Улаан кхмерүүдийн удирдагчдыг шүүх хурал эхэллээ

 Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт хядлага үйлдсэн Камбожийн Улаан Кхмерүүдийн хоёр толгойлогч асныг шүүх хоёр дахь удаагийн хуралдаан эхэллээ. 1975-1979 оны хооронд Камбожийг дөрвөн жил дарангуйлахдаа хоёр сая гаруй хүний аминд хүрсэн Улаан Кхмерүүдийн төрийн тэргүүн асан Кхиеу Самфан болон Улаан Кхмерүүдийн дээд удирдагч Пол Потын орлогч Нуон Чеа нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаад байгаа юм. Камбожийн нийслэл Пномпеньд эхэлсэн хоёр дахь удаагийн шүүх хуралд вьетнамчууд болон үндэсний цөөнх чам муслимчуудын эсрэг геноцид явуулсан хэргийг нэмжээ. 83 настай Кхиеу Самфан болон 88 настай Нуон Чеа нарт прокурорууд бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаан Кхмерийн дэглэмийн үеэс шүүгдэж байсан дөрвөн удирдагчаас үлдсэн хоёр нь юм. Тэдэнтэй хамт шүүгдэж байсан Улаан Кхмерийн шадар сайд, Гадаад харилцааны сайд Иенг Сари өнгөрөгч оны гуравдугаар сарын 14-нд 87 насандаа нас барсан юм. Харин түүний эхнэр, “Тэргүүн хатагтай” гэгдэж байсан Нийгмийн хэргийн сайд Иенг Тиритийг мартах өвчтэйн улмаас шүүх хурлаас чөлөөлсөн юм. Өдгөө 82 настай түүнийг дээрх гурван удирдагчийн хамт 2007 оноос шүүж байсан юм. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт эмэгтэй тэрбээр Улаан Кхмерүүдийн дээд удирдагч Пол Пот /жинхэнэ нэр нь Салот Сар/-ын анхны эхнэрийн дүү юм. Иенг Тиритийн эгч, Пол Потын анхны эхнэр Кхиеу Поннари Улаан Кхмерүүдийн дэглэм нурсан 1979 онд нөхрөөсөө салсан бөгөөд 1975- 1979 онд Улаан Кхмерүүдийн үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй байв. Тиймээс түүний дүүг Улаан Кхмерийн дэглэмийн үед тэргүүн хатагтай гэдэг байв. 1975 онд Камбожид өөрийн ноёрхлыг тогтоон сэхээтэн, лам хувраг, баячууд, үндэсний цөөнх муслимын чам үндэстнүүдээс гадна хөрш Вьетнамын иргэдийг олноор хоморголон устгаж, албан бус тоогоор гурван сая хүний аминд хүрсэн Улаан Кхмерүүдийн үйл ажиллагааг зогсоохоор Вьетнамын цэргүүд 1979 онд Камбожид орж ирснээр тэдний дэглэм нуран унасан юм. Энэ үеэр Улаан Кхмерийн толгойлогч Пол Пот өөрийн ойрын тойрон хүрээлэгчдийн хамт Камбожийн баруун өмнө зүгийн ширэнгэн ой уруу зугтаж, тэндээ нуугдаж байгаад 1981 онд амьсгал хураасан юм. Харин үүний дараа түүний ойрын тойрон хүрээлэгчид бууж өгч, гарч ирсэн юм. Тэгвэл Улаан Кхмерийн үеийн Ардчилсан Камбожийн төрийн тэргүүлэгчийн ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Кхиеу Самфан болон Ардчилсан Камбожийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан, Улаан Кхмерийн үзэл суртлын тэргүүн, Пол Потын дараах “хоёрдугаар ах” Нуон Чеаны нас өндөр тул шүүх хурлыг хурдасгах үүднээс тус тусад нь шүүж эхэлжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр энэ сарын 7-нд гарах бөгөөд өнөөдрийн нээлттэй сонсголоос харахад шүүх хурал 2016 он хүртэл үргэлжлэх магадлалтай байгаа аж. Учир нь Кхиеу Самфан, Нуон Чеа нар одоог хүртэл өөрсдийгөө гэм буруугүй хэмээж байгаа юм. Улаан Кхмерийн үед амь үрэгдсэн хоёр сая гаруй хүн харгис маоист дэглэмийн цаазын ял болон өлсгөлөн, хөдөлмөрийн улмаас амиа алдсан юм. Одоогийн байдлаар Улаан Кхмерийн үеийн дарангуйлагчдаас “Дач” хэмээх нэрээрээ зартай, шоронгийн дарга Канг Кек Иеуг шийтгэж шоронд хориод байгаа юм. 1942 онд төрсөн түүнд олон мянган хүнийг тамлаж, хөнөөсөн хэргээр 2012 оны хоёрдугаар сарын 2-нд 30 жилийн хорих ял оноосон ч Улаан Кхмерийн шүүх буюу Камбожийн шүүхийн тусгай танхимаас энэ шийдвэрээ сунгаж бүх насаар хорих ял болгосон юм. Канг Кек Иеу өдгөө 71 настай. Харин Кхиеу Самфан болон Нуон Чеаны эхний шүүх хурал дээр хотын иргэдийг хөдөө орон нутгийн хөдөлмөрийн лагерьт хүчээр аваачиж олон цагаар хүнд хөдөлмөр хийлгэсэн хэргээр голчлон шүүсэн юм. Харин хоёр дахь удаагийн шүүх хурал дээр тэднийг Камбожийн үндэсний цөөнхийн бүлгээс олон зуун мянган хүнийг хөнөөсөн хэргийг хэлэлцжээ. Харин албадан гэрлүүлсэн болон хүчингийн асуудлыг шүүх ажиллагаанаас хасчээ. Учир нь Улаан Кхмерүүдийн үед албадан гэрлүүлэх болон хүчингийн хэрэг газар авч, аймшигт тоо баримт үлдсэн бөгөөд энэ тухай олон нийтэд дэлгэхээс цааргалж, нуусан юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)