Өмнөд Солонгосын усан онгоцны ахмадыг баривчлав





Өмнөд Солонгост осолдсон “Севол” гатлага хөлөг онгоцны ахмад болон багийн хоёр гишүүнийг өнгөрсөн бямба гаригт баривчилжээ. Уг хөлөг онгоц өнгөрсөн лхагва гаригт живсэн. Хөлгийн ахмад И Жун Сук өөрөө цочролд орсноос гадна тэнгист давалгаа ихтэй, ойр хавьд нь аврах завинууд байгаагүй зэрэг шалтгаанаар аврах ажиллагааг цаг тухайд нь зохион байгуулж чадаагүй тухай мэдэгдсэн байна. Гэвч Өмнөд Солонгосын “The Chosun Ilbo” сонины мэдээллээс үзэхэд хөлгийн ахмад болон багийн зарим гишүүн хөлгөөс аврагдсан хамгийн эхний хүмүүсийн дунд байсан гэнэ. Өмнөд Солонгосын шумбагчид өнгөрсөн бямба гаригт живсэн хөлөгт хүрч, дахин гурван хүний цогцсыг гарган авчээ. Гэсэн хэдий ч хөлгийн доторх булан, тохойд үлдсэн агаартай хэсэгт амьд хүн үлдсэн гэх найдвар тасраагүй болохыг аврах хэсгийнхэн мэдэгдсэн байна. Хөлгийн ахмадад таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноож магадгүй гэнэ. Тэрбээр осол болох үед ахмад тавцан дээр байгаагүй ба хөлгийн залуурыг өөр туршлага багатай нэгэн барьж байжээ. Ийнхүү туршлагагүй нэгэн онгоцны чиглэлийг огцом өөрчилснөөс хөлөг дээрх ачаа хөдөлж, онгоц усанд хажуугаараа налсан эсвэл том хад мөргөсөн гэх үндсэн хоёр таамгийг аврах багийнхан дэвшүүлжээ. Осол болсноос хойш онгоцны ахмад гучин минутын турш аврах ажиллагаа эхлүүлээгүйгээр барахгүй дээш гарах гэсэн олон хүүхдийг багш нар болон хөлгийн багийнхан дотогшоо орохыг тушааж, загнан зандарч байсан мэдээлэл бий. Мөн арал дээр байрлуулсан хүүхдүүдийн эцэг, эхчүүд эрх баригчдад дургүйцлээ илэрхийлж нэг хэсэг нь Сөүл рүү явж Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсахаар зэхжээ. Түүнчлэн сургуулийн нэг багш онгоцноос аврагдсаныхаа дараа өөрийгөө боомилжээ. Онгоцонд осол болоход нийт 475 хүн байсны олонхи нь дунд сургуулийн сурагчид байжээ. Тэднээс 179-ийг аварч, 54 хүний цогцсыг олсон бол 228 хүний хувь заяа одоог хүртэл тодорхой биш хэвээр байна. Гэхдээ тэд амьд байгаа гэсэн найдвар өдөр ирэх тутам багасч байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)