“Фридрих Эбертийн сан”- гийн академийн захирлыг хүлээн авч уулзлаа

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өчигдөр Германы “Фридрих Эбертийн сан”-гийн Нийгмийн ардчиллын академийн захирал, доктор Кристиан Креллыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчиллын хүрээлэнгийн захирал Я.Төмөрбаатар, тус сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл, хөтөлбөр хариуцсан ажилтан Ц.Уянга нар оролцлоо. Уулзалтын гол зорилго нь харилцан танилцаж, санал солилцох бөгөөд Нийгмийн ардчиллын хүрээлэн цогцоор шинэчлэгдэн шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлж буй үйл ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлог юм. Намын XXVII Их хурлаар баталсан үндсэн дүрэмд “Монгол Ардын Нам эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагатай байна. Энэ байгууллага нь бие даасан, хараат бусаар ажиллана” гэж заасан билээ. Уулзалтын эхэнд М.Энхболд Нийгмийн ардчиллын хүрээлэн шинэ бүтэц, үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж эхэлж байгаа энэ үед “Фридрих Эбертийн сан”- гийн Нийгмийн ардчиллын академийн захирал Кристиан Креллийг хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Нийгмийн ардчиллын хүрээлэнг “Think Tank” байгууллагын чиглэлээр хөгжүүлэхэд тус сангийн академийн туршлагыг судлах, санал солилцох, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллах тухайд хоёр тал санал нэгдсэн юм. Нийгмийн ардчиллын хүрээлэн одоогоос 58 жилийн тэртээ үүсэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт, хөгжилтийн явцдаа нийт найман удаа шинэчлэгдэн зохион байгуулагдаж өдийг хүрсэн. “Фридрих Эбертийн сан”-гийн Нийгмийн ардчиллын академийн захирал, доктор Кристиан Крелл нь энэ сарын 26-28-ны өдрүүдэд болох “Нийгмийн ардчилал:өнөө ба ирээдүй Герман, Монголын жишээн дээр” сэдэвт онол практикийн бага хуралд оролцохоор Монголд хүрэлцэн ирээд байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)