Л.Энхсайхан: Мэдрэлийн ядаргаанд ороход сэтгэл хямрал хамгийн их нөлөөлдөг

Хавар болохоор хүмүүсийн ажлын бүтээмж буурдаг. Үүнийг хүмүүс хаврын ядаргаатай холбон тайлбарладаг. Тиймээс энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч Л.Энхсайхантай ярилцлаа. 
 

-Хавар болохоор хүмүүс ядаргаанд орлоо гэдэг. Мэргэжлийн хүний хувьд үүнд тайлбар өгнө үү? 
 

-Хаврын улиралд хүн ядарч, сульдан өвчинд өртөмтгий болдог нь олон шалтгаантай. Тухайлбал, хавар болохоор улирал солигдож, өвлийн хүнд ширүүнийг дөнгөж давсан үед ядрах нь бий. Энэ үед хүний бие махбодь хүйтнээс дулаантай зохицоход өөрчлөлт гардаг. Тиймээс өвчлөх, ядрах эрсдэл өндөр байдаг. Үүнийг л хүмүүс хаврын ядаргаа гэж нэрлээд байгаа юм. Нөгөө талаар намар, өвлийн улирал дамжиж ажиллаж байгаа нь ядаргаанд ороход нөлөөлдөг. Хүмүүс ээлжийн амралтаа ихэвчлэн зун авдаг. Үүнээс харахад 7-8 сар завсар чөлөөгүй ажилласнаас хүн ядаргаанд орж байна гэсэн үг. Ажлын ачаалал, сэтгэлийн дарамт улирал солигдох гэх мэт хүчин зүйлс нь хүний бие махбодийг ядрамтгай, өвчинд амархан өртөмтгий болгож байна. 
 

-Сүүлийн үед залуус мэдрэлийн ядаргаанд орох болжээ. Энэ нь юунаас үүдэлтэй вэ? 
 

-Мэдрэлийн ядаргаанд орж байгаа гол шалтгаан нь хэт их ажилласантай холбоотой гэж хүмүүс ойлгодог. Тэгвэл үүнээс гадна сэтгэл хямрах нь мэдрэлийн ядаргаанд ороход хамгийн их нөлөөлдөг. Сэтгэл хямрал гэдэг нь өөрийн дургүй, таагүй ажил хөдөлмөр удаан хугацаагаар хийх, мөнгө санхүүгийн асуудал, гэр орны тааламжгүй байдал зэрэг сэтгэл санаа зовоосон асуудалтай холбоотой. Үүнээс болж залуус мэдрэлийн ядаргаанд орж байна. Түүнээс биш хүн дуртай ажлаа хэдэн цагаар ч хийсэн бие махбодь нь ядарна уу гэхээс мэдрэлд нөлөөлөхгүй.
 

 -Ядаргаанд орсон хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ? 
 

-Нойр муудах, өдрийн цагаар нойрмоглох, анхаарал төвлөрөхгүй болох, юм ойлгох нь муудаж, амархан мартах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хоолны шингэц муудахаас гадна төрөл бүрийн ужиг өвчин сэдрэх тохиолдол бий. Тухайлбал, зүрх, ходоод өвдөх гэх мэт бие махбодийн зовиураар илэрч болно. Учир нь, мэдрэлийн тогтолцоо өөрөө зөвхөн сэтгэн бодохоос гадна дотор эрхтний бүхий л үйл ажиллагааг уялдуулан зохицуулж байдаг. Тиймээс мэдрэлийн ядаргааны шинжүүд нь дотор эрхтний үйл ажиллагааны алдагдал, хямралаар илэрдэг. 
 

-Хүмүүс ядаргаанд орлоо хэмээн өөртөө онош тавьж эм тариа, амин дэмийг дураараа хэрэглэдэг. Ер нь энэ өвчнийг хэрхэн эмчлэх вэ? 
 

-Ядаргааг эм тариагаар эмчилнэ гэсэн ойлголт байхгүй. Юунаас болсон, яавал ядаргааг тайлж болох вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Хамгийн гол нь хувь хүн өөрийн тогтсон хэвшлийг өөрчлөх нь хамгийн зөв арга. Түүнээс биш зүгээр гэртээ унтаад байхыг ядаргаа тайлах гэхгүй. Хүн гурав хоног гэрээсээ гарахгүй унтахад тэрнээсээ их ядардаг. Тиймээс суугаа ажил хийдэг хүн хөдөө явж, ногоо тарьж, ой модоор алхаж, спортоор хичээллэх гэх мэт байнга хийдэг ажлаа өөр сонирхолтой байдлаар орлуулж ядаргаагаа тайлна. Мөн нойр дутуу явсан бол тодорхой хугацаанд унтаж биеэ амраах, хэт их унтсан бол сэргэлэн цовоо байж гадуур явах гэх мэтээр яавал мэдрэлийн тогтолцоогоо сэргэхээр байгааг туршиж үзэх хэрэгтэй. Харин амин дэмийг үүндээ нэмэр болох үүднээс хэрэглэж болно. Тэгэхдээ амин дэмийг тарьснаас уух нь илүү хүний биед тохиромжтой. Учир нь тариа нь арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, эрсдэлтэй байдалд оруулдаг. 
 

-Ядаргааг эмчлэхдээ яргуй идсэн ямааны мах, халиартай хуушуур идэх зэрэг уламжлалт аргаар их эмчилдэг шүү дээ. Энэ оновчтой эмчилгээ вэ? 
 

-Таны дурдсанчлан маш олон арга байдаг. Энэ аргууд нь байж болно. Гол нь жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн учир хор нөлөөгүй, элдэв химийн бодисгүй органик байдаг учир хүний бие махбодид шингэц нь илүү зохимжтой байдаг.

 

-Хүүхэд, хөгшид ядаргаанд орох нь элбэг тохиолддог уу. Энэ өвчин хэр хүнд тусдаг вэ?

 

-Хүүхэд ядрахаа мэдэхгүй, сэтгэлийн дарамтад бага ордог тул ядаргаанд ордоггүй. Харин хавар, намрын үед дархлаа нь сулардаг. Үүнтэй холбоотой өвчлөмтгий болох тал бий. Мэдрэлийн ядаргаанд насанд хүрэгчид илүү өртдөг. Хөгшчүүдийн хувьд ажил хийхгүй гэрт сууна гэдэг хамгийн их ядаргаанд хүргэдэг. Энэ нь мэдрэлийн ядаргаа үүсгэх гол шалтгаан нь болдог.

 

М.ЭНХЦЭЦЭГ
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (112.72.13.244)

    2015-05-02

    mongoliin uls tur niigmees bolj ard tumeen bugdeeree medreliin yadargaand orchihson bgaa, udur bolgonii taagui taalamjgui medee medeelel ch setgel sanaand mash ih nuluuldug, buh hun ur zeeltei mungunii asuudaltai taivan bus baingiin daramt stresstei, deerees ni ail bolgond neg arhichin hulgaich baidagtai holbootoi medreliin yadargaa deed tsegtee hureed galzuurahad gants huruu dutuu medrel muutai uls bolson, ene baidlaas uhaalag tur l ard tumnee avarch yadargaagui stressgui bolgoh baih daa, uneheer daramttai amidraliig mongolchuud l edelj baigaa sgd

  • ЗОЧИН (122.201.24.202)

    2015-05-02

    ОДООГИЙН ЗАЛУУС ГЭРТЭЭ БАЙГАА ЭЭЖ ААВ ЭМЭЭ ӨВӨӨГӨӨ ЯМАР ИХ СЭТГЭЛИЙН ЯДАРГААНД ОРУУЛЖ БАЙГААГ ЭНДЭЭС ОЙЛГООСОО ДОО.ГЭРИЙН АЖИЛ БОЛ МАШ ИХ СТРЕССТЭЙ БАЙДАГ.ӨӨРСДӨӨ БОЛОХООР ГАДУУР НАЙЗ НӨХӨД ГЭХ МЭТЭЭР УДААН ХУГАЦААГААР ЯВААД СТРЕССЭЭ ТАЙЛДАГ БАЙЖ ГАНЦ Ч УДАА ГЭСЭН ГЭРТЭЭ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ОЙЛГОХГҮЙ БОЛ ИЙМ БАЙДАЛД ОРНО ГЭЖ ОЙЛГОХ ЧАДВАРТАЙ ЗАЛУУС ХОВОР БОЛЖЭЭ.НОМ УНШИХГҮЙ БАТ-ОТГОНЫ ЛЕКЦИЙГ СУДАЛМААР ШҮҮ МОНГОЛЧУУДАА