Олон улсын эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 5–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид, хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулан сурталчлах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сү Нуюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Наоми Китахари, Монголын эх баригч нарын нийгэмлэгийг үндэслэгч, Японы Эх баригч нарын нийгэмлэгийн тэргүүн Киёка Окамото нар болон 200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэхүү арга хэмжээг нээж Дэд сайд Д.Атармаа үг хэлэхдээ, “Монгол Улс нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлоготой орон. Төрөлтийн тоо 2007 оноос тууштай өссөн бөгөөд 2013 онд 79780, өнгөрсөн онд 81715 хүүхдийг эх баригчид маань эсэн мэнд төрүүлсэн бол энэ онд гурван сая дахь иргэнээ хүлээн авсан түүхэн үйл явдал болсон нь эх баригчдын ажлын амжилт, Монгол Улсын хүн амыг өсгөхөд оруулж буй том хувь нэмэр юм” гэдгийг онцлов. Айл гэрт аз жаргал бэлгэддэг энэхүү баярын өдөр “Анхны тэврэлт” аяны тэргүүн байрыг “Хүрээ” амаржих газрын эх баригч Н.Цэнгэл, удаах байрыг Дорноговь аймгийн эх баригч У.Алтанцоо, гуравдугаар байрыг “Амгалан” амаржих газрын эх баригч Х.Цэвэгмид нар хүртэж, энгэрээ мялаасан бол тус аянд амжилттай оролцсон эх баригчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, яамны жуух бичгээр шагналаа.

 

Ц.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)