“Бороо гоулд” ххк гурван сая хүн цаг аваар осолгүй ажиллаж рекорд тогтоолоо

2013 оны 4 сарын 30
   Монголчууд “Бороо Гоулд” ХХК-ийг мэддэг болоод удаж байна. Тиймээс тус компанийн талаархи мэдээллийг товчхон хүргэе. Канад Улсын Торонто хотод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэргүүлэх компаниудын нэг. Төв Азийн бүс нутагт алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа барууны хамгийн том компани гэхээр дэлхийд андахгүй. Түүнчлэн Киргиз Улсад Кумторын уурхай, Монгол Улсад Бороогийн уурхай гэсэн хоёр уурхайг ажиллуулдаг. Бороогийн уурхай нь Монголын хамгийн том, алтны үндсэн орд. Тус компани ашигт малтмалын ордуудыг эзэмших, ашиглалтад бэлтгэх, ашиглах, хайгуулын ажил явуулах туршлагатай, чадварлаг удирдлагын багтай бөгөөд алтны томоохон үйлдвэрлэгч болох зорилготойгоор тэнцвэртэй өсөлтийн стратеги баримтлан ажилладгаараа ялгардаг. Тийм ч учраас ил тод байж, компанийн нийгмийн хариуцлагыг ихэд ухамсарласан хамт олон юм. Иймээс ажилчид, гэрээт гүйцэтгэгчид болон орон нутгийн иргэдийн эрхийг хүндлэх, байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийг мөрдөх, үйл ажиллагаа явуулж буй улс орондоо тогтвортой үр өгөөжийг бий болгох, үйлдвэрлэлийн менежментээ сайжруулж байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар удирдлагын хүлээх үүргийг тодорхой тогтоох, нийгмийн хариуцлагын хүрээнд бүх салбар нэгжээ хүний нөөцөөр бүрэн хангах, хариуцлагатай уул уурхайг амьдралд хэрэгжүүлэх зэрэг олон боломжийг нэвтрүүлсэн байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба өнгөрөгч 25-ны өдөр “Бороо гоулд” ХХК-ийн хамт олонд гурван сая хүн цаг хөдөлмөрийн осол эндэлгүй ажилласанд баяр хүргэж, батламж гардуулав. Тэрбээр “Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан амжилт, хуримтлуулсан туршлага бусад аж ахуйн нэгжүүдэд том үлгэр дууриал болно. Монголын уул уурхайн салбарын түүхэнд гурван сая хүн цаг хөдөлмөрийн аваар осолгүй ажиллаж байсан түүх бараг байхгүй. Тиймээс “Бороо гоулд” компанийнхан томоохон амжилт тогтоолоо. Цаашид төр үнэлэх биз ээ. Бид та бүгдэд их талархаж байна. Энэ эрчээ алдахгүй ажиллаарай” гэлээ. Дараа нь тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайханыг “Шилдэг удирдах ажилтан”, үйлдвэрийн дарга Т.Оргодолыг “Шилдэг удирдагч”, уурхайн орлогч дарга Д.Пүрэврашийг “Шилдэг залуу удирдагч” цол тэмдгээр шагнасан юм.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.ДАМБА: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХ ЮМ ГЭСЭН ИТГЭЛ ӨГЛӨӨ

-Манай улсын хөгжил уул уурхайгаас шууд хамааралтай. Энэ үед аюулгүй ажиллагааны дүрмийг хэрхэн нэвтрүүлэх ёстой вэ?

-“Бороо гоулд” компанийн гурван сая хүн цаг аваар осолгүй ажилласан үзүүлэлт нь рекорд тогтоолоо. Монголд урьд өмнө ч, одоо ч байгаагүй үзүүлэлт. Яагаад гэвэл замууд дээр аль ч уурхайд байдаггүй осол аюулгүйн тэмдэг байна. Бас ажиллагсад болон шинээр ирж байгаа хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Тиймээс энэ компанийн туршлагыг уул уурхайн бусад үйлдвэрүүд хэрэгжүүлээсэй. Биднийг ажиллаж байх үе, өнөөгийн “Бороо Гоулд” компанийн үйл ажиллагаа өдөр шөнө шиг ялгаатай болжээ. Техник тоног төхөөрөмж, зохион байгуулалт, нөхөн сэргээлтийн ажил маш сайн хийгдсэн байна. Аюулгүй ажиллагааны дүрэм журмаа ягштал мөрддөгт энэ амжилтын утга оршиж байна. Бүтээл гаргахаас өмнө өөрөө аюулгүй байх ёстой гэсэн дүрэм горимыг хүн болгонд ойлгуулж чадсан байна.

-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын талаар таагүй мэдээлэл дуулддаг, тухайлбал хүн бэртэх. амь эрсдэх явдал сүүлдээ дасал болоод байх шиг?

-Компаниуд дүрэм журмаа боловсронгуй болгоод аюулгүй ажиллагааны менежментийг авч явж чадахуйц багийг бүрдүүлэх хэрэгтэй. Дээр нь инженер техникийн ажилтнуудаа сургах шаардлагатай. Өнөөдөр энэ компанийн аюулгүй ажиллагааны цехэд ажиллаж байсан хүмүүс өөр олон том төслүүд дээр ажиллаж байна. Бас гадаадад ажиллаж, зарим нь Монголдоо уул уурхайн хувийн компани байгуулсан байна. Энэ бүхнээс үзэхэд “Бороо Гоулд” Монголдоо тэргүүн компани гэдэг нь харагдаж байна. “Бороо Гоулд” компани үйл ажиллагаа явуулж байгаа Их тайширын жалгыг танигдахгүй болтол нь нөхөн сэргээсэн байна. Бусад уурхайнууд ингэж ажиллавал манайд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж болох юм гэсэн найдвар байна.

“Бороо Гоулд” компанийн Ерөнхийлөгч ЖОН КАЗАКОФФ: ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАЖ АМЖИЛТАА БАТАТГАНА

-Юуны өмнө танд болон танай хамт олонд гурван сая хүн цаг аваар осолгүй ажилласанд баяр хүргэе. Энэ амжилт дэлхийн хэмжээнд хэр том үзүүлэлт вэ?
-Баярлалаа. Гурван сая хүн цаг гэдэг нь гурван сая цагт нэг ч хүн ажлаас чөлөөлөгдөх хэмжээний гэмтэл, осол гаргаагүй гэсэн үг. Энэ амжилт уурхайн том, жижгээс хамаарна. Бид гурван жил осолгүй ажиллаж байж гурван сая хүн цаг гэдэг амжилтад хүрсэн. Харин 10-20 мянган ажилчинтай уурхайн хувьд 1-2 сарын дотор гурван сая хүн цаг осолгүй ажиллах боломжтой. Ер нь дэлхийн уурхайнууд сая хүн цаг тутамд осолгүй ажилласнаа томоохон амжилт гэж үздэг. Ингэж олон сая цаг осолгүй ажиллахад ахлах ажилтнууд, нийт ажилчдын хүч хөдөлмөр их шингэсэн. Осолгүй үйлдвэрлэлийн гол зарчим нь ажлын байран дээрх цахилгаан, хүнээс гарсан зөрчил, эсвэл химийн, галын зэрэг аюулыг тодорхойлж, засч залруулах явдал юм.

-Цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Улам хариуцлагатай ажиллаж, амжилтаа бататгана. Уурхайн үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, машин механизм, тоног төхөөрөмж, байгаль орчин, химийн бодисуудтай харьцах гэх мэт хүчин зүйлтэй холбоотой эрсдлүүд дагаж явдаг. Энэ бүхнийг манай ажилчид сонор соргогоор илрүүлэн, засч залруулдгийн үр дүнд амжилтад хүрлээ. Энэ ажилд ажилчдаа сургаж бэлтгэж, урамшуулах ажлыг байнга хийдэг. Осол аюулыг илрүүлж, засч байгаа хүмүүс тодорхой урамшуулалд хамрагддаг. Тухайлбал нэг удаагийн улирлын сугалаанд оролцуулж гадаадад аялах болон бусад урамшуулалд хамруулж байгаа.

Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.ЖАРГАЛСАЙХАН: АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ӨӨРӨӨ МАШ ЧУХАЛ АСУУДАЛ

-Уул уурхайн салбарт осол авааргүй ажиллана гэдэг амаргүй. Баримталдаг гол зарчим юу вэ?

-Уул уурхайн салбарт гурван сая хүн цаг ажиллахад нэлээд хуга¬цаа орно. Нэг сая хүн цаг гэдэг Өрнөдөд зуун ажилчин тутамд ногдох хөдөлмөрийн чадвар алдалт буюу ноцтой гэмтэл авах, байгаль орчин гэсэн үзүүлэлтээр хэмжигдэж явдаг юм. Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зургаан жилд нь осолгүй ажилласан.

-Бусад уул уурхайн компаниудтай туршлага солилцдог уу?
-Оюутолгой, Тавантолгой компаниуд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлээд явж байгаа юм билээ. Өөр өөрийн ажлын дүрэм журамтай. Бусад компаниудтай жил бүр аюулгүй ажиллагааны талаар туршлага солилцдог. -Осол авааргүй ажиллаж байгааг тань өөр ямар байгууллага хөндлөнгөөс хянадаг вэ? -Мэргэжлийн хяналтын байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын захиргаа хяналт тавьдаг. Энэ оны эхээр манайд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа байгаль орчин, удирдлагын тогтолцоо гэсэн нэгдсэн стандарт бий болсон.

-Ажилтнуудаа яаж хурдан мэргэшүүлдэг вэ. Гаднаас багш урьдаг уу?
-Арваад жилийн өмнө сургалтыг гадны мэргэжилтнүүд явуулдаг байсан. Тухайлбал Австралиас мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулдаг байлаа. Харин сүүлийн долоон жил манай сургалтын хэлтсээс явуулж байна. Шинэ хүмүүст хичээл заагаад дараа нь уурхайд дадлагажуулдаг. Сургалт хяналт хоёр харилцан уялдаатай байх ёстой. Одоо уулын хэсгийн ажилчид хаягдлын барилга байгууламжийн ажлыг хийнэ. Энэ ажилд шинээр хүмүүсийг авч сургаад ажиллуулна. Ангийн сургалтаас гадна хуучин туршлагатай ажилчид шинэ хүмүүсээ аваад дадлагажуулдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...