В.Путин: Амьдрал гол хуульдаа өөрчлөлт оруулахыг шаарддаг

Оросын Ерөнхийлөгч В.Путин Үндсэн хууль тогтвортой байх ёстой боловч амьдрал шаардсан тохиолдолд өөрчлөлт оруулж болно гэдгийг өнгөрсөн даваа гаригт хэлжээ. Тэрбээр Үндсэн хуулийн шүүхийн гишүүд, тухайлбал, Ерөнхий шүүгч Валерий Зорькинд хандан Санкт­Петербург хотноо үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. В.Путин ирэх баасан гаригт болох Оросын Үндсэн хуулийн өдрийг угтан үг хэлэхдээ “Үндсэн хуулийн үйл явц нэг мөр дуусна гэж байдаггүй. Заримдаа амьдрал гол хуульдаа өөрчлөлт оруулахыг шаарддаг” гэжээ. Мөн “Үндсэн хуулийн хэв хэмжээг байнга задлан шинжилж, асар хурдтай өөрчлөгдөж буй бодит амьдралд хэрэглэж, эрх зүйн хүрээн дэх хэрэглээг нь судлан, ирээдүйг нь харах чадвартай байх хэрэгтэй. Энэхүү “амьд” Үндсэн хуулийг бүтээх үйл хэрэгт мэргэжил нэгт та бүгдийн хувь нэмэр нэн чухал” гэсэн байна. Ерөнхийлөгч “амьд” хууль гэдэг нь тухайн бичвэр хэвээр ч гэсэн түүнийг шинээр тайлбарласнаар “Үндсэн хууль илүү агуулгатай, орчин үеийнх болно” хэмээн мэдэгдсэн аж. Тэрбээр Үндсэн хууль тогтвортой байх ёстойг хэд хэдэн удаа онцолжээ. Оросын Төрийн тэргүүн “Манай Үндсэн хууль эрх зүйн бат суурьтайгаас гадна тогтортой шинжтэй” гэжээ. Түүнчлэн “Үндсэн хууль цаг үеийн улс төрийн аливаа ашиг хонжоо харж, үндэслэлгүйгээр халдахаас баттай хамгаалагдсан. Үндсэн хуулийн зарчим, хэм хэмжээ тогтвортой байх нь манай орныг амжилттай хөгжих, нийгмийн эв нэгдлийг хангах үндсэн нөхцлүүдийн нэг юм” гэжээ. В.Путинийг Засгийн эрх барих хугацаанд Оросын Үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж байж. Тухайлбал, 2008 оны сүүлээр Төрийн Думаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаааг дөрөв байсныг зургаа, Думын бүрэн эрхийн хугацаа дөрөв байсныг тав болгон өөрчилсөн юм. Энэ нэмэлт, өөрчлөлтийг оруулахын тулд Үндсэн хуулийн бичвэрийг өөрчилсөн байдаг. Тухайн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бүх ард түмнээр хэлэлцүүлээгүйг Оросын сөрөг хүчний төлөөлөгчид шүүмжилж байж. Хоёр дахь томоохон өөрчлөлтийг энэ оны эхэнд хийжээ. Нэмэлт өөрчлөлтөөр Дээд болон Тэргүүн дээд арбитрийн шүүхийг нэгтгэх боломжтой болсон байна. Энэ өөрчлөлтийг мөн өргөн олон түмнээр хэлэлцүүлээгүй. Оросын шинэ Үндсэн хуулийг 1993 оны арванхоёрдугаар сарын 12­ны өдөр баталсан байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)