Си Зиньпин Тайваньтай эрх тэгш харилцахыг уриалав

 Хятадын удирдагч Си Зиньпин болон Тайваний эрх баригч Үндэсний (хуучин Гоминьдан) намын тэргүүн Эрик Чу нар Бээжин хотноо өчигдөр хэлэлцээр хийжээ. Уулзалтын үеэр Эрик Чу түүний удирдаж буй нам Тайванийг эх газрын Хятадтай нэгдэх бодлого баримтлалаа илэрхийлсэн байна. Харин Хятадын удирдагч Си Зиньпин хоёр тал эрх тэгш хэлэлцээр хийж, улс төрийн зөрөлдөөнтэй асуудлуудаа шийдвэрлэх гарцыг идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэйг хэлсэн аж. Гэхдээ Хятадын Төрийн тэргүүн Тайвань улс Хятадын нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэгжих боломжтой гэдгийг өгүүлсэн байна. Гэвч олон жил Хятадтай бараг харилцаагүй явсан арлын оршин суугчдын нэлээд хэсэг нь өөрсдийгөө эх газрын Хятадын нэг хэсэг гэсэн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш. Хоёр удирдлагын хувьд энэ бол сүүлийн зургаан жилийн хугацаанд уулзаж буй анхны тохиолдол юм. Хятад, Тайваний удирдагчид Ардын төлөөлөгчдийн хурлын танхимд гар барьж буй дүрс бичлэгийг Хятадын төв телевизээр дамжуулсан байна. Тайваньд 2008 онд Ма Ин Жү Ерөнхийлөгч засгийн эрхийг авсны дараа Хятад, Тайваний харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн боловч хоёр орны хувьд чухал улс төрийн ирээдүйн тухай шууд хэлэлцдэггүй байв. Тайваний иргэдийн нэг хэсэг Хятадтай ойртвол нутагтаа бий болсон ардчиллын үр хөврөлийг Хятадын коммунист дарангуйлал үгүй хийнэ гэж эмээдэг. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард олон мянган залуус парламентын байрыг эзэлж, эх газрын Хятадтай байгуулахаар төлөвлөсөн худалдааны гэрээг эсэргүүцсэн юм. Үүнээс гадна Үндэсний намынхан өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар өрсөлдөгч Ардчилсан дэвшилтэт намынханд олон суудал алдсан. Үндэсний намын тэргүүн Эрик Чу ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн боловч түүнийг нэр дэвших хамгийн их магадлалтай хүмүүсийн нэг гэж үздэг. Хятадын иргэний дайнд ялагдал хүлээсэн Гоминьданы намынхан Тайваний аралд бүгэж, Бүгд Найрамдах Хятад Улсыг тунхаглаж, хэсэг хугацаанд НҮБ-д Хятад орныг төлөөлөн хуралдаж байсан түүхтэй. Харин Хятадын эрх баригчид тус арлыг өөрийн нутгийн нэг хэсэг хэмээн үздэг. Тайваньд Гоминдань нам 2008 онд дахин барьж эхэлснээс хойш хоёр талын харилцаа сайжирч, эдийн засаг, улс төрийн хэлхээ холбоо нэмэгдэх болсон.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)