Бразил, Аргентины хөлбөмбөгийн шигшээ зэрэг хожигдлоо

 

ОХУ-д хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 2018 оны дэлхийн цомд өрсөлдөх багуудын сонгон шалгаруулалт таван тивд үргэлжилж байна. Энэ сарын 8-нд Өмнөд Амеркийн бүсийн урьдчилсан тэмцээний тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн хоногт эхний тойргийн тулаан болоход Эквадор-Аргентин 2:0, Чили-Бразил 2:0, Колумб-Перу 2:0, Уругвай-Болив 2:0, Парагвай-Венесуэль 1:0-ээр хожлоо. Харин өнөө шөнө Эквадор-Болив, Уругвай-Колумб, Парагвай-Аргентин, Бразил-Венесуэль, Перу-Чилийн шигшээ баг тоглоно.

 

“World Cup 2018”-ын сонгон шалгаруулалтын Өмнөд Америкийн бүсийн тэмцээн сонирхолтой явагдах нь эхний тойргоос харагдаж байна. Энэ бүст дэлхийн аварга цол хүртсэн гурван улс байдаг. Харин 1958, 1962, 1970, 1994, 2002 оны дэлхийн аварга Бразил, 1978, 1986 оны дэлхийн аварга Аргентин өрсөлдөгч багууддаа хожигдлоо. Ганцхан 1930, 1950 оны дэлхийн аварга Уругвай тивийнхээ даруухан шигшээ Боливийг нутагт нь 2:0-ээр хожсон юм.

 

Мөн үзэгчдийн хүсэн хүлээсэн сонирхолтой оноолт нь Аргентин-Бразил билээ. Дээрх хоёр баг ирэх сарын 13-нд Буэнос Айрес хотод тоглоно.

 

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатанд таван тивийн 200 гаруй улс оролцож байна. Манай улсын хувьд Азийн бүсийн эхний шатанд Зүүн Тиморт 4:1, 1:0-ээр хожигдож, тэмцээнээ дуусгасан.

 

Одоо манай тивийн сонгон шалгаруулалтын хоёрдугаар шат үргэлжилж байна. Тэднээс Йордан, Катар, Саудын Араб, Иран, Япон, Тайланд, БНАСАУ, БНСУ-ын шигшээ хэсэг тус бүрээ тэргүүлж байгаа аж.

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)