Чөлөөт бөхийн өсвөрийн ДАШТ-ээс мөнгө, хүрэлтэй ирлээ

2014 оны өсвөрийн ДАШТ  Словак улсын Снина хотын “Hockey Stadium” спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлчийн өдөр хөвгүүдийн чөлөөт бөхийн 46, 54, 63, 76, 100 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх дэвжээнд гарснаас 76 кг-ын жинд барилдсан З.Сумьяабазар урамтай сайхан барилдаж мөнгө, 46 кг-ын жинд Н.Насанбуян хүрэл медаль хүртлээ.

Өнгөрсөн жил Серб улсын Сержанин хотод болсон өсвөрийн ДАШТ-нээс манай бөхчүүд 1 хүрэл медальтай ирж байсан бол энэ жил 1 мөнгө, 2 хүрэл медаль авч амжилттаа ахиуллаа. Алтан медалийг 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотод болсон өсвөрийн ДАШТ-нээс МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхийн шавь О.Эрдэнэцогт хүртсэнээс хойш 21 жил болж байна.

1998 онд Англи улсын Манчестер хотоос Д.Эрдэнэтулга өсвөрийн ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байснаас даруй 16 жилийн дараа З.Сумьяабазар бас мөнгөн медаль энгэртээ зүүжээ. З.Сумьяабазар нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 1997 онд төрсөн, Банягол дүүргийн 40 дугаэр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид энэ жил орно. Чөлөөт бөхийн спортоор 2008 оноос “Арслан” клубт дасгалжуулагч Ц.Гантөгсийн удирдлага дор хичээллэж байна. Өсвөрийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл медальтай, 2013 онд Улаанбаатар хотод болсон Монгол туургатны хүүхдийн спортын IҮ наадмын аварга. Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт. Төрсөн ах З.Занабазар нь азийн өсвөрийн аварга, өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальтай.

Охидын чөлөөт бөхийн төрөлд Япон 5, АНУ, Норвег, ОХУ, Украин, ХБНГУ тус бүр нэг, хөвгүүдийн чөлөөт бөхийн төрөлд АНУ 3, Азербайжан, Иран тус бүр хоёр, Гүрж, ОХУ, Украин тус бүр нэг алтан медаль авсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)