П.Порошенко Дэлхийн банкны тухай А.Меркельд гомдолложээ

Ерөнхийлөгч П.Порошенко Германы канцлер А.Меркельтэй Украинд үзүүлэх санхүүгийн тусламжийн тухай утсаар ярилцжээ. Тэрбээр А.Меркель олон улсын санхүүгийн байгууллагууд цаг тухайд нь тусламж үзүүлэхгүй байгаа тухай өгүүлсэн байна. П.Порошенко энэ үеэр Украин улс шинэчлэлийн хөтөлбөр болон 2015 оны төсвийн төсөл бэлэн болсныг хэлсэн аж. Түүнчлэн тэд Украины зүүн хэсэгт сөргөлдөгч талуудын оролцоотой гурван талт харилцах группийн видео хурал хийдэг болсон нь Донбассын бүс нутаг дахь зөрчилдөөнийг шийдвэрлэхэд нааштай өөрчлөлт гаргасан гэж үзжээ. ОУВС-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард тогтворжуулах хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Украинд хоёр жилийн хугацаанд 17 тэрбум ам.доллар олгох юм. Үүнээс 3.16 тэрбумыг Украин өнгөрсөн тавдугаар сард, хоёр дахь хэсгийг(1.39 тэрбум) есдүгээр сард хүлээн авсан аж. Зээлийн ээлжит хэсгийг энэ сард олгох ёстой боловч ирэх оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулжээ. Өмнө нь Украины эрх баригчид Европын холбооноос санхүүгийн тусламж үзүүлэх гурав дахь шатны хөтөлбөрөө эхлүүлж, хоёр тэрбум евро олгохыг хүссэн юм. Харин Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсвийн боломж байхгүй гэдгийг энэ сарын 18-ны өдөр мэдэгдсэн байна. Мөн Европын холбоог өргөжүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай харилцах асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Йоханнес Хан Брюссель Украиныг зөвхөн бодит үр дүн бүхий шинэчлэл хийсэн тохиолдолд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)