Б.Обама Хятадын эсрэг хориг арга хэмжээ зэхжээ

 

Б.Обамагийн засаг захиргаа хакеруудын халдлагаас ашиг хүртэж буй гэх Хятадын бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ бэлтгэж буйг“Вашингтон пост” сонин мэдээлжээ. Ерөнхийлөгчийн тогтоол батлагдсанаар хакерын халдлага үйлдсэн, үүнээс ашиг хүртсэн хэмээн сэжиглэж буй компаниудын хөрөнгийг битүүмжлэх боломжтой болно. АНУ-ын засаг захиргааныхан энэхүү хоригийг хэрэглэх эсэхээ ойрын хоёр долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх гэнэ. “Бид эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаатай тэмцэхээр зорьж байна гэсэн илэрхий дохиог Бээжингийн удирдлагад илгээж, хувийн хэвшлийнхэнтэй санаа нэг байгаагаа харуулна” хэмээн сонины эх сурвалж өгүүлсэн байна. Гэхдээ засгийн газрын мэдлийн мэдээллийн санд нэвтэрсэн тохиолдолд энэхүү хоригийг хэрэглэхгүй аж. Хоригийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэвэл хоёр их гүрний харилцаанд эмзэг тусна гэдгийг нийтлэлд өгүүлсэн байна. АНУ-ын зүгээс Хятад, Оросын зүгээс хакерын халдлага үйлдсэн хэмээн байнга буруутгадаг. Тухайлбал, 2011 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Үндэсний сөрөг тагнуулын байгууллагаас бэлтгэсэн тайланд Орос, Хятадын хакерууд интернэтийг ашиглан эдийн засаг, батлан хамгаалахын мэдээлэл бүхий хамгаалалттай серверт нэвтрэхийг хамгийн их оролддог тухай өгүүлсэн аж. Харин Хятадын эрх баригчид энэ бүх мэдээллийг үгүйсгэдэг юм. Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдал, юанийн ханшийг бууруулсан зэрэг олон асуудлаар хоёр орон санал зөрөлдөөнтэй байдаг. Хятадын удирдагчийн АНУ-д хийх айлчлалын үеэр энэ бүх асуудлыг хэлэлцэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)