Б.Обама Энэтхэгийн үндэсний баярын жагсаалд оролцов

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад албан айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь түүний тус улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрбээр Дели хотод болсон Энэтхэгийн тусгаар тогтнолын баярын жагсаалын хүндэт зочноор оролцсон байна. Б.Обама энэхүү баярын жагсаалд оролцсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ. Уг баярын жагсаалыг 1950 оноос хойш жил бүр зохион байгуулсаар иржээ. Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц баярын жагсаалд анх удаа оролцсон нь онцгой үйл явдал байв. Баярын жагсаалын үеэр үймээн самуун дэгдэхээс урьдчилан сэргийлж Энэтхэгийн цэрэг, цагдаагийн 45 мянган ажилтан хамгаалалтад ажиллажээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн амь насанд халдах, алан хядах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, жагсаалын зам дагуу 15 мянган ажиглалтын камер суурилуулсан байна. Энэтхэг улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын Ерөнхий сайд Нарендра Модийн хамт бизнес форумд зочилжээ. Уг форумд хоёр улсын тэргүүлэгч компанийн төлөөлөл оролцсон юм. Мөн Б.Обама Энэтхэгийн үндэсний баатар Махатма Гандийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа олон салбарт тасалдаад байсан билээ. Харин энэхүү айлчлал Энэтхэг, АНУ-ын харилцаанд эерэг хандлага авчирна гэж барууны хэвлэлүүд онцолж байна. Ялангуяа айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засаг, цөмийн эрчим хүч, цэрэг, армийн салбарт хамтран ажиллах зэргээр хоёр улсын хамтын ажиллагаа шинэ төвшинд очих бололтой.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)