөлтийг, дараа нь өдрийн болон шөнийн хөхөлтүүдийг өнжих гэх зэргээр аажим дасгаж гарга.
- Хүүхдэд маш сайн анхаарал халамж тавьж, хангалттай хоолло.
- Хүүхдийг өөрөө хүсээгүй байхад нь шууд хөхнөөс гаргаж болохгүй. Хүүхэд 2-оос дээш насанд өөрөө хөхөө хөхөх сонирхолтой байвал эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй ба хүүхэд хөхөө хөхөх сонирхолгүй болсон үед нь л хөхнөөс гаргах хэрэгтэй
3. Нэг наснаас эхэлж өдөр бүр 5 удаа тогтмол хоолло
- Хүүхдэд өдөр бүр 5 удаа тогтмол хоол өгч хэвш. (1 удаад ойролцоогоор 250-300 мл)
- 2 хүртлэх насны хүүхдэд тусад нь хоол хийж өгөх шаардлагатай бөгөөд өдөрт 1-2 удаа гэрийнхээ хоолноос бага багаар дасган өгч болно.
- Хэрэв 2 хүрсэн хүүхдэд тусад нь хоол хийдэггүй, томчуудын хоолноос өгдөг бол хоолны хооронд тэжээлийн бодисоор баялаг хөнгөн зууш өгөх хэрэгтэй. Энэ нь тэжээллэг бодисуудын хэрэглээг нэмэгдүүлэхэд туслах ба олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг бүрдүүлнэ.
- Хүүхэд бүр хоол иддэг өөрийн гэсэн аяга, тавагтай байх ёстой ба энэ нь тэднийг хир зэрэг хоол идэж байгааг мэдэх ач холбогдолтой. Гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ нэг аяга, тавагнаас хамтдаа хооллодог бол тэдэнд ноогдох хоолны хэмжээ багасдагийг анхаарах хэрэгтэй.
- Хүүхдэд өдөр бүр нэг аяга сүү болон тарагны аль нэгийг өгч занших. Өдөр бүр хоолонд нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь тэднийг шаардлагатай аминдэм, эрдэс бодисоор хангах боломжийг бүрдүүлнэ.
- Хүүхдэд хоол хийж өгөхдөө өөрт нь тохирсон хэмжээгээр хийх хэрэгтэй байдаг ба их хэмжээгээр хоол хийх нь хоолны чанарт муугаар нөлөөлнө.
4. Хүүхдийн өсөлт, хөгжлийг хяна
- Хүүхдийн өсөлтийг тогтмол хянаснаар эцэг эх, асран хамгаалагчид болон эрүүл мэндийн ажилтнууд тэдний хир зэрэг өсч, хөгжиж байгааг олж мэднэ.
Эрүүл хүүхэд ямар байх вэ?
•    Харахад туранхай эсвэл тарган биш “эрүүл” байна.
•    Хоолны дуршил сайн.
•    Цовоо сэргэлэн.
•    Нүд, үс нь өнгөлөг, гялалзсан.
•    Арьс нь чийглэг, өнгөлөг байна.
Хоолны асуудалтай хүүхэд ямар байх вэ?
•    Харахад үеийнхнээсээ жижиг, намхан.
•    Туранхай, ядрамтгай.
•    Орчин тойрондоо сонирхол муу, хөдөлгөөн муутай, идэвхигүй.
•    Нүд, үсний өнгө нь бүүдгэр.
•    Арьс нь хуурай, өнгөө алдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)